Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Буриад улсын урлагийн гавьяат зүтгэлтэн СУИС-ийн хүндэт профессор Д.Ухнаа гуайтай ярилцлаа. Түүний Монголын урлагийг хөгжүүлэхийн төлөө хагас зуун жил зүтгэсэн хөдөлмөрийг үнэлж, уран бүтээлчид түүнд хүндэтгэл үзүүлэхээр болсон байна. Ирэх зургадугаар сарын 5-нд Монгол бөхийн өргөөнөө зохиогдох “Их урлагт 50 жил” тоглолтод 200-гаад уран бүтээлч оролцох юм байна.
-Одоогоос хагас зууны тэртээ урлагт хөл тавьж асан үеэ дурсвал?
-1960 онд Дорноговь аймгийн бүрэн дунд сургуулийг дүүргээд, Улаанбаатарт Эдийн засгийн дээд сургуульд суралцахаар хуваарилагдан ирсэн ч тэндээ сураагүй. Харин хэзээнээсээ би урлагт элэгтэй байсан учраас Дуурийн театрын арын хаалга орчмоор эргэлдэх болсон. Хөдөөнөөс ирсэн сурагчийн дүрэмт хувцастайгаа тэр хавиар долоо хоног эргэлдсэн. Хувцас хунараа сольж өмсье гэсэн ч хотод таних хүнгүй. Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Г.Хайдав, Нямын Цэгмид, Цагааны Цэгмид, З.Цэндээхүү, Т.Цэвээнжав, Ц.Пүрэвдорж нар гадаанаа нарлаад сууж байхыг хараад “Ямар их хувь заяатай, авьяастай хүмүүс болоод Дуурийн театрын өндөр босгыг давсан байна аа. Би шалгуулсан ч тэнцэхгүй л байх даа” гэж боддог байсан.
Тэгтэл долоо дахь хоног дээрээ Дуурийн театрын хаалгаар эргэлдэж байтал өндөр эрэгтэй гараад ирэнгүүт би “Ах аа би шалгуулах гэсэн юм. Дуу дуулж” гэсэн чинь “Чи дуулдаг юм уу” гэж байна. Би “Дуулах сонирхолтой” гээд шилээ маажтал “Алив хүрээд ир” гээд дагуулаад дотогш орлоо.Хоёрдугаар давхар дахь Ардын жүжигчин А.Долгорын өрөөнд сууж байсан одоогийн Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав намайг шалгаад “Тэнцлээ. Маргааш өглөө есөн цагт ирээрэй. Найрал дууны ангийн дагалдан дуучнаар оруулъя” гэсэн. Дуурийн театрын хаалгаар гараад нэг мэдсэн Сүхбаатарын талбайд (одоогийн Чингэсийн талбай) дээр таваргаж явсан. Хүн амьтан “Сэрээрэй” гэж хацар, нүүр рүү алгадаагүйг бодоход ямар ч байсан баярласандаа муужирч унаагүй шиг байгаа юм. (инээв) Гэртээ очоод шөнө нойр хүрдэггүй ээ. Бөхийн өргөөний дэргэдэх хуучны цэнхэр байранд амьдардаг байсан юм. Ганц брюкен өмд, 24-ийн цагаан цамцаа цогны индүүгээр шөнөжин индүүдсэн. Маргааш өглөө нь найман цаг 30 минутад яваад очсон. Дуурийн театрын эмэгтэйчүүдийн нүүр амаа гоёж будсан, энгэсэг сүрчигний үнэр, залуусынх нь өмссөн гял цял хувцас гээд бүгд тухайн үед үлгэрийн мэт сайхан санагдаж байсан. Нэг хүн өрөөнөөс гарч ирснээ “Чи өчигдрийн шалгуулаад тэнцдэг хүүхэд мөн үү. Наашаа ороод ир” гэсэн. 50 гаруй уран бүтээлчид нь эгнээд суучихаж. “Дуучин Палав, Нямсүрэн нарын дунд суу. Сандрах хэрэггүй. Өвдөг дээрээ гараа тавиад, нуруугаа цэхлээд, сандал дээрээ хагас суу. Түшлэгийг нь налж болохгүй. Дагаад дуул” гээд анхлан хоолойн дасгал хийж билээ. Ингэж л урлагтай амьдралаа холбосон хүн дээ.
-Өнөөдрийг хүртэл таныг дууны 200-гаад уралдаан тэмцээн зохион байгуулж, тэн хагасаас илүүг нь шүүсэн гэх юм билээ. Мэдээж эдгээр уралдаанаас төрөн гарсан урлагийн алдартнууд олон биз дээ?
-Мэргэжлийн дуучид болон ардын авьяастнуудын дунд 186 дууны тэмцээн зохион байгуулснаас 135-д нь шүүгчээр ажиллажээ. Оролцоогоор 30-аад мянган хүн оролцжээ.Жолооч нарын дунд 1990-ээд оны эхнээс зохион байгуулж эхэлсэн “Алтан шар зам” уралдаанаас Төрийн шагналт, гавьяат жүжигчин Гомбосүрэн, гавьяат жүжигчин Банзрагч, Оросоо нар төрөн гарсан. Мөн эмч нарын дунд зохион байгуулсан тэмцээнээс залуу дуучин Х.Оюун-Эрдэнэ түрүүлж байсан юм.
Дөрвөн настайгаас наян настнуудыг хамарсан дууны уралдааныг өнгөрсөн хугацаанд зохион байгууллаа. 1988 онд зохион байгуулсан “Бяцхан эстрадын дуучин” тэмцээнд дөрвөн настнууд орсон бол ахмад болон залуу эстрадын дуучдын гээд насны ангиллаас гадна жолооч нарын дунд “Алтан шар зам”, худалдагч нарын дунд “Хүрэн хаалгатай дэлгүүр”, нисэгчдийн дунд “Суман цагаан хөлөг”, багш нарыг оролцуулаад “Багшийн алдар” дууны уралдааныг зохион байгуулсан. Мөн англи, солонгос, япон, франц дууг хэн сайн дуулах вэ гээд тэмцээнүүдээ цааш нь нэрлэж болно. Ирэх зургадугаар сарын 28-нд гэхэд л жолооч нарын дунд “Алтан шар зам тань өлзийтэй байг” хэмээх тав дахь удаа уралдааныг зохион байгуулах гэж байна. Уржигдар нисэхийн 90 жилийн ойг угтан “Нисэгчийн дууг хэн сайн дуулах вэ” гэдэг уралдааныг мөн хийсэн. Хамгийн гол нь эдгээр уралдаанд түрүүлэхдээ бус мэргэжлийн дуучид нь ч тэр бүр хамт дуулж байгаагүй симфоны найрал хөгжмийн урд зогсоод, дуулна гэдэг хэн дуртай жирийн уран сайханчдад тэр бүр олдох завшаан биш. Мөн хамгийн сайхан дурсамж болон үлддэг. Ер нь урлагт амжилт гаргаж, од болсон хүмүүс чинь төрөхийн авьяастай байдаг. Бүгд авьяастай байж тийм амжилтад хүрнэ. Богд гэгээнтний дүрийг бүтээдэг Нямын Цэгмид, Ардын жүжигчин Т.Цэвээнжав, Цагааны Цэгмид нар мэргэжлийн сургууль төгсөөгүй, ард түмнээс төрсөн авьяастнууд. Чухам тэднийг илрүүлэн, мэргэжлийн урлагийн тайзнаа гаргах нь чухал.
-Наадмын үдэш тоглогддог “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг нийт ард түмэнд бус залууст зориулсан шоу болчихлоо хэмээн та шүүмжилдэг. Зүй нь ямар байх ёстой юм бэ?
-Сүүлийн таван жил Чингэсийн талбайд зохион байгуулагдсан “Улаанбаатарын үдэш” цэнгүүн буруу зохион байгуулагдаж ирсэн. Наадам бол бүх ард түмний үндэсний баяр шүү дээ. Гэтэл хөгшчүүд үзэж сонирхох ямар хөтөлбөр байна вэ. Өвөө эмээгийнхээ хормойноос чаргууцалдаад Төв талбай дээрээ ирж байгаа багачуудад зориулсан ямар урлагийн үзүүлбэр байгаа юм бэ? Юу ч байхгүй. Зөвхөн залуучуудад зориулсан хэдхэн хамтлаг, дуучдыг дуулуулдаг. Гэтэл энэ чинь залуучуудын баяр уу, үндэсний баяр наадам уу. Шоуг ингэж хийдэггүй юм. 2009 оноос өмнө би зохион байгуулдаг байхдаа 18-аас 19 цагийн хооронд хүүхдийн уран бүтээлчид, долоогоос найман цагт настайчуудад зориулсан уран бүтээлийг хүргэж байгаад, 21 цагаас хойш залууст зориулсан хамтлаг дуучдыг дуулуулдаг байсан. Зүй нь тэгэх ёстой.
-Та Монголын урлагт хагас зуун жил зүтгэсэн, гавьяатай хүний хувьд өөрийн амьдрал, уран бүтээлийн талаарх ном бичих үү?
-Санаа бий. Надад уг нь Монголын урлагийн сүүлийн 50 жилийн түүхийг бичиж тэмдэглэн үлдээсэн таван ч дэвтэр бий. Би өөрөө хэдэн удаа концерт хөтөлсөн, хичнээн концерт найруулснаас авахуулаад 1960 оноос өдийг хүртэл гадаадын ямар дуучид, хамтлаг Монголд ирж тоглолтоо хийсэн бэ? гэвэл би дэвтрээсээ хараад хэлж чадна. Тухайлбал Улсын филармони 1983 онд 521 удаа тоглолт хийж байсан үе бий. ЗХУ-ын “Веснера” хамтлаг 1986 онд Монголд тоглосон.
Өвөр Монголын дуучин Тэнгэр 1991 оны есдүгээр сарын 10-наас 14-ний хооронд МҮЭСТО-нд таван удаа тоглосон. Лев Лешенко 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд ирээд 11 удаа тоглолтоо зохион байгуулсан. Гэх мэтчилэнгээр дэвтрээсээ он сар өдөртэй нь хараад, хэлж болно.
-Та “Соёл-Эрдэнэ” хамтлаг, “Баянмонгол” чуулгатай үүсгэн байгуулагдаад удаагүй байхаас нь өдийг хүртэл хамтран ажилласан хүний хувьд дурсамжаасаа хуваалцаач?
-1972 онд Болгарын Хөгжмийн дээд сургуулийг төгсч ирээд Улсын филармонид гоцлол дуучнаар ажиллах болсон. Дуулахын хажуугаар концерт хөтөлж, тоглолт найруулахаас гадна 1972 оноос “Соёл-эрдэнэ” хамтлаг, “Баянмонгол” чуулгыг хариуцан ажиллах үүрэг надад өгсөн. “Соёл-эрдэнэ” хамтлагаас ардын жүжигчин, арваад гавьяат төрөн гарсан. Ер нь үүсгэн байгуулагдсанаас хойш 43 жил тасралтгүй уран бүтээлээ туурвисаар ирсэн хамтлаг байдаггүй юм. Битлз ч тэр АББА ч тэр. Өнөөдөр “Соёл-Эрдэнэ”-ийн долоо, “Баянмонгол” чуулгын зургаа дахь үе явж байгаа.Тухайн үед хамтлагуудын уран бүтээлд тодорхой цензур тавьдаг байсан. Уран бүтээлийг сайжруулахын тулд тэгдэг байснаас биш үзэл суртлын цензур тавиагүй. Ингэсний хүчинд “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг чанартай уран бүтээлүүд гарч, өнөөг хүртэл дуулагдаж байна. Гэтэл өнөөдөр ийм хэмжүүр байхгүйгээс сүүлийн үеийн зарим дуунууд уран бүтээл гэхээсээ үг, нот л болж. Саяхан нэг дуунд 36 төрлийн хайр дуулагдаж байна. Ийм байж таарахгүй. Ингэвэл зарим нь “Хэн юугаа магтан дуулах нь хувь хүний эрхийн асуудал” гэж ярих байх. Тэгвэл урлагт сонсогч, үзэгчдийг соён гэгээрүүлж, урмыг нь сэргээсэн бүтээлийг туурвих ёстойгоос биш “Би чамайгаа урдаас нь, өврөөс нь, араас нь хайрлана” гээд бахираад байж таарахгүй.
-Та ирэх сард “Их урлагт 50 жил” хэмээх уран бүтээлийн цэнгүүн болох гэж байгаа гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Нэг мэдсэн чинь монголын урлагт хагас зуун жил зүтгэж, уран бүтээлч, хамтлаг дуучдыг бэлтгэхийн сацуу урлаг уран сайхныг сурталчлах ажил хийжээ. Би өөрөө дуулахгүй, хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч биш учраас миний шавь нар болно бусад уран бүтээлчдийн зүгээс миний их урлагт хүчин зүтгэсэн хагас зууны хөдөлмөрийг үнэлж, хүндэтгэл үзүүлэх санал олноор ирэх болсон. Тиймээс тэднийхээ энэ сайхан сэтгэлийн бэлгийг хүлээн авснаар урлагийн нэрт мастеруудын “Их урлагт 50 жил” тоглолт хийхээр болсон. Нийт 200-аад уран бүтээлчид оролцоно. А.Долгор, Ш.Чимэдцэеэ тэргүүтэй ардын жүжигчин Г.Батбаяр, Б.Сийлэгмаа, СТА Намсрайноров, Т.Төрмөнх, тэргүүтэй залуу уран бүтээлчид оролцоно. Мөнгавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа тэргүүтэй рок попын одууд оролцоно.
М.Ууган-Эрдэнэ
Гэрэл зургийг Ц.мягмарсүрэн