Categories
мэдээ нийгэм

“Хавдрын эсрэг үндэсний аян” тав дахь жилдээ хэрэгжиж байна

“Хавдрын эсрэг үндэсний аян” нь
хавдраас сэргийлэх талаар хүн амын эрүүл мэндийн боловсролыг
дээшлүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг,
шинжилгээнд хамруулах, хавдрыг эрт үед нь оношлох, орон нутгийн эмч,
эмнэлгийн мэргэжилтнүүдэд хорт хавдрын эрт илрүүлэлт, хавдрын
оношлогоо, эмчилгээний чиглэлээр сургалт зохион байгуулах, ажлын
байранд нь дагалдуулан сургаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх
зорилготой.

“Хавдрын эсрэг үндэсний аян-2015”-ын
нээлтийг тавдугаар сарын 5-ны өдөр Орхон аймагт хийж Эрүүл Мэнд,
Спортын Яамны сайд Г.Шийлэгдамба, ХСҮТ-ийн Ерөнхий захирал Л.
Төмөрбаатар, ХААН банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, МҮОНРТ болон
албаны бусад хүмүүс, Орхон аймгийн ЗДТГазар, Эрүүл Мэндийн газар,
Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, аймгийн ард иргэд өргөнөөр оролцлоо.

Одоогоор Булган, Говьсүмбэр, Дорноговь,
Өмнөговь аймгууд болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ХСҮТ-ийн
эмч, мэргэжилтний багийнхан ажиллаад байна.

Аян хэрэгжсэн аймгуудад дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэлээ.

Үүнд:

Нэг: Эрсдэлт хүчин зүйлсийн талаархи хүн амын мэдлэгийг дээшлүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил

Хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлс,
тэдгээрээс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн
мэдээлэл, суртачилгааг хүн амд хүргэж, 12 төрлийн нугалбар-12900
ширхэг, хавдрын эрсдэлт хүчин зүйлийн талаар ард иргэдэд зориулан
гаргасан сэтгүүл товхимол -1070 ширхэгийг ард иргэдэд түгээгээд байна.
Мөн үүний зэрэгцээ аяны үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл,
ярилцлагыг МҮОНРТ, UBSTV болон орон нутгийн 17 телевизээр олон нийтэд
сурталчиллаа.

Хоёр: Хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд
хэрэгжүүлдэг үйл ажиллагааны нэг нь эрсдэлт бүлгийн хүн амын дунд
урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо шинжилгээг хийдэг. Аяны үеэр
хийгдсэн хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт нийт 9120 иргэдийг
хамруулснаас хавдрын урьдал өвчин -566, хоргүй хавдар -635, хортой
хавдрын 20, хорт хавдрын сэжигтэй -94 тохиолдол, 591- эсийн шинжилгээ,
17- эдийн шинжилгээ хийсэн байна. Хорт хавдрын сэжигтэй тохиолдлуудад
нарийн шинжилгээ хийж оношийг баталгаажуулж хорт хавдар оношлогдсон
хүмүүс ХСҮТ-д эмчилгээндээ орж эхлээд байна. Аяны үеэр ХСҮТ-ийн эмч нар
хавдраар өвчилсөн 40 хүнд мэс засал орон нутагт нь хийж аймгийн мэс
заслын эмч нарыг ажлын байран дээр дагалдуулан сургалаа. Ийнхүү хавдрын
мэс заслын тусламжийг орон нутагт үзүүлсэн нь хавдрын нарийн
мэргэжлийн тусламжийг иргэдэд ойртуулсан арга хэмжээ боллоо.

Гурав: Эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалт

Аяны хүрээнд аймгийн өрх, сумын болон
БОЭТ эмч мэргэжилтнүүдийг хавдрын эрсдэлт хүчин зүйлүүд, тэдгээрээс
урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, дадлагыг дээшлүүлэх, хавдрыг эрт
илрүүлэх, хянах, хорт хавдрын эрт илрүүлгийн бүртгэл мэдээллийн талаар
хийсэн 2 кредит цагийн сургалтад нийт 272 эмч хамрагдав. Мөн аяны
2,3 дах өдөр “Хорт хавдрын үеийн сувилахуйн тусламж хорт хавдрын үеийн
хими эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ, гэрээр хийх сувилахуйн тусламж”
сэдвээр 210 сувилагчийг хамруулсан сургалтыг зохион байгуулсан.

Дөрөв: Сайн дурын идэвхтэнд зориулсан сургалт

Хүн амын дунд эрүүл зан үйлийг
төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өрнүүлэх, салбар
хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аяны хүрээнд зохион
байгуулсан бас нэг чухал ажил нь эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнг
давтан сургасан бөгөөд нийт 172 хүнийг сургалтанд хамруулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Хавдрын эсрэг үндэсний аян” тав дахь жилдээ хэрэгжихээр боллоо

Хорт хавдар нь манай орны хүн амын нас баралтын 2 дахь шалтгаан болж байгаа бөгөөд нас барж буй 5 хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас амь насаа алдаж байна. Тиймээс хавдар өвчинтэй эрчимтэй тэмцэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, ард иргэдийн эрүүл мэнд, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулах үүднээс ХААН Банк Сангаас санхүүжүүлэн “Хавдрын эсрэг үндэсний аян”-г 4 жилийн турш хэрэгжүүлсэн билээ.

Энэ жил ч мөн ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ), МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 5 дахь жилдээ хэрэгжүүлэхээр болж, хамтрагч талууд 02-р сарын 04-ний өдөр буюу “Дэлхийн хавдартай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.

Өнгөрсөн жил 9 аймагт хэрэгжүүлсэн тус аяныг энэ онд 12 аймаг, 2 суманд хэрэгжүүлэхээр ийнхүү тогтлоо. Энэ жилийн хувьд хавдрын өвчлөл өндөртэйд тооцогддог Дорноговь, Сүхбаатар, Ховд, Увс, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Говьсүмбэр, Булган, Орхон, Төв, Өмнөговь аймгууд болон Дорноговь аймгийн Замын-Үүд, Архангай аймгийн Хангай сумдад тус тус хэрэгжүүлэх юм. Сонгогдсон эдгээр аймгуудад хавдар судлалын чиглэлээр нарийн мэргэшсэн эмч мэргэжилтнүүд, сургалтын арга зүйч нарын баг тусгай маршрутын дагуу ажиллаж, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй зохион байгуулж, хавдрын мэс заслыг хийж гүйцэтгэх юм. Түүнчлэн аяны хүрээнд эмч мэргэжилтнүүд болон сайн дурынханд зориулсан сургалт, сурталчилгааг үндэсний хэмжээнд зохион байгуулах, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдээ мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах ажлыг тус тус хийх юм.

Хавдрын өвчлөл орон нутагт өндөр байгаа энэ үед “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 4 жилийн турш шат дараатайгаар зохион байгуулсан нь хавдрыг хожуу үе шатанд шилжихээс урьтаж оношлон бүрэн эмчлэх боломжийг бүрдүүлж буй үр дүнтэй томоохон ажил болж байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байна.

2011 оноос эхлэн өнөөг хүртэл орон даяар хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян” -ны хүрээнд нийт 68,700 иргэнийг үзлэг оношилгоонд хамруулж, аймаг, дүүрэг, сум, өрхийн 4171 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулж, 1363 сайн дурын идэвхтнийг бэлтгэжээ. Түүнчлэн хөдөө орон нутагт 353 орчим хорт хавдрын яаралтай мэс засал, хагалгааны тусламж үйлчилгээг үзүүлж, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байранд нь дагалдуулан сургаж, ард иргэдийг хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх зан үйлд сургахад ХААН Банк Сангаас нийт 580 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *