Categories
мэдээ нийгэм

Мянган хүүхдийн баяр боллоо

Монгол орны өнцөг бүрээс олон зуун хүүхэд Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас жил бүр санаачлан зохион байгуулдаг ес дэх удагийн “Мянган хүүхдийн баяр”-т хүрэлцэн ирж, урлаг спортын одод, Найрамдал төвийн багш нартайгаа баасан гарагийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөлөө.

Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан ес дэх удаагаа зохиогдсон Мянган хүүхдийн баяр нь Эх үрсийн баярыг тэр болгон тэмдэглэх боломжгүй хүүхдүүдэд олон алдартан, урлагийн одод, дуучид, жүжигчид, олны танил хүмүүс урам хайрлаж, сэтгэлийн дэм өгч, сэтгэл зүрхээрээ нэгддэг арга хэмжээ юм.

Тус арга хэмжээг нээж Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын суурин төлөөлөгч Винсент Эдуардс хэлсэн үгэндээ энэхүү баярын арга хэмжээ маань хүүхдүүдэд, нэн ялангуяа эмзэг бүлгийн хүүхдүүдэд мөрөөдөх, ирээдүйн төлөө тэмүүлэлтэй байх боломжийг олгохын төлөө байдгийг уламжилсан. Мөн Дэлхийн Зөн Монгол ОУБ олон хүүхдэд хүсэл тэмүүллээ дагаж, мөрөөдлөө биелүүлэх боломж олгосны нэг нь Лувсаншарав бөгөөд тэрээр Япон улсын Сэндай хотод болсон Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн хуралд оролцож, дэлхийн олон удирдагчид, түүний дотор НҮБ-ын ЕНБД Бан Ки Мүнтэй уулзаж, Ази тивээ төлөөлөн илтгэл тавьсан явдал юм.

“Анх удаагаа Найрамдал зусланд ирж үзэж байна, төсөөлж байснаас гоё юм аа. Зурагтаар л хардаг дуртай дуучдаа үзэж байгаадаа маш их баяртай байна” хэмээн Архангай аймгаас ирсэн есөн настай Болд-Эрдэнэ хүү сэтгэгдлээ хуваалцлаа.

Хүүхдүүдтэй хамт баярыг нь инээд хөөртэй, өөдрөг хөгжилтэй, дурсамжтай өнгөрөөхөөр МУГЖ “Хасар” Б.Жаргалсайхан, Мөрөөдлийн театр, Эмоци, Хувьсал продакшны уран бүтээлчид, дуучин Соко, Татар хамтлаг, A-Cool нар болон Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын дэргэдэх “Хөх тэнгэрийн хүүхдүүд” хамтлаг нар өөрсдийн ая дуу, уран бүтээлийн дээжсээр бэлэг барьсан юм.

Мөн хүүхдүүд “Бид хамтдаа” өртөөчилсөн тоглоом тоглож, Найрамдал зуслангийн багш нартайгаа нэг өдрийг хамтдаа дурсамж дүүрэн өнгөрүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *