Categories
мэдээ цаг-үе

Д.Ганболд: Наадмын хүндэтгэлийн тоглолтыг олон түмэнд зориулж Чингэсийн талбайд хийнэ

Үндэсний их баяр наад­мын төрийн хүндэтгэлийн концертын Ерөнхий найруулагчаар Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Ерөнхий зураач, найруулагч Д.Ганболд ажил­лаж байна. Өнөө жил наадмын хүндэтгэлийн тоглолтыг ямар хөтөл­бөрөөр бэлтгэж байгаа талаар түүнтэй ярилцлаа.

-Энэ жил Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн кон­церт ямархуу болох бол.Хөтөлбөрийг нь сонир­хуулахгүй юу?

-Төрийн хүндэтгэлийн тоглолтыг би өмнө нь 2012 онд нэг найруулж байсан юм. Ер нь жилийн жилд Төрийн хүндэтгэлийн концертыг УИХ-ын 76 гишүүн, яам тамгын газруудын удирдах хэдэн хүмүүс, Ерөнхийлөгчийн тамгын газрынхан, тэдний гэр бүлийнхэн гэсэн ийм л хэдэн хүнд үзүүлдэг, ерөнхийдөө тэр хэдхэн хүнд зориулагдсан маягаар Соёлын төв өргөөнд хийж ирсэн буруу жишиг бий. Тэр жишгийг анх удаа эвдээд, Чингэсийн талбайд задгай тайз засаад, долдугаар сарын 10-ны орой 21.00 цагт олон түмэнд хүргэхээр төлөвлөөд байна. Энэ маань наадмын комиссоор бараг шийдчих болов уу. Гадаа талбайд хийх учраас 5000-8000 хүний суудал засна. Үүний 3000 суудал нь гадаадын жуулчид, төрийн өндөрлөгүүд, бусад зочдынх байна. Үлдсэн 5000 суудал нь наадамчин олон түмэнд зориулагдаж байна. Тоглолтыг нэг цаг 40 минут байхаар бодож хөтөлбөр хийсэн.

Хөтөлбөртөө ч өөрчлөлт орууллаа. Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн тоглолт бол Монголын ард түмэнд зориулсан тоглолт учраас ард түмний сайн мэддэг хайртай бүтээлүүдийг нь үзүүлж сонсгохыг хичээж байна. Мөн гадаадын жуулчид олноор ирж үздэг учраас тэдний сонирхлыг ихээр татдаг Монголын соёлын үндэсний хэв шинжийг илүү тод томруун харуулсан номеруудыг багтаасан байгаа. Морин хуур, уртын дуу, ардын дуу, бий биелгээ, хөөмийн гээд үндэсний урлагийнхаа уламжлалт хэв шинжийг түлхүү шингээж хөтөлбөрөө гаргалаа. Мэдээж, оюуны соёлын­хоо орчин цагийн ололтууд, хэв маяг хэлбэр төрлүүдийг мөн оруулж бай­на. Жишээ нь, Билэгийн Дамдин­сүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд” хийлийн гоцлол байна. Энэ бүтээлийг монголчууд бүгдээрээ мэддэг, сонсох дуртай хөгжим нь. Н.Жанцанноров гуайн морин хуурт зориулсан “Монгол аялгуу” зохиол, Л.Мөрдорж гуай, Д.Сэнгээ нарын “Эх орон” дуу байна. Ямар ч монгол хүн аяыг нь сонсоод л дагаад дуулж байдаг дуу юм. Өнөө жилийн Наадмын Төрийн хүндэтгэлийн концерт Монгол эх орноо магтан дуулсан, ард түмний ахуй соёл, нутаг ус, байгаль дэлхийгээ эрхэмлэн дээдлэх үзэл, сэтгэлгээгээ шингээсэн тоглолт болно. Сонгодог бүтээлүүд мэдээжорж ирнэ. Манай Дуурь бүжгийн эрдмийн театрын алдартай дуучид, тухайлбал, олон улсын томоохон тэмцээ­нүүдээс гавьяа шагнал авсан Э.Амартүвшин, Хүрэлбаатар гэхчлэн дуучид маань Мон­голынхоо хөгжмийн зохиолч­дын сонгодог дуу, романсуудаас дуулна. Ингээд Чингэс хааны талбай дээрээ ирсэн үзэгч түмэн Монгол эх орноороо бахархах, бүтээсэн өв соёлоороо бахархах сэт­гэлийн баяр цэнгэлийг бодож ерөн­хий хөтөлбөрөө гаргалаа. Гадаа хийж байгаа болохоор нүсэр хэмжээний тайз, гэрэл­түүлэг, дуугаралтын аппаратур хэрэгтэй болж байгаа.

-Тоглолтын төсөв нь тодорхой болсон уу?

-Баримжааг нь сонсоход одоогоор 98 сая 650 мянган төгрөг юм байна. Үүнд тайз нь ороогүй, шинээр хийгдэх бүтээлүүдэд зориулагдаж байгаа. Жишээ нь, дөч гаруй хүний бүрэлдэхүүнтэй, шинээр тавигдаж байгаа бүжгүүд, симфони бүтээлүүд гэхчлэн томоохон хэмжээний шинэ бүтээлүүдэд зориулагдаж байгаа юм. Үүнийгээбас оройтуулчих вий гэж би үнэхээр айж байна. Төсөв мөнгийг нь эртхэн шийдэж өгөхгүйгээс болоод уран бүтээл­чид юмаа бэлтгэж амжих­гүй жил болгон асуудал үүсгэдэг байдал давтагдах вий гэж айж л байна. Ер нь жил жилийн наадмаар төсөв нь дандаа хоцорч ирдэг. Өнгөрсөн 2012 оны наадмаар долдугаар сарын 5-нд төсөв нь орж ирж байсан. Энэ жил арай ч ийм юм болохгүй байлгүй дээ гэж найдаж сууна. Энэ жилийн наадмын соёлын бүх арга хэмжээний продюсерээр “Модерн номадс” сүлжээний эзэн Есөнмөнх гэдэг залуу ажиллаж байгаа. Залуу хүн ажиллаж байгаа учраас арай хурдтай хүчтэй хөдөлчих болов уу гэж бодож байна шүү дээ.

-Наадмын комисс нь өөр­чилчихгүй бол их аятай­хан хөтөлбөр юм. Таныг өнгөрсөн 2012 онд бас найруулагчаар ажил­лахад санал болгосон хөтөлбөрийн тань бараг 60 хувийг хасчихсан гэж та ярьсан байсан. Ийм юм гарахгүй байгаа?

-Наадмын төв комиссыг удирдаж байгаа шадар сайд Хүрэлсүх соёлын арга хэмжээг зохион байгуулж байгаа хүмүүстулстөржсөн агуулгатай юмнаас маш хол байгаарай гэж захьсан байна лээ. Энэ нь надад их таатай санагдсан. Хөтөлбөр маань бүхэлдээ Монголын ард түмний түүх соёл, байгаль, нутаг усаа магтан дуулсан бүтээлүүдээс бүрдэж байгаа учраас дажгүй хөтөлбөр гарлаа гэж би бодож байгаа. Жишээ нь, “Миний ардын сэтгэл цагаан” гээд олон түмэн бүгд мэддэг сайхан дуу байна. Монгол ардын дуу “Хоёр сэтгэл” байна. ҮДБЭЧ-ын гоцлол дуучин Амгалан дуулах юм. Саяхан Авьяаслаг азиуд шоунд хоёрдугаар байрт шалгараад ирсэн манай “Хөсөгтөн” хамтлаг, Улсын Филармонийн дэргэдэх “Арга билэг”, “Домог” хамтлагуудын хамтарсан үндэсний хөгжмийн шилдэг номер байна. Ц.Сэвжид, Ц.Намсрайжав нарын “Адуучин залуус” гээд Монголын ард түмний брэнд бүжиг байх жишээтэй.

-Том хэлбэрийн шинэ бү­тээ­лүүд нэлээн оруулж ирж байгаа гэлээ. Тодруулахгүй юу?

– Ерөнхий найруулагчийн багт ажиллаж байгаа хүмүү­сийн дотор залуу хөгж­мийн зохиолчид голдуу ажиллаж байна. Эд нар бол Монголын хөгжмийн урлагт өөрсдийн байр сууриа эзэл­чихсэн, бүтээлүүд нь ард түмний танил болоод эхэлчихсэн, өмнө нь наад­мын хөтөлбөрт бүтээл нь тэр бүр орж байгаагүй залуучууд. Хөгжмийн зохиолч Г.Түвшинтөр “Баярын удирт­гал” гээд үндэсний их найрал хөгжимд зориулсан том удиртгал бичиж байгаа. Цэн-Эрдэнэбат “Хөх тэнгэрийн Монгол мину зэ” нэртэй томоохон найрал дуу бичиж байна. Үүгээр ДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ-ын найрал дуучид нийлсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй найрал дуу шинээр гаргаж байна. Ш.Өлзийбаяр гээд энэ жил төрийн шагналд нэр дэвшиж байсан залуу бий дээ. Тэр залуу “Монгол орны хийморь мандан бадраг” гэсэн нэртэй симфони найрал хөгжимд зориулсан бүтээл шинээр хийж байна.

-Үндэсний болон симфони найрал хөгжмийн том хэмжээний бүтээлүүд сүүлийн олон жил улам ховордоод байгаа. Энэ жилийн наадмын хүндэт­гэлийн тоглолт ийм хэд хэдэн бүтээл төрүүлж байгаа ньюу юунаас ч илүү том баяр болох нь дээ?

-Ер нь төрийн концертууд дээр шинээр бүтээлүүд төр­дөг. Тэр уламжлалаа арай өргө­жүүлж байгаа гэх юм уу даа.

-Ц.Намсрайжав гуайн “Баярын жавхаа” симфони удиртгалыг дөчин жил эгшиглүүлсний эцэст Ш.Өлзийбаярын “Оргилуун удиртгал” гэж шинэ бүтээл гарч ирж, уржнангийн наад­маар тоглуулсан билүү?

-Тэгсэн. Уржнангийн наадмаар. Дахиад энэ бол бүр том хэмжээний зохиол орж ирж байна. Хоёр том найрал хөгжим буюу үндэсний болон симфони найрал хөгжим хамт сууж тоглох юм. Энэ жилийн наадамд миний шинээр оруулж ирж байгаа дөрвөн хөгжмийн зохиолчийн гурав дахь нь энэ. Дөрөв дэх нь Мягмарын Бирваа гэдэг залуу байна. Тэр бол монгол бүжгийн болон дан хөгжмийн гоцлолд зориулсан бүтээлүүдээрээ бас өөрийн гэсэн байр суурьтай залуу. Энэ залуу “Тэнгэрийн цагаан шонхор” нэртэй том хэмжээний бүж­гийн хөгжим бичиж байна. Ийм дөрвөн залуу хөгжмийн зохиолчийг шинэ бүтээлүүд бичиж өгөөч гэж урьсан. Тэд маань зөвшөөрөөд ажлаа эхэлчихсэн байгаа.

-М.Бирваагийн энэ наадмаар сонсгох шинэ бүтээл нь хөтөлбөрт бүж­гийн хөг­жим юм уу, зүгээр гоцлол, эсвэл чуул­бар маягийн бүжиг юм уу?

-“Салхит шувуу”, “Жороо нь жороо” гэдэг бүжгүүдийг нь хүмүүс байнга үзэж байна л даа. Энэ жилийн манай “Оройн дээд” түүхэн дуулалт жүжгийн хөгжмийг бас бичсэн шүү дээ. Энэ бол дуулалт жүжиг, гэхдээ дуурийн хэлбэр форм руу нэлээн хандсан жүжиг болсон. Энэ наадмаар үзүүлэх “Тэнгэрийн цагаан шонхор” нь том хэмжээний сюит бүжиг байх юм. Чуулбар. Энэ бол концертын бүжгийн томоохон хэлбэр болох сюит юм. Цар хүрээ, хөгжмийн форм хэлбэр нь томроод явчихаж байгаа юм л даа.

-Э.Чойдог, Ц.Намсрай­жав, Л.Мөрдорж гээд хууч­чуулын хөгжмөөс сонсгох уу. Жишээ нь, Монголын анхны симфони бичсэнээр нь Л.Мөрдорж гуайн “Миний эх орон” ч юм уу?

-Тэр талын бүтээлүүдээс энэ жил ховор оруулж байна. Л.Мөрдорж гуайн бүтээлээс харин “Эх орон” дууг нь эгшиг­лүүлнэ. Яагаав, өнгөрсөн 2012 онд нөгөө улстөржсөн нөхдийн хассан бүтээлүүдийн нэг л дээ. Л.Мөрдоржийн “Эх орон” гэдэг энэ дууг 2012 онд юу гэж ад үзэж байсан гээч. Энэ дууны үгэнд “үйлдвэр, уурхай” гэсэн үгс байхгүй байна. Одоо Монгол орон үйлдвэр уурхай хөгжсөн, аж үйлдвэржсэн том орон учраас тийм үг байхгүй дууг оруулахгүй ээ гээд хасч байсан. Нуугаад яахав дээ. Манай урлагийн хамгийн том алдартай хүмүүсийн нэг нь тэгж хэлээд Д.Лувсаншарав гуайн “Эх орон” гэдэг дуугаар сольж байсан юм. Л.Мөрдорж гуайн дуу бол “Яндаж болшгүй далай шиг яасан баян нутаг вэ. Ямар их хувь заяагаар бид нар эзэн нь болж төрөв өө” гэсэн монголчуудад тодорхой ийм л үгтэй дуу байдаг. Тиймээс би Л.Мөрдорж гуайн энэ дуугаар хүндэтгэлийн тоглолтыг хаая гэж төлөвлөөд явж байна. Энэ бол Монголын ард түмэн жирийн иргэнээсээ авахуулаад төрийн тэргүүн хүртлээ мэддэг, монгол нутаг орноороо бахархасан сайхан дуу. Э.Чойдог гуайн зохиолоос “Монгол мэндчилгээ” гэдэг бүжгийн хөгжим нь эгшиглэнэ. Э. Чойдог, Ц.Сэвжид нарын бүжиг шүү дээ. Жаран хүний бүрэлдэхүүнтэй бүжиг.

-Манай үндэстэн өөрс­дийн бүтээсэн жинхэнэ сонго­дог урлаг болох уртын дуугаанаадмаараа хамгийн түрүүнд эгшиглүүлэх нь мэдээж. Аргагүй бахархал төрүүлж байдаг энэ их өвөөс чухам ямар дууг нь сонгов?

-Монголчуудын төрт ёсны наадам учраас “Эрхэм төр” гэдэг уртын дууг сонгосон. Ер ньXIV, XV зууны үед зохиосон болов уу гэж үздэг. Эрдэмтдийн таамаглалаар, Батмөнх даян хаан бол монголчуудаа дөчин жил хөл хөсөр, гар газар амар жимэр амьдруулсан хаан гэж үздэг. Тэгэхээр тэр үед зохиогдсон байх магадлалтай гэж яригддаг юм. Тэр үед төр түмэн амгалан байсан учраас энэ дууны үг нь төр минь амгалан байснаар бид амгалан байх юм шүү гэсэн утгатай их том философитой дуу. Тиймээс энэ “Эрхэм төр” уртын дуугаар концертыг нээх нь зөв юм гэж үзсэн. Есөн дуучин дуулах юм.

-Дуу нь сайхан сонголт юм. Харин энэ “Эрхэм төр” уртын дууг дуулж ирсэн уламжлал нь ямар юм бэ. Наадмаар нэг нь гоцолж бусад нь түрэх юм уу. Уртын дуун дээр хэлэхэд, манайхан яагаад олноороо гарч ирээд дуулаад байдаг нь ер ойлгомжгүй байдаг л даа. Уртын дуу чинь угаасаа гоцлоочийн урлаг. Дуучны бие хүнийх нь давтагдашгүй онцлог илрэх тэр мөчөөс уртын дуу амилж дуурьсдаг урлаг шүү дээ?

-Төрт ёсны дуу гэдэг утгаараа “төрийн дууч” гэсэн хүмүүс байсан болов уу гэж таамагладаг юм байна лээ. Гэхдээ одоогоор тодорхой баримт байдаггүй. Би энд бэлгэдлийг бодож цагаан дээлтэй есөн дуучин оруулж ирье гэж төлөвлөсөн. Гэхдээ баргил хоолойтнуудыг авах сонирхол их байна.

-Бүжгийн тухайд, манай үндэстний л аж амьдралын нэг хэсэг юм чинь, ялангуяа итгэл үнэмшлийг нь илэр­хийлж байдаг багт бүжгийн төрлөөс үзүүлэх үү?

-Үзүүлнэ. Энэ жил ХалхынӨндөр гэгээн Занабазарын мэндэлсний ой тохиож бай­гаа. Ц.Нацагдорж гэж агуу хөгжмийн зохиолчийн “Нүүдэл” бүж­гэн жүжгийн доторх “Өндөр гэгээний залбирал” гэж бүжиг байдаг юм. Манай Баярбаатарын дэглэлт. Өндөр гэгээний дүрд манай гавьяат жүжигчин А.Даваахүү бүжиглэнэ. Хорин нэгэн дарь эхийнхээ хамт. Өөрөөр хэлбэл, энэ бол цамтай бүжиг. Энэ бол Монголын ард түмний өөрсдийнх нь бахархал юм. Занабазарын бүтээсэн хорин нэгэн дарь эх тэргүүт баримлууд нь дэлхийн урлагт өөрийн байр сууриа эзэлсэн, дэлхийн үзэгчдийн сонирхлыг үргэлж татаж байдаг, яах аргагүй манай соёлын нэг бахархал учраас энэ бүжгийг оруулах нь зөв гэж үзсэн.

-Өнөө жил ямар ч байсан олон түмэнд нээлттэй, хүр­тээмжтэй болгож байгаа нь сай­хан хэрэг. Харин 21.00 цагт эхлэх нь оройтохгүй юу?

-Хуучны буруу жишгийг эвдэж байгаадаа ёстой харин баяртай байна. Энэ чинь Наадам учраас 10-ны өдрөөс эхлээд л хөл хөдөл­гөөн ихэс­чих­дэг. Монголчуудын төрт ёсны Хүндэтгэлийн концерт учраас олон түмэн их сонирх­дог. Тэгэхээр цаг оройтохгүй байх аа.

Н.ПАГМА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *