Унгар улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Уг нээлтэд Монгол Улсын Гадаад хэргийн сайд болон Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд ноён Петер Сияяарто болон Элчин сайд Акаши Модари нар оролцлоо.
Ёслолыг нээж Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд ноён Петер Сияяарто үг хэлэв. Тэрбээр, Манай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсад дипломат төлөөлөгчөө суулгах нь чухал юм. Өмнө Монгол Улсад суух Элчин сайдын яамаа хаасан нь бидний хийсэн том алдаа байсан. Өнөөдөр алдаагаа залруулж, дахин Элчин сайдын яамаа байгуулж байгаад туйлын баяртай байна. Монгол Улсын олон улсын тавцанд явуулж буй үйл ажиллагаа идэвхтэй хөгжиж ирсэн. Манай Улс Монгол Улсын хийж буй аливаа үйл ажиллагааг байнга дэмжиж ажиллах болно” гэлээ.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, “Монгол, Унгар бол эртний харилцаатай ард түмэн. Аливаа улсад суугаа Элчин сайдын яамыг хаана гэдэг хамтын ажиллагаагаа өргжүүлэхэд сөргөөр нөлөөлдөг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсаас Унгарт суугаа Элчин сайдын яам идэвхтэй ажиллаж ирсэн. Өнөөдөр Монгол Улсад суух Элчин сайдын яамаа дахин байгуулж байгаа нь хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд томоохон түлхэц боллоо. Цаашдаа хөдөө аж ахуй, боловсрол, соёлын салбарт идэвхтэй хамтран ажиллах болно” гэв.
Нийслэлийн усны хэрэглээг хангах чиглэлээр Унгар улстай хамтран ажиллана
Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд ноён Петер Сияяарто өнөөдөр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийв. Энэ талаар хоёр улсын Гадаад хэргийн сайд нар мэдээлэл хийлээ.
Ноён Петер Сияяартогийн айлчлал бол Унгар улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад хийж буй анхны айлчлал юм. Мөн энэ жил Монгол, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Гэхдээ манай хоёр улсын харилцаа зөвхөн 65 жилээр бус хэдэн мянганаар тоологдох эртний найрамдалт харилцаатай юм. Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайдын айлчлалын үеэр Унгар улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамыг байгуулна. Энэ нь хоёр улсын харилцааг идэвхтэй хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэллээ.
Тэрбээр, “Манай хоёр улсын найрамдалт харилцаа улам бүр өргөжин хөгжиж байна. Тухайлбал, өнгөрсөн оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элэгдорж Унгар улсад айлчлал хийсэн. Мөн саяхан Унгар улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилсан. Ингэснээр хоёр улсын харилцаа шинэ шатанд хүрч байна. Өнөөдрийн хэлэлцээгээр хоёр зүйл дээр тулгуурлаж хэлэлцлээ. Унгар улс Сонгино дахь Биокомбинатыг байгуулсан. Мөн 1950-1980 оны хооронд Монгол Улсад олон тооны гүний худаг гаргаж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бэлчээрийг услах ажлыг хийж байсан. Энэ хүрээнд уул уурхай болон бэлчээрийн усалгаа, Улаанбаатар хотын усны хэрэглээг хангах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ Унгарын талаас илэрхийлсэн. Энэ бүхнийг нь Монгол Улс талархан хүлээн авч байна. Мөн малыг эрүүлжүүлэх, вакцин үйлдвэрлэх зэрэг ажил улам бүр эрчимтэй хөгжүүлэх бөгөөд Монгол малын махыг экспортод гаргах боломжийг нэмэгдүүлэх юм. Түүнчлэн соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлнэ. Унгар бол Монгол судлалаар дэлхийд тэргүүлдэг. Өнөөдөр Унгарын талаас Монгол Улсаас тус улсад 100 оюутан сургана гэдгээ илэрхийлсэн. Энэ бүгдийг хоёр улсын Засгийн газар үргэлж дэмжин ажиллах болно” гэлээ.
Энэ үеэр Унгар улсын Худалдааны танхим болон Монгол Улсын НЗДТГ хот төлөвлөлт болон дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Түүнчлэн Сонгино дахь Биокомбинатыг шинэчлэхэд хамтран ажиллана. Энэхүү ажил Унгар улсын Засгийн газраас 25.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсон байна.