Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн
хэрэгслээр цагдаагийн байгууллага, алба хаагчид баялаг бүтээгчдийг
дарамталж, хууль бус үзлэг шалгалт хийж, айдас төрүүлж буй тухай
мэдээлэл цацагдсантай холбогдуулан иргэд, олон нийтэд бодит байдлыг
хүргэх зорилгоор албан ёсны мэдээллийг хүргэж байна.
Юуны өмнө цагдаагийн байгууллага хуулиар
хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам
хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ төрийн болон
төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгт түшиглэн
хэрэгжүүлдэгээ илэрхийлье.
Улс орны төсвийн тодорхой хэсгийг
бүрдүүлж байдаг баялаг бүтээгч буюу татвар төлөгчдийн мөнгөөр төрийн
бүхий л байгууллага алба хаагчдаа цалинжуулж, нийгмийн халамж
шаардлагатай байгаа олон хүн тэтгэмж, тусламж хүртэж байдгийг бид бүхэн
сайн мэднэ.
Манай улсын баялаг бүтээгчдийн дийлэнх
нь шударгаар татвараа төлж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж
байгаа боловч төрийн хайр хишгийг умартан олсон орлогоо нуун, татвараас
зайлсхийж, хууль бус үйлдэл гаргадаг хэсэг ч байсаар байна.
Хууль бус үйл ажиллагаа явуулж буй
байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд цагдаагийн
байгууллага зөвхөн хууль тогтоомжийн хүрээнд татвар болон бусад хууль
хяналтын байгууллагуудтай хамтран хяналт тавьж, гэмт хэрэг, зөрчлийг
шалгаж, зөрчил дутагдлыг засуулах арга хэмжээ авч ажилласаар ирсэн.
Гэвч сүүлийн үед цагдаагийн
байгууллагаас татвар төлөгч, баялаг бүтээгчдийг дарамталж байгаа болон
тодорхой бус тоо баримтын талаар жирийн иргэнээс УИХ-ын гишүүн хүртэл
ярьж, бичиж, олон нийтэд ташаа мэдээлэл өгч байгаад харамсаж байна.
2012 оноос хойш цагдаагийн байгууллагад
татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил гаргасан 5537 аж ахуйн нэгжийн 1.8 их
наяд төгрөгийн хохиролтой нийт 177 эрүүгийн хэрэг шалгагдсан.
Одоогийн байдлаар 732 аж ахуйн нэгжид
холбогдох 24 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа
ба үүнээс аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас зайлсхийсэн 10,
гаалийн албан татвар төлөөгүй 1 хэрэг, бусад 13 хэрэг нь НӨАТ-тай
холбоотой хэрэг юм.
Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 12
дугаар сарын 15-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын өр төлбөртэй
холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн болон энэ чиглэлээр
шалгагдаж байгаа хэрэг, зөрчлийг татварын өр төлбөрөө бүрэн барагдуулсан
тохиолдолд хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс
татгалзах, хэрэгсэхгүй болгох арга хэмжээ авч шийдвэрлэх үүрэг,
чиглэлийн хүрээнд 2015 оны 05 дугаар сарын байдлаар 332 аж ахуйн нэгжээс
18.956.323.461 төгрөгийн хохиролыг нөхөн төлүүлж, 180.0 сая төгрөгийн
эд хөрөнгийг битүүмжилсэн байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан
дээр 175,550,000 төгрөг хүрэхгүй үнийн дүн бүхий хий бичилт хийсэн буюу
эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй, давхардсан тоогоор
3051 аж ахуйн нэгжид холбогдох /553,112,802,783 төгрөгийн/ үйлдэл нь
эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй тул захиргааны арга хэмжээ авч
нөхөн татвар, торгууль, алдангийг төлүүлэхээр аж ахуйн нэгжийн нэрсийг
Татварын ерөнхий газарт хүргүүлсэн.
Төрөөс баримталж буй үндэсний баялаг
бүтээгчдийг дэмжих бодлогын хүрээнд цагдаагийн байгууллага бизнес эрхэлж
буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд дарамт,
шахалт, хүнд суртал учруулахгүйгээр хууль тогтоомжийн дагуу татварыг
төлүүлэн, хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч, энэ чиглэлээр
өөрийн харьяа байгууллага, нэгжүүддээ тодорхой үүрэг, ажлын чиглэл өгч,
хэргэжилтэд хяналт тавин ажиллаж байгаа.
Нийгэмд болж буй эерэг сөрөг аливаа
асуудлыг бодит баримтан дээр үндэслэн хөндөж санал бодлоо илэрхийлж буй
иргэдэд талархахын зэрэгцээ та бүхэнтэй цагдаагийн байгууллага байнга
хамтран ажиллахаа илэрхийлж байна.
Цагдаагийн байгууллагын зүгээс ямар ч
хууль бус үйл ажиллагаатай тэмцэхдээ хэнээс ч хараат бус байж, хууль
тогтоомжийн хүрээнд ажиллах болно.