Categories
мэдээ улс-төр

“Эрүүгийн хууль буруу гарвал гэмгүй хүнийг амьтан болгоно”

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Өмнөх Засгийн газрын үед өргөн баригдсан ч эргүүлэн татагдаад байсан хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүдээс нэлээд олон асуулт тавьж, санал хэлж байв. Ингээд хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:-Хуулийн төслийг дэмжмээр байгаа боловч улам хумигдаад байна. “Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр гардаг шиг хууль санаачлагч хариулаад байна л даа. Хуулийг өмнө нь орон дотроо засдаг байсан бол энэ удаа хуулийг хүний эрхтэй нь хамт хулгайлдаг болж байна. Энэ хуулийг гурав задлаад нарийн зохицуулах ёстой.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:-Хэрэв энэ хууль буруу гарвал гэмгүй хүнийг амьтан болгоно. Зөв гарвал буруутныг шүүдэг, хохирогчийг хамгаалдаг механизм бий болно. Энэ хуулиас хүнийг үндэслэлгүй барьж хорих асуудлыг таслан зогсоогоосой, хоёрт хүнийг барьчихаад нотлогдохгүй бол өөр хэргээр ялладаг байдлыг өөрчлөөсэй гэсэн хүлээлт байна. Сталины хэлсэнчлэн “Хүн нь байвал зүйл анги нь олдоно” гэдэг хандлагыг өөрчлөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:-Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хязгаар тавих л уур амьсгал энд мэдрэгдэж байна. Тиймээс уучлал гуйх ёстой хүмүүсээс уучлал гуйгаад, ямар хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм, хэнийг үндэслэлгүйгээр шалгасан талаараа мэдээлэл өгчихмөөр байна. Ингэвэл хандлага, ойлголт арай өөр болох байх. Хуулийн байгууллагынхны дунд хөл бөмбөгдөх буюу харьяаллыг нь өөрчлөөд хугацааг нь шинээр тогтоодог байдлыг зогсоомоор байна. Хүний эрхийг хангах чиглэлээр гарсан нааштай өөрчлөлтөө бататгаж өгөхгүй бол хуулийг өөрөөр ашиглах нүх сүв харагдаад байна. Х.Тэмүүжин, Д.Дорлигжавын бодлого яагаад зөрөөд байгаа юм. Сайд болгоны тоогоор бодлого өөрчлөгдөхийг буруу гэж үздэг. Ийм томоохон хуулиудыг иж бүрнээр нь солих нь тийм ч оновчтой биш. Тиймээс нэмэлт өөрчлөлт оруулах замаар өөрчлөх хэрэгтэй болов уу. Яагаад гэхээр олон хүний хувь заяаны асуудал сөхөгдөнө.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:- Хуулийн төслийг дахин нухацтай ярилцах шаардлагатай.

О.Баасанхүү:-Нэгэнт “Эрүүгийн хуулийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн учраас энэ удаа дэмжихээс аргагүй байна.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:Хэрэг бүртгэлийн ажиллагаа нууц далд аргаар явагдахыг хэлж байгаа. Гэтэл хүн ямар хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэхгүй, энэ хугацаанд өмгөөлөгчөөс зөвлөгөө авч чадахгүй. Ялангуяа улстөрийн ээдрээтэй үед чимээгүй нотлох баримт цуглуулаад хэрэгт оруулахыг үгүйсгэхгүй.

Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг гишүүдийн 65 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ.

Харин одоо Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *