Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний салбарын томоохон асуудлыг шийдвэрлэлээ

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар эрчим хүчний салбарт хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэлийг энэ онд эхлүүлнэ

Манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд 8-10 хувиар өсч байгаагаас 2012-2013 оноос эхлэн төвийн эрчим хүчний систем чадлын дутагдалд орж байна. Иймд “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 35 МВт-ын турбонгенератороор өргөтгөх, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн гүйцэтгэгчийг зохих журмын дагуу сонгон шалгаруулж, гүйцэтгэгчтэй түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээ байгуулан 2015 онд ажлыг нь эхлүүлэх арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгалаа. Мөн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн асуудлыг Хөгжлийн банкны гүүрэн санхүүжилтийн механизмаар шийдвэрлэхийг тус банкны төлөөлөн удирдах зөвлөл, Сангийн сайд, Эрчим хүчний сайд нарт үүрэг болгожээ.

Эрдэнэтийн дулааны цахилгаан станц 1987 онд ашиглалтад орсон, 150 мянган цаг ажиллахаас 204 мянган цаг хүртэл хэтэрч ажиллаж, ашиглалтын хугацаа дуусчээ. Мөн Орхон аймагт ашиглалтад орох төмөрлөгийн үйлдвэр, “Эко”, “Өнөр”, “Залуус”, “Элит” хорооллууд болон тус аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хэд хэдэн хорооллыг шинээр барихаар төлөвлөсөн. Иймд цахилгаан, дулааны эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага бий болжээ.

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлснээр Эрдэнэт хот болон төвийн бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улайстайн эрчим хүчний систем, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгийн эрчим хүчний систем сайжирч, тухайн бүс нутгуудад шинээр барилга байгууламж барих, бусад дэд бүтцийн төслүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэнэ. Тус станцыг шинэчлэх төслийн нийт өртөг 55 сая ам.доллар бөгөөд 10 гаруй жилд өртгөө нөхөх, жилд 7.4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах тооцоог хийжээ.

Эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд бүтцийн ажлыг эхлүүнэ

Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад Эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд бүтцийн ажлыг нэмлээ. Энэ төслийн хүрээнд 220 кВ-ын 2 хэлхээт 72,3 км цахилгаан дамжуулах шугам, төслийн талбар дахь 110/10 кВ-ын түр дэд станц, Эрдэнэт дэд станцын 110 кВ хүчдэлийн түвшин талын нэг гаргалгааны өргөтгөл, Эрдэнэтийн Говил тосгоноос төслийн талбар хүртлэх 73,9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээгүүр гарах гүүр зэрэг ажил багтаж байгаа юм. Эгийн голын усан цахилгаан станц нь эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож тохируулга хийх, оргил ачааллын үед импортыг орлох стратегийн ач холбогдол бүхий обьект бөгөөд эрчим хүчний сүлжээний найдвартай ажиллагааг хангах чиглэлээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой тул Концессын тухай хуульд заасны дагуу станцын эхний шатны ажлыг шууд гэрээ байгуулан гүйцэтгэхээр шийдвэрлэлээ. Урьдчилсан шатны ажлын зураг төслийг зохих журмын дагуу боловсруулж, магадлал хийлгэсэн бөгөөд барилгын ажлын өртөг 61,3 сая ам.доллар гэж тооцоолсон байна. Төсөл санхүүжүүлэх хөрөнгийг БНХАУ-ын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс эргэн төлөхөөр шийдвэрлэжээ.

– See more at: http://zasag.mn/m/ministry-of-energy/view/9902#sth…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *