Энэ удаагийн хүүхдийн эрхийг хамгаалах баярын арга хэмжээнд нийтдээ 144 сая 600 мянган төгрөгийг төсөвлөсөн байна. Үүнийг баярын арга хэмжээний зохион байгуулалтад зарцуулахаас гадна, асран хамгаалагчгүй, эмзэг бүлгийн, ял эдлэж байгаа хүүхдүүдэд гарын бэлэг өгөхөд зарцуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн хувьд томоохон талбай, үзвэр үйлчилгээний байгууллагуудад нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар Нийслэлийн соёл урлагийн газраас хөтөлбөр боловсруулсан байна. Гэхдээ ихэвчлэн задгай талбайд баярын арга хэмжээг зохион байгуулах юм. Учир нь Улаанбурхан өвчний тархалт их байгаа. Тиймээс аль болохоор задгай талбайд баярын арга хэмжээ зохион байгуулах зөвлөмжийг эрүүл мэндийн газраас хүргүүлжээ.
Чингис хааны нэрэмжит талбайн баруун талд буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд хэсэгт тайзыг байрлуулах юм. Тайз нь хүүхдийн баярыг илтгэхүйц онцлогтойгоор засах юм байна. Мөн талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулна. Ингээд 12 жилийн амьтад бүр дээр өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулах, талбайд цугласан хүүхэд багачуудыг баярлуулах идэвхжүүлэлтийн ажлыг гүйцэтгэхээр болжээ.
Харин Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний баруун, хойд, өмнөд талд байрлуулан фото зураг авхуулах, уралдаан тэмцээн зохион байгуулах зэргээр талбайн үйл ажиллагааг төв тайзнаас гадна дээрх амьтад, баатруудын хөшөөний хамтаар цогц байдлаар зохион байгуулах юм.
Мөн “Хүүхдэд ээлтэй найрсаг Улаанбаатар” уриа бүхий парадыг Хүүхдийн байгууллага үүсч байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд Монголын сурагчдийн зөвлөл, “Халуун сэтгэл” ТББ хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. Парад Ерөнхий сайд Амарын гудамжнаас эхлэн СТӨ, ДБЭТ –ийн урдуур нар зөв талбайг тойрно.
Талбайн хоёр талын автомашины хөдөлгөөнийг хаана. Хүүхэд багачууд, иргэдийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг төрийн байгууллагууд хариуцан ажиллах юм.
Энэхүү баярын арга хэмжээг 11-14 цагийн хооронд Монголын Үндэсний Олон нийтийн телевиз, UBS телевиз “Чингис хааны нэрэмжит талбайгаас улс орон даяар шууд дамжуулна.
Энэ удаагийн баярын арга хэмжээний ерөнхий Найруулагчаар ДБЭТ –ийн найруулагч Е. Сарантуяа, Зураачаар ДБЭТ -ийн ерөнхий зураач Г.Ганбаатар нар ажиллах тухай Нийслэлийн соёл урлагийн газраас мэдээллээ.