Батлан хамгаалах салбарын албан хаагчдын тулгамдсан асуудал бол нийгмийн хамгааллыг сайжруулах тухай юм. Тэр дундаа нэгдсэн байдлаар хөнгөлттэй үнээр орон сууцжуулах, зээл олгох асуудал орхигдож байсан. Тэгвэл үүнийг шийдвэрлэхээр Батлан хамгаалах яам, ХААН банк хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ХААН банкны гүйцэтгэх захирал ноён Норихико Като нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Тодруулбал, “Монгол цэрэг бүтээн байгуулалт хөтөлбөр”, “Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгаалал хөтөлбөр”, “Цэргийн алба хаагчдын орон сууцны хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран ажиллах, банкны зүгээс цэргийн алба хаагчдыг хувийн мөнгөн хадгаламж, орон сууцны төлбөрийн хуримтлалтай болгох зэрэг банк санхүүгийн бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлэх зорилготой ажээ. Батлан хамгаалах яамны зүгээс салбарынхаа ажиллагсдын нийгмийн хамгаалалд чиглэсэн хөрөнгийг банкинд төвлөрлүүлэн байршуулах, орон сууцны зээлийн баталгаа болон ажилтнуудад орон сууцны урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх юм байна. Харин банкны зүгээс Засгийн газраас хэрэгжүүлж буй дэд хөтөлбөрийн орон сууцны ипотекийн зээлийн шаардлага хангасан батлан хамгаалах салбарын ажилтнуудад орон сууцны зээлийг олгох ажээ.