Categories
мэдээ спорт

Монгол Улс ОУХБХ-ны 65 дахь Их хуралд оролцлоо

Дэлхий дахины анхаарлыг татсан Олон улсын Хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/ ээлжит 65-р их хурал тавдугаар сарын 29-ний өдөр Швейцарь улсын Цюрих хотноо болж өнгөрсөн билээ.

209 орныг өөртөө нэгтгэсэн FIFA буюу ОУХБХ-нд амьдралынхаа 40 гаруй
жилийг зарцуулж, Техникийн захирлаас Ерөнхийлөгчийн албан тушаал хүртэл
дэвшин, 111 жилийн түүхтэй тус байгууллагыг сүүлийн 17 жил удирдаж буй
Швейцарийн иргэн Жозеп С.Блаттер дахин ерөнхийлөгчийн албан тушаалыг
дөрвөн жилийн хугацаатайгаар хашихаар болсон юм.

Олон улсын Хөлбөмбөгийн холбооны ээлжит 65-р их хуралд Монгол Улсаа
төлөөлж санал өгөх эрхтэйгээр Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч
Амгаланбаатарын Ганбаатар биет төлөөлөгчдийн хамт оролцоод ирсэн.
МХБХ-ны хувьд энэ удаагийн конгрессын үеэр хөлбөмбөг өндөр хөгжсөн
орнуудаас дасгалжуулагч урих, дэд бүтцээ сайжруулах болон гадаад
харилцааны чиглэлээр олон улсын хөтөлбөрт хамрагдах гарцаа амжилттай
нээсэн болохыг онцолж байна.

Нэг зүйлийг онцлоход, энэ жилийн Их хурлын зарим асуудлаар электрон
төхөөрөмжөөр санал авч, ОУХБХ өөрийн цахим хуудсаар дамжуулан дэлхий
нийтэд 65 дахь Их хурлыгшууд цацсан явдал байлаа.

Эргэн сануулахад, ОУХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Голланд улсын
иргэн, Германы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Майкл Ван Праг
(MICHAEL VAN PRAAG), Португаль гаралтай хөлбөмбөгийн амьд домог Люш Фигү
(Luis Figo), ОУХБХ дэд ерөнхийлөгч, Иордан улсын Хунтайж Али Бин Ал
хуссен (HRH Ali Bi Al Hussein) нар ноён Блаттертэй өрсөлдсөн юм. Улмаар
тодорхой шалтгааны улмаас Лю Ван Праг болон Люш Фигү нар нэрээ татаж,
ОУХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Иорданы хунтайж Али бин Ал Хуссейн,
Блаттэр нар тунаж үлдсэн юм.

Ээлжит Их хурал болохоос хоёр хоногийн өмнө ОУХБХ-ны нэр бүхий албаны
14 хүнийг АНУ-ын удирдах байгууллагын шийдвэрээр Швейцарь улсын
цагдаагийн байгууллага Цюрих хотноо баривчилсан нь дэлхий дахинд шуугиан
дэгдээсэн үйл явдал байв. Хоёр хоног тасралтгүй үргэлжилсэн эсэргүүцэл
эцэс сүүлд нь Их хурлыг хойшлуулахыг шаардахад хүргэсэн. Гэсэн хэдий ч
ОУХБХ-ны жолоог олон жил барьсан туршлагатай, ноён Блаттер тус асуудлыг
“Сонгуультай холбоогүй хэрэг” гэж тайлбарлан, ээлжит Их хурлыг товлосон
хугацаанд зарлан хуралдуулсан.

ОУХБХ-ны Сонгуулийн хороо санал өгөх эрхтэй 209 төлөөлөгчид саналын
хуудсыг гардуулж, 206 хүчинтэй саналыг хураан авсан ба бүх төлөөлөгчдийн
өмнө газар дээр нь саналын хуудсыг тоолж, сонгуулийн үр дүнг олон
нийтэд зарлахад, Хунтайж Али Бин Ал Хуссейн 73 санал, одоогийн
ерөнхийлөгч Блаттер 133 санал авсан билээ. ОУХБХ-ны дүрмийн 27.3т
зааснаар “Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхтэй нийт гишүүдийн
гуравны хоёроос дээш саналаар Ерөнхийлөгчийг тодруулах ба тус саналд
хүрээгүй тохиолдолд хоёрдахь санал хураалтыг явуулах ба….”
.
гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн нэр дэвшигч 139-өөс багагүй
санал авсан тохиолдолд ялалт байгуулсан гэж үзэх юм. Үүнээс үүдэж дахин
санал хураах шийдвэр гарсан ч төд удалгүй Иорданы Хунтайж албан ёсны
мэдэгдэл хийж, өөрийн нэрээ татсан билээ.

Ийнхүү зуу гаруй жилийн түүхтэй ОУХБХ-ны ерөнхийлөгчөөр өдгөө 79 настай
Блаттер өөрийг нь эрс эсэргүүцсэн олон мянган өрсөлдөгчийг ялан, 5
дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдоод байна.

Тэрбээр саналын үр дүнг нийтэд зарласны дараагаар гишүүддээ хандаж Та нар надад таалагддаг. Би та нартаа итгэж байна. Энэ бол миний сонгууль. ОУХБХ-ны төлөө. Хамтдаа ОУХБХ-ны төлөө” гэж хэлээд, Их хурлыг өндөрлүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *