Categories
мэдээ цаг-үе

Дотуур байр хэмээх боловсон шорон хүүхдийг ямар хүн болгосоор байна вэ

Ишиг эхийгээ хөхөн өсч байхад ямаачны хүүхэд ч ижийнхээ энгэрт эрхэлж, цагаан сүүгээр нь өсөх эрхтэй. Хорвоо ийм атал заримдаа адгуулж маллаж байгаа амьтнаасаа дор байдалд монголчууд бид амьдрах юм. “Мал дагаж мал болно” гэж манай сонин олон жилийн өмнөөс бичиж ирсэн. Дагасан малаасаа ч дор байх үе бидэнд байсаар байна. Маллаж байгаа хурга, ишиг нь өдөр бүр эхтэйгээ ээнэгшин өсч байхад, жилийн ихэнх өдрүүдэд ээжээсээ хол байгаа бяцхан үрс хуруугаа хөхөж, дотуур байранд бэтгэрэн хүүхэд насаа өнгөрөөж байна. Бүр хуруугаа ч хөхөх эрхгүй тэднийг “Эрхэндээ хатсан амьтад” гэж цоллож, анги хэсүүлж хүүхдийн доог болгон ял хүлээлгэдэг. Хуруугаа хөхөх болсны шалтаг шалтгаан юу байсан, яагаад тэр нялх амьтан хуруу хумсаа мэрж шаналах болов гэдгийн утга учрыг ч ололгүй, яллан буруутгадаг бидний сурган хүмүүжүүлэх ухаан ч гэж дээ. Жилийн 365 хоногийн 224-245 хоногийг хөдөөгийн хүүхдүүд гэрээсээ хол, сургуулийн дотуур байранд өнгөрөөдөг гээд бод доо. Хуучин найман настайгаасаа ээж, ааваасаа хол цөлөгддөг байсан бол одоо бүр зургаан нас болж урагшилсан. Монголчуудын малч ахуй, хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудал зэрэг тавигдаж ирэх үеэс дотуур байрны асуудал яригдаж эхэлсэн байдаг. Малчин өрхийн хүүхдүүдийн дунд сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх үүднээс ардын Засгийн анхны сургуультай зэрэгцээд дотуур байр үүссэн нь 1933 онд батлагдсан “Ардын бага ба дунд сургуулийн дагаж явах дүрэм”-д туссан байдаг юм билээ. Харин дотуур байрны асуудлыг хуульчилж өгсөн нь 1982 онд хамаарагддаг. Ерөнхийдөө малыг хүнээсээ илүү тавьсан тухайн нийгэмд хийгдсэн энэ зохицуулалт нэг хэрэг. Харин мал хувьд шилжсэн өнөөдрийн цаг үед хүмүүс малаа дагах уу, хүүхдээ дагах уу гэдэг сонголтоос малаа дагаж, хүүхдээ хаяж байгаа нь тодорхой байгаа юм.

Ер нь дотуур байр бидэнд юу өгсөн юм бэ. Малчин айл өрхийн дийлэнхийн хүүхдүүд дотуур байранд суудаг. Хүүхдүүд дотуур байранд сууж ирсэн ная, ерэн жилийн хугацаанд ямар алдартан, ямар мундаг хүмүүс бидний дундаас төрөв. Дэлхийн улс гүрнүүдээс төрөн гарч буй алдартнуудыг бид нэг их мундаг биш ч гэсэн тогтсон ойлголтоор нь Нобелийн шагнал хүртсэн эсэхээр дүгнэн ойлгох нь бий. Тэгвэл өнгөрсөн 100 жилийн хугацаанд биднээс Нобелийн шагналтан төрсөн бил үү. Дотуур байрныхнаас хэн гэдэг мундаг хүн гарсан юм бэ. Үнэндээ дотуур байрны энэ сургалт маань хэн нэгнээс түрүүлж өрсөх гэсэн, адгасан яарсан, хувиа хичээсэн занг хүүхдүүддээ суулгаж ирлээ. Өнөөдрийн хотын замд өмнүүрээ ганц машин оруулчих сэтгэл байхгүй, өөрөө ч чадахгүй, өрөөлийг ч болгохгүй тийм хүмүүс зөндөө байна. “Энэ удаадаа тэр маань хожиг дээ, дараад нь надад ээлж ирэх байх” гэсэн сэтгэлтэй хүн бидний дунд алга. Жаахан л хожигдох гээд ирвэл орилоод дайрчих хүмүүс л олон юм. Интернэтийн мэдээний дор сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс ч тэр. Өчүүхэн жаахан, атгаг. Энэ бол дотуур байрныхны сэтгэлгээ, тэдэнтэй адил өрсөлдөж, арсалдаж сурсан манай нийгмийн онцлог. Дотуур байрны амьдралыг туулж өнгөрсөн хүмүүс бидний дунд олон. Уурын зуух эвдэрснээс даарч хөрөх, өлсч цангах бол энүүхэнд. Дотуур байранд 200-300 хүүхэдтэй өрсөлдөж, будаатай хуурга олж идэх гэж чардайж байсан үеэ олон хүн санаж байгаа даа. Зунжин сумын төвийн чийгтэй байшинд байсан борц намар ирэхэд өтчихсөн, царвантай гурилтай өттэй шөл амнаас буцаад гарчих гээд амаргүй сэн. Арван жилийн 30 улирлыг гэрээс хол өлсч өнгөрөөдөг дотуур байрны хүүхдүүд яаж бусдаас түрүүлж хоол олж идэх тухай л бодож, боловсорч өсдөг гэхэд хилсдэхгүй.Өглөөд хоёр хавсай, өдөр том хусуурны тал будаа олж идэх гэж зүтгэж байсан хүүхдүүд үүнийг сайн мэднэ дээ. Өлссөндөө гал тогоонд орж хулгай хийх, цаашлаад сумын дэлгүүр тонож аймаг руу ачигдах хүүхдүүд одоо ч бий. Дотуур байранд хүүхдүүд анх хулгай хийж сурдаг юм. Сургуулиа төгсөхдөө тогоо шиг гэдэстэй зогсох охид ч дотуур байрных. Том ангийнханд дээрэлхүүлж, хоёрдугаар хоолоо булаалгаж байсан бол өөрөө томрохдоо дүү нарыгаа дээрэлхэж өс хонзонгоо авна. Атаман гэж хүүхдийн хоол булаасан ах нар өөрийнхөө дүүг дуудаад хоол өгчихөж чадахгүй л өссөн байдаг шүү дээ. Нэг тийм сэтгэлгүй, хүнийрхүү. Нөгөө хүүхэд эцэг, эхийнхээ хайр халамжинд өсөх ёстой гэсэн хүүхдийн эрх хаана ч байгаа юм бүү мэд. Хүүхдийн эрхийн конвецийн есдүгээр зүйл болсон “Эцэг, эх нь муухай харьцаж, үл ойшоодог биш л бол хүүхдийг эцэг, эхээс нь салгаж болохгүй” гэсэн үндсэн зарчим алдагдсан. Энэ конвенцид заасан эцэг эх нь хүүхдээ хамтдаа өсгөж, хүүхдэд нэн тэргүүнд юу хэрэгцээтэйг харгалзан үзэх үүрэг хүлээж, Засгийн газар нь үүнд нь дэмжлэг үзүүлнэ гэдэг ойлголт бүр ч байхгүй. Харин Засгийн газар нь хүүхдийг эцэг, эхээс нь холдуулахад шийдвэр тогтоолоороо л тусалж байгаа байх. Энэ бүхний эцэст гэрээсээ хол өссөн дотуур байрны хүүхдэд гэр амьтай байх гэсэн ойлголт үгүй болж, насны бөгсөнд нас дээр гарсан ээж, ааваа ч тоохгүй суурин газраас хөдөлнө гэж байхгүй. Дотуур байранд өссөн хүүхэд бүр ийм гэж хэлээгүй ч хүүхдийг төлөвшиж, хүн болох тэр торгон цагт нь ийм л нөхцөлөөр бид хүмүүжүүлээд байна шүү дээ гэж хэлэхийг хүсч байна. Үнэн үг гашуун байдаг. Хатуу ч гэсэн дотуур байр хүүхдүүдийг ийм л болгож өсгөдөг. Тэгээд ч дэлхийн хаана ямар хүүхэд хасах 40 градусын хүйтэнд гадаа жорлонд гарч бие засч байна вэ. Монголд л байна шүү дээ. Хоёр, гурван зуун хүүхэд ордог нийтийн жорлон гэж охид, хөвгүүдийх гээд тав, таван л юм байна. Тэр нь дулаан цагтаа өмхий самхай нь дийлдэхгүй, өвөлдөө дороос данхраатаж унагачих шахаад овойтлоо хөлдчихнө.

Эцэг, эхчүүд нь ч хүүхдээ сургахын тулд ингэхээс аргагүй гэсэн том халхавчаар бүх үүргээс алсарч хоцорно доо. Дотуур байрны хүүхдүүдийн хоол ундыг төрөөс дааж ирсэн бодлого ерээд оны эдийн засгийн хэцүүхэн үед алдагдаж, эцэг, эхээс нь татаас аваад эхлэх үед сурагчдын тоо эрс багассан байдаг. 1995-1996 оны хичээлийн жилд дотуур байранд хүүхдээ суулгах өрхүүдэд мал, махны ногдол оногдуулах үед хүүхдийн тоо 1990 онтой харьцуулахад 3,6 дахин буурч, 17.6 мянга болжээ. 1998 онд Боловсролын тухай хуульд оруулсан нэмэлтээр 2000 оноос төр дотуур байрны бүх зардлыг даах болсноор 1999-2000 оны хичээлийн жилд 19.5 мянган хүүхэд дотуур байранд байснаа 2000-2001 онд 27.4 мянга болж 40 гаруй хувиар өссөн байгаа юм. Ингээд харахаар эцэг, эхчүүд хүүхдүүдээ дотуур байранд суулгах нэрийн дор өөрсдийн үүрэг, хариуцлагаасаа зайлсхийх байдал ч байх шиг. Ная ерэн жилээр явж ирсэн дотуур байрны энэ бодлого дахиад ч хэдэн жилээр үргэлжлэх юм бүү мэд. Одоогийн байдлаар үүнийг өөрчлөх, цаад урхаг уршгийг нь ярьж тодорхойлох хүн байхгүй бололтой. 2012-2014 онд улсын төсвөөр 2.7 мянган ор бүхий 26 дотуур байрны барилгыг шинээр ашиглалтад оруулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, дотуур байр нэртэй боловсон шоронгийн тоо нэмэгдсээр ирлээ. Цаашлаад 9.8 мянган хүүхдийн ор бүхий 120 дотуур байр хэрэгтэй, үүнд 76.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгаа байгаа юм билээ. Мэдээж, хүүхэд сурч боловсрох хэрэгтэй. Хөдөө орон нутгийн хүүхдүүд ч заавал сурч боловсрох ёстой. Гэхдээ тэд ээж, аавтайгаа, гэр орондоо сурч боловсрох эрхтэй. Үүнийг төр засаг бодлогоороо хангаж өгөх ёстой юм. Швейцарийн төр засаг ард иргэдээсээ асууж, тэдний гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлдэг. Одоогоос хэдэн жилийн өмнө Альпийн нурууг давсан төмөр зам барих ёстой гэж ард олны шийдвэр гарч. Тэгэхэд нь Засгийн газар нь “Бидэнд мөнгө алга байна. Тиймээс энэ асуудлыг яах вэ” гээд дахин санал асуулга явуулахад “Төмөр зам барих хэрэгтэй. Мөнгө ол” гэсэн олон нийтийн санал асуулгын дүн гарсан гэдэг. Түүн шиг хөдөө орон нутгийн хүүхдүүд сурах ёстой. Ээж, аав нь малаа малладаг онцлогтойг мэдэж байна. Гэхдээ хүүхдүүд шоронжсон дотуур байранд бус ээж, аавынхаа хайр энхрийлэлд өсөх ёстой. Үүнийг төр засаг зохицуулах ёстой.

Жич:Манай сонин дотуур байрыг халах цаг болсонталаар өмнө нь “Хүүхдийн баяраар дотуур байр гэх шо­ронг халъя”, “Дотуур байр­ны хүүхэд доголон сэтгэлгээтэй төлөвшдөг юм биш үү” зэрэг цөөнгүй нийтлэлийг нийгэмд хүргэж байсан билээ. Эдгээр нийтлэлүүдийг манай сонины DNN.MN вэб сайтаас уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *