Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Девис: Монголд сайн засаглал хэрэгтэй байна

Австралийн эдийн засагч Деррин Девис “Байгалийн нөөцийн эдийн засаг” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Дэлхийн 13 оронд ажилласан. Монголд хэрэгжүүлж байгаа “Хүр­тээмжтэй эдийн засгийг дэмжих төсөл”-ийн зохицуулагч юм.

-Яагаад Монголд энэ төслийг хэрэгжүүлэх болов?

-Сүүлийн 12 жил монгол­чууд­тай хамтран ажиллаж байна. Өмнө нь хэд хэдэн төсөл дээр ажиллаж байсан. Олон газраар явж, олон ч танилтай болсон. “Хүртээмжтэй эдийн засгийн өсөлт” төслийн зорилго бол бодлого боловсруулагчид, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн анхаарлыг хүртээмжтэй өсөлтийн үзэл санаанд хандуулах. Улмаар хөгжлийн төлөвлөгөө, эдийн засгийн баримт бичигт тусгах зорилготой.

-Сүүлийн үед олон оронд орлогын ялгааг арил­гах тухай ярьж байна. Энэ төслийн нэг зорилго мөн үү?

-Энэ төслийн хүрээнд орлогын ялгааг багасгах үзэл санаа бий. Гэхдээ энэ нь төслийн үндсэн зорилго биш. Орлогоос өөр олон хүчин зүйлс хүртээмжтэй өсөлтийг бий болгоход нөлөөлдөг. Зарим оронд орлогын ялгаа өндөр боловч эдийн хүртээмжтэй өсөлт хангагдсан байдаг. Хүртээмжтэй өсөлт төслийн гол санаа нь нийтээрээ тэгш боломжоор хангагдах. Хүмүүст хөдөлмөрлөх болон бусад олон боломжийг тэгш эдлүүлэх хэрэгтэй. Ажлын байрнаас эхлээд аливаа бизнес эрхлэх, амьдрах орон нутгаа сонгох, мэдээлэл олж авах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх гээд иргэдэд шаардлагатай боломжийг эдлүүлсэн цагт нийтээр эдийн засгийн өсөлтөд хамрагдах боломжтой болно. Төр бүх зүйлийг иргэнд хийж өгөх боломж байдаггүй. Харин иргэдэд боломж олгосноор тэд өөрсдийн амьжиргааг дээшлүүлээд зогсохгүй бусдын хэрэгцээг хангаж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж гардаг.

-Либералууд төр иргэ­дийн орлогыг зохицуулах эрхгүй гэж үздэг шүү дээ?

-Бид зах зээлийн эдийн засагт үнийг эрэлт, нийлүүлэлт зохицуулна гэдэг зарчмыг баримталдаг. Иргэдийн орлогыг төр засгаас тогтоох тухай санаа байхгүй.

-Хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн тухай ойлголтыг нийгэмд хэрхэн хүргэх вэ?

-Эхний ээлжинд хүртээмж­тэй өсөлттэй холбогдуулаад ямар хөрөнгө оруулалтын төсөл байж болох талаар зөвлөмж боловсруулна. Дараа хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллана.

-Танай төсөл богино хугацаанд хэрэгжинэ. Хөрөнгө оруулалт орж ирж амжих уу?

-Мэдээж энэ богино хугацаанд хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Манай төсөл ч хөрөнгө оруулалттай хамаа­ралгүй. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудад хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд ямар хөрөнгө оруулалт нэн тэргүүнд шаардлагатай байж болох вэ гэсэн зөвлөмжийг өгнө.

-Грек улсын эдийн засагт социалист элемент нэмэгдсэнээр хүнд байдалд орсон гэдэг. Манай эдийнзасгийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна?

-Грек, Итали зэрэг орнуудад социалист элемент нэмэгдсэнээр эдийн засаг хүндэрсэн гэдэг нь үнэн. Тэнд халамж нэмэгдэж, ажлын байрыг хатуу хяналтад оруулах зэрэг ажлыг төр хийсэн. Монгол Улсын хувьд бол өнөөдөр эдийн засаг нь таагүй байгаа нь үнэн. Төсвийн алдагдал их хэмжээтэй. Гэхдээ их хэмжээний байгалийн баялагтай. Аливаа нийгмийн асуудлыг маш зөвөөр шийдэж чадвал төлбөрийн чадвар өндөртэй орон. Одоо Монголд маш сайн засаглал хэрэгтэй байна. Баялгаа зөв удирдаж чадвал маш их боломж бий. Тиймээс эдийн засгийн ирээдүйг сайнаар төсөөлж болно.

-Оюу толгойн ордыг цааш нь явуулах болсонд нэлээн маргаан үүсч байна. Энэ тухай ямар бодолтой байна?

-Би нарийн мэдээлэлгүй учраас энэ тухай айхтар дүгнэлт хиймээргүй байна. Энэ төсөл дэлхийд томоохонд ордог. Ажлын байр, ханган нийлүүлэлт гээд олон талын ашигтай байх гэж төсөөлж байна. Ядаж л улирлын чанартай явагддаг ажил бүтэн жилийн турш явагдах нь багагүй ашиг авчрах байх гэж бодож байгаа.

-Танай нэг уурхай усанд автаад манай эдийн засгийн өсөлт 17 хувь хүрсэн түүх бий. Одоо тэр уурхай гайгүй юу?

-Тийм юм болсон. Зарим газар хохирол хүлээхэд өөр газар ашиг болж очдог тогтолцоо үйлчилж байна. Гэхдээ дахиад тийм юм болохгүй гэдэгт найдаж байна. (инээв)

-Танайхаас БНХАУ-д нийлүүлдэг нүүрс 300 хүрэхгүй км-ээс зөөж байгаа манай нүүрснээс яагаад хямдхан байна?

-Олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Миний мэдэж байгаагаар их хэмжээний нүүрсийг далайгаар тээвэрлэхэд зардал бага гарна. Мөн тухайн боомтуудад манай уурхайнуудын төлөөлөгч нар байдаг. Энэ нь бас зардал бууруулах нэг боломж. Дээр нь үнэ тохиролцох маш сайн зохицуулалтыг чадварлаг менежерүүд хэрэгжүүлж байна.

-Баялгийн сангаар хөл дээрээ боссон орнууд уул уурхайн маргааныг яаж шийдвэрлэдэг вэ?

-Австралид гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг зохицуулдаг байгууллага байдаг. Аливаа хөрөнгө оруулалттай холбогдсон маргааныг тус байгууллага шийдвэрлэнэ. Энэ байгууллага тухайн хөрөнгө оруулалт нь Австралийн хууль, тогтоомжтой зөрчилдөж байгаа эсэхийг л хянана.

-Хороог хэн, ямар албан тушаалтнуудаас байгуулдаг вэ?

-Хороо парламентын хяналтад үйл ажиллагаа явуулна. Гүйцэтгэх захирлаас бусад нь мэргэжлийн улсууд байдаг.

-Мэргэжлийн улсууд гэдэг нь?

-Засгийн газраас хууль тогтоомжоо мэддэг цөөн хүн л орж болно. Бусад нь гадаад худалдаа, хөрөнгө оруулалт бусад эрх зүйгээр мэргэшсэн мэргэжилтнүүд байдаг. Манай төв банк ч ийм зохион байгуулалтай. Бүтцийн асуудал дээр сонирхлын зөрчил байгаа эсэхийг л сайн хянах хэрэгтэй.

-Хууль тогтоох байгууллагад уул уурхайн орд эзэмшигч байдаг уу?

-Хууль тогтоох байгуул­лагад сонгогдохоос өмнө хөрөнгө, орлогын мэдүүлгийг маш сайн нягтална. Тухайн салбарын асуудлыг хэлэлцэхэд тэр салбарт өмч эзэмшигч, хөрөнгө оруулагч гишүүн асуудал хэлэлцэхэд оролцохыг хориглодог.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *