Categories
мэдээ улс-төр

Оюутолгойн асуудлыг хаалттай хэлэлцэж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд хаалттай горимоор үргэлжилж байна.

Хуралдаан хаалттай болж буй нь Оюутолгой ХК-д хийсэн шалгалтын дүнг сонсч байгаатай холбоотой юм.

Мөн Төрийн ордны “Б” танхимд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна. Тухайлбал, уг хууль батлагдвал 2015 оны долдугаар сарын 15-ний өдрөөс дагаж мөрдөх санал олонхийн дэмжлэг хүлээгээд байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Эрх зүйн төөрдөг байшингаасаа гаръя гэж энэ хуулийг Засгийн газар өргөн барьсан байх. Онигоо болсон болсон явдал бий, сумын ИТХ хуралдаад Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Хууль тогтоомж гэдэг нь өргөн ойлголт. Хуулийн төсөлд дэмжүүштэй заалтууд байна. Гэхдээ зорилго зорилтоо бүрэн хангаагүй гэж гэж үзэж байна” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Монголын өнөөгийн хэрэгжиж буй хуулиуд олон улсын жишигт нийцүүлж хийсэн боломжийн хууль. Хууль төөрүүлээд байгаа гэхээсээ төрийн албан хаагчид төөрөлдөөд байна. Мэдлэг нимгэнтэй төрийн албан хаагч бол хуулинд их төөрнө дөө” гэлээ.

Мөн зарим гишүүд орон нутагт гарч буй эрх зүйн баримт бичгүүд хэрээс хэтэрч байна гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, “Захиргааны хэм хэмжээг Захиргааны хуулиар тогтооно. Энэ хууль нь зөвхөн УИХ-аас гаргах баримт бичигт хамаарна” гэсэн тайлбарыг хийж байв.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *