Баасан гариг Б.Амарсанаа хүүгийн хувьд онцгой ач холбогдолтой өдөр байлаа. Энэ өдөр хүүгийн төрсөн өдөр төдийгүй сургуулийнхан түүнд онцгойлон хүндэтгэл үзүүлсэн юм. Учир нь хүү саяхан Тайваньд болсон Зүүн Азийн тусгай олимпоос хүрэл медаль хүртсэн. Нийслэлийн 70 дугаар сургуулийн 6а ангийн сурагч Б.Амарсанаа, “Билэг оюун” сургуулийн 10б ангийн сурагч Г.Бямбасүрэн нараар аав ээж ах дүү хамаатан садан, сургуулийнхан нь төдийгүй олон монгол хүн бахархаж буй. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг уг олимпод тэд Монголоо төлөөлж амжилттай оролцоод ирсэн юм. Тэд уг тэмцээнд боче хэмээх шинэ төрлийн спортоор өрсөлдөөд, зохион байгуулагч орны тамирчдыг 6:0-ээр буулгаж авсан гэнэ. Боче нь талбайн голд байрлуулсан цагаан бөмбөг рүү өөрсдийн өнгийн бөмбөгийг өнхрүүлэн төвд хамгийн ойрхон зогсоож чадсан нь ялагч болдог спорт юм байна. “Боче спорт хүүхдийн мэдрэмжийг сайжруулж, орон зайн баримжаатай болгохоос гадна тэнцвэрийг хөгжүүлдэг учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд төдийгүй бусад хүүхдүүдэд ч ач тустай гэж 70 дугаар сургуулийн эмчилгээний биеийн тамирын багш Л.Очгэрэл хэлсэн. Тэрбээр сургууль дээрээ энэ спортыг хөгжүүлэхийг хүсч байгаа юм байна. Б.Амарсанаа хүүгийн ээж Д.Гэрлээгээс хүүгийнх нь талаар тодрууллаа. “Хүү чинь оюуны чадвар тун бага. Гурван настай хүүхдийн дайтай” гэж эмч нар түүнд хэлжээ. Тийм болоод ч тэр үү Б.Амарсанаа хүү хамаатан садныхаа багачуудтай тоглох дуртай аж. Б.Амарсанаа хүүгийн хувьд уншиж бичих сурах нь амаргүй даваа ч бие бялдрын хөгжил сайтай учраас спортод амжилт үзүүлж яваа. Хүү мөн Монголынхоо тусгай олимпод оролцож, 50 метрийн гүйлтийн төрөлд хүрэл медаль авсан гэнэ. Тэр бас сургуулийнхаа сагсны секцэнд явдаг.
Боче хэмээх шинэ спортод монголчууд амжилт гаргах боломжтой нь харагдсан ч дасгал сургуулилт хийх боломж хомс, тусгай зориулалтын талбай шаарддаг онцлогтой юм байна. Гэсэн ч хүүгийн эмээ өвөө, гэрийнхэн ньтуслаж дэмждэг аж. Б.Амарсанаа хүүг аутизмтай гэдгийг гэрийнхэн нь өнгөрсөн жил л мэджээ. Солонгосоос ирсэн эмч нарт үзүүлж байж л оношоо бүрэн тогтоолгосон гэнэ. Хүүгээ нэг л болохгүй байгааг ойлгосон ээж нь багш нартай нь уулзаж, эмч нарт хандаж, төрийн бус байгууллагаас ч мэдээлэл авч эрэл хайгуул хийсээр өнөөг хүрчээ. Хүүхдүүдийг Тайвань руу эцэг эхчүүд нь өөрсдийн зардлаар авч явсан гэнэ. Монголын Тусгай олимпийн хорооноос Б.Амарсанаа хүүгийн ээж рүү утасдаж, ийм тэмцээнд оролцох уу хэмээн лавлахад “Би хүүтэйгээ оролцох боломжтой. Олдсон боломж болгоныг ашиглана” гэж хэлсэн аж. Хүүгийнхээ төлөө бүхнийг хийдэг ээжтэй болохоор Б.Амарсанаа жаргалтай яваад эргэлзэхгүй байна.
Аутизмтай гэж өөрийнхөө ертөнцөд амьдардаг хүмүүсийг оношилдог. Хэрэв Б.Амарсанаа хүүд өөрийнх нь дуртай орчинг бүрдүүлж өгч чадвал хүү аз жаргалтай амьдарна. Өөрийнхөө ертөнцөд амьдардаг хүмүүсийг өөрчлөх, засахгэж оролдохын оронд орчин тойронд нь байгаа хүмүүсийг, амьдрах орчныг нь түүнд зохицуулж өөрчлөх нь хялбар гэж зарим мэргэжилтнүүд үздэг юм билээ. Хэрэв түүнд хөгжих боломжийг олговол Б.Амарсанаа хүү эх орныхоо нэрийг гаргаж чадна. Хамгийн чухал нь Б.Амарсанаа хүү, түүнтэй адил оюуны бэрхшээлтэй олон хүүхэд жаргалтай амьдраасай билээ. Ойлгож, мэдэрч, дэмжиж чадах хүмүүс ойр тойронд нь олон байгаасай хэмээн ерөөе.
Б.ЯНЖМАА