–Монголын нийт газар нутгийн 80 гаруй хувийг эзэлж буй бэлчээрийн өнөөдрийн төлөв байдал, зохист харьцаа ямар түвшинд байгаа вэ?
-Ер нь монголын нийт бэлчээрийн төлөв байдал сайнгүй байгаа гэдгийг хэлье. Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Ногоон алт” төсөл 2004 оноос эхэлсэн. 2000 оны зудны дараагаар хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр эхэлсэн төсөл юм.
Хүмүүс зуданд малаа олноор нь алдсан хүнд үе байсан. Тэр үед бэлчээр бол малчдын амьжиргааны гол үндэс юм байна, бэлчээрийн зохистой менежментийг бий болгохгүй бол малчдын амьдрал байнгын эрсдэлд байх юм байна гэж ойлгогдсон. Ийм л үндсэн дээр 2004 оноос “Ногоон алт” төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Тухайн үед бид бэлчээрийн талхлагдлыг бууруулах, зохистой ашиглалтыг нэвтрүүлэхийн тулд юуны өмнө доройтсон бэлчээр гэж ямар бэлчээрийг хэлэх, доройтлын хэм хэмжээг хэрхэн тодорхойлох талаар нэгдсэн нэг ойлголтод хүрэх нь чухал гэж харсан. Ус, цаг уур, орчны хүрээлэн, Газрын харилцаа, геодиз зураг зүйн газар, Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон бусад хандивлагчдын төслийн хүрээнд бэлчээрийн мониторингийн хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Бүгд өөр өөрийн арга зүйгээрээ тоон мэдээллүүд гаргаж ирдэгээс мэдээлэлүүд хоорондоо зөрдөг. Монголын нийт бэлчээрийн 70 хувь цөлжсөн гэж байхад, зарим нь 23 хувь нь л доройтсон гэх жишээтэй. Тэгэхээр энэ ойлголтын зөрүүг арилгах, нэг мөр болгохын тулд манай төсөл бэлчээрийн мониторингийн арга зүйг улсын хэмжээнд нэгдсэн нэг стандартад оруулах чиглэлээр Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтарч ажилласан. Энэ байгууллага бол улсын хэмжээнд багийн түвшний нийт 1550 цэгтэй бүтэц. Энэ сүлжээ нь өөрөө цаг уурын ажиглалт судалгааны зэрэгцээ бэлчээрийн мониторинг хийдэг суурь баазтай. 1550 цэг дээр нэг ижил цаг хугацаанд, нэг ижил арга зүйгээр мониторинг хийдэг гэсэн үг л дээ. Бид тухайн үед улсын хэмжээнд ашиглагдаж байсан мониторингийн арга зүй дээр суурилан богино хугацаанд аль болох цэгээс үнэмшил сайтай мэдээлэл цуглуулах боломжтой, хэрэглэхэд энгийн арга зүйг боловсруулсан. Шинэ арга зүйг бүс төлөөлсөн тодорхой тооны сумдад туршиж шалгасны үндсэн дээр 2011 онд улсын хэмжээний бэлчээрийн мониторингийн нэгдсэн арга зүй болон батлагдсан юм.
-Монгол улсын бэлчээрийн төлөв байдлын хяналт, үнэлгээний нэгдсэн нэг арга зүйтэй болсон гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Үндсэндээ арга зүй батлагдсан 2011 оноос хойш ус цаг уурын улсын сүлжээний1550 цэг дээр энэхүү нэгдсэн арга зүйг баримтлан бэлчээрийн мониторингийн мэдээлэл цуглуулж байна. Ус, цаг уур орчны хүрээлэнгийн дэргэд бүх аймаг, сум, багийн түвшний бэлчээрийн мониторингийн 4 жилийн мэдээлэл бүхий сан үүссэн. Энэ хугацаанд арга зүйгээ боловсронгуй болгох, шаардлагатай тоног төхөөрөмжөөр нь хангах, хүмүүсээ сургахад анхаарч ажиллаж ирсэн.
-Одоо тэгэхээр бэлчээрийн доройтол гэж яг юуг хэлээд байна, доройтлыг хэрхэн тогтоож байна. Бэлчээрийн доройтол, цөлжилт нь хоёр өөр ойлголт уу?
-Аливаа порцессын сайжирч, муужирч байгааг лавлагаатай харьцуулж байж хэлнэ. Жишээ нь цусны даралт ихссэн, багассаныг яг хэд байх ёстой вэ гэдэгтэй харьцуулж хэлдэг шиг яг монгол орны бэлчээрийн судалгаан дээр харьцуулах мэдээлэл маш хомс байгаа юм. Ер нь энэ бэлчээр сайн байхдаа ямар байх ёстой юм. Ямар бэлчээрийг соргог гэж хэлдэг юм гэсэн тийм харьцуулалтын лавлагаа түвшин мэдээлэл хомс байсан учраас өнгөрсөн хугацаанд тодорхой цаг хугацаан дахь өөрчлөлтийн хандлагыг л ярьж ирсэн. Тийм болохоор бидний сүүлийн хэдэн жил хийсэн гол ажил бол бэлчээрийн төлөв байдлын лавлагаа мэдээллийг боловсруулах байлаа. Монгол Улс байгалийн хэд хэдэн бүс бүслүүртэй. Эдгээр бүсүүд болон экологийн нөхцөл бүхэнд тохирсон лавлагаа мэдээллүүд байх ёстой. Энэ лавлагаа мэдээллүүдийг гаргахдааОлон улсад нэлээн өргөн хэрэглэгддэг бэлчээрийн экологийн чадавхид суурилах зарчмыг ашиглалаа. Өөрөөр хэлбэл, аливаа бэлчээр нь тухайн орчныхоо хөрс, уур амьсгалын нөхцөл, газрын гадаргын хэлбэрийн онцлогоос хамааран ашиглалтыг тэсвэрлэх, ашиглалтын дараа сэргэх чадавхиараа харилцан адилгүй байдаг. Энэ зарчим дээр үндэслэн Монгол орны бэлчээрийн экологийн чадавхийг тодорхойлох, чадавхиар нь ангилах судалгааны ажлыг сүүлийн 6 жилийн хугацаанд хийсэн. Энэ ажлын дүнд өнөөдөр бид монгол орны бэлчээрийн зонхилох төрлүүдийг экологийн чадавхиар нь 22 бүлэгт ангилж ангилал бүр дээр бэлчээрийн лавлагаа түвшинг, түүний зэрэгцээ ашиглалт болон уур амьсгалын хүчин зүйлсийн нөлөөгөөр цааш хэрхэн өөрчлөгдөж болох хувилбаруудыг загварчилж гаргасан.
-Үнэлгээ яаж гарч байгаа вэ?
-Бэлчээрийн мониторингийн 1450 цэгийн 2014 оны мэдээгээр нийт цэгийн 65 хувийн төлөөлөх бэлчээр нь унаган төрхөөсөө их бага тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж доройтсон дүн гарч байгаа.
-Тэгвэл монголын бэлчээр нутгийн үлдсэн 35 хувь нь байгалийнхаа төрхөөр байна гэсэн үг үү?
-Ерөнхийдөө боломжийн, байгалийнхаа төрхтэй ойролцоо түвшинд байна гэж ойлгож болно.
-Өөрчлөлт орсон 65 хувь дотроо бас ангилалт явагдсан байх?
-Өөрчлөлтөнд орсон 65 хувийг дотор нь сэргэх чадавхиар нь ангилаад үзэхэд бага зэрэг өөрчлөлтөнд орсон, гэхдээ байгалийнхаа унаган төлөв байдалтай ойролцоо түвшинд байгаа бэлчээр 18 хувь, ашиглалтын одоогийн хэлбэрийг нь өөрчлөөд ачааллыг нь зохицуулсан нөхцөлд3-5 жилийн дотор эргээд байгалийн төрхөндөө төлөв байдалд орчих боломжтой бэлчээр 25 хувь, ургамалжилтын бүтэц бүрэлдэхүүн нэлээд өөрчлөгдсөн, эргээд байгалийн унаган төрхөнд төлөв байдалд ороход харьцангуй урт, 10 хүртэл жил шаардагдах бэлчээр 15 орчим хувийг эзэлж байна. . Харин үндсэн зүйл ургамал устаад хөрс нь элэгдэлд орсон, байгалийн аясаар сэргэх боломжгүй, үндсэндээцөлжсөн гэж хэлж болохоор хүнд хэлбэрт орсон нь 7-н хувийг эзэлж байгаа юм.
Энэ дүн нь үндсэндээ бэлчээрийн доройтол нэлээд өргөн хүрээнд илэрсэн, доройтлыг бууруулах, зохистой ашиглалтыг нэвтрүүлэх чиглэлээр анхаарах шаардлагатай байгааг, нөгөө талаас бэлчээрээ хадгалж авч үлдэх, сэргээж сайжруулах боломж байгааг харуулж байна. Бид өнөөдөр цаг алдалгүй арга хэмжээ авах юм бол бэлчээрээ энэ чигээр нь аваад үлдэх, цааш нь сайжруулах, бүр цаашилбал мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой аваад явах хэмжээнд байна.
-Энэ бүх бэлчээрийн доройтол өөрчлөлтөд хамгийн ихээр нөлөөлж байгаа хүчин зүйлс юу байна вэ. Бэлчээрийн буруу ашиглалт гэсэн ерөнхий ойлголтоос бүр тодорхой руу нь орж хэлэхэд шүү дээ?
-Бэлчээр яагаад доройтов, цөлжилт яагаад идэвхжээд байна гэхээр манайхны дийлэнх нь уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, бороо хур тунадас орохгүй байгаад гэж ярьдаг. Бидний хийсэн бэлчээрийн төлөв байдлын цэгэн зураглал дээрээс харахадтөвийн бүсэд л хамгийн их доройтол ажиглагдаж байна.
-Яг ямар аймгууд байна?
-Архангай, Булган, Төв, Дундговь, Сэлэнгэ. Ерөөсөө энэ аймгуудад л бэлчээрийн доройтол хамгийн хүндрэлтэй байгаа. Энэ бүс нутаг бол үндсэндээ манай улсын хамгийн үржил шимт хөрстэй, хамгийн бүтээмж өндөртэй бэлчээр байдаг. Аймгуудыг малын тооны нягтралаар нь ангилаад үзэхээр эдгээр аймгууд давхцаж байна. Гэтэл хамгийн ихээр цөлжиж доройтож байгаа хэмээн судалгааны зарим материалд тэмдэглэгдсэн Өмнөговь, Дорноговь гээд говийн бүсийн бэлчээрийн дийлэнх хувь байгалийнхаа төлөв байдлыг алдаагүй болох нь харагдаж байна, гагцхүү хур борооны нөлөөгөөр ургац нь ихээр хэлбэлздэг байна.
-Бидний ойлгож байгаагаас огт өөр юм. Урд талын аймгуудад цөлжилт, бэлчээрийн доройтол нүүрлэсэн гэж олон хүн үздэг шүү дээ?
-Урд талын бүс нутаг маань өөрөө уур амьсгалын нөлөө ихтэй, бороо орвол сайхан зун болдог, орохгүй бол юу ч байдаггүй.Өөрөөр хэлбэл бороо хур орохгүй, бэлчээрийн гарц муу бол хүн малгүй нүүгээд явчихна. Үүгээрээ байгалийн нөхцөл нь ашиглалтаа хязгаарлаад зохицуулаад байдаг , Говь цөлийн экосистем гэдэг бол өөрөө маш тэсвэртэй систем, олон сая жилийн турш цөлөөрөө л байсан, Тэгэхээр бидний санааг хамгийн их зовоож байгаа, бэлчээрийн талхлагдал доройтол улам эрчимжиж гүнзгийрэх эрсдэлтэй бүс нутаг бол хамгийн их хүн, мал цугларсан төвийн район л болж байна.
-Төвийн бүсдээ газрын гарц сайхан л байдаг шүү дээ?
-Үүнд л манайхан хууртаж болохгүй. Бороо хуртай сайхан зун болж байна гээд хэн хүнгүй ярьдаг. Яг очоод үзэхэд малд хамгийн идэмжтэй, хамгийн чухал зүйл ургамлууд алга болоод идэмжээр муу, доройтлыг илэрхийлэгч чанаргүй зүйл ургамлууд түрж орж ирсэн байгаа. Ургамал байна, ногоон байна гэж хараад байгаа болохоос биш угтаа төлөв байдал чанар гэдэг нь өөрчлөгдсөн. Үүнийг зарим судлаачид ногоон цөл ч гэж нэрлэх нь бий. Үүнийг малын тоотой харьцуулаад үзэхээр хамгийн мал ихтэй байгаа, даац нь хэтрэлттэй байгаа аймгуудад л доройтол нүүрэлчихсэн байна.
-Эндээс ямар дүгнэлт гарч байгаа вэ?
-Ер нь бол монгол орны бэлчээрийн доройтлыг бий болгоод байгаа гол хүчин зүйл нь малын тооны зохисгүй харьцаа, талхалт гэж үзэж байгаа юм.
-Олон мянган жилийн уламжлалт арга маллагаатай энэ их малыг одоо яах ёстой вэ. Өнөөх л ярьдаг эрчимжсэн мал аж ахуй руу орох уу?
-Бэлчээрийн төлөв байдал ийм л байгаа юм байна гэсэн судалгаа, тооцоо, мэдээллийг бид гаргаад ирлээ. Бидэнд боломж байна уу гэвэл байна. Хаана ямар хэмжээнд доройтоод байгааг гаргаад ирлээ. Дараагийн алхам бол орон нутагт бэлчээр зохион байгуулалтыг хийхдэээнэ мэдээллийг ашиглах хэрэгтэй. Энэ ажлын эхлэл болгож Газрын харилцаа, геодиз зураг зүйн газартай хамтран сумын түвшинд бэлчээр ашиглалтыг бэлчээрийн сэргэх чадавхид суурилан төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг бүс төлөөлсөн хэдэн сумдад нэвтрүүлж байна.Сумын газрын даамлууд бэлчээр зохион байгуулалтыг төлөвлөх, хэрэгжилтийг хянах ажлыг хариуцаж ажилладаг. Бид бэлчээрийн төлөв байдал, сэргэх чадавхийн мэдээллийг төлөвлөлтөндөө ашиглах хэрэгжүүлэх чиглэлээр тэр хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Энэ мэдээллийг ашигласнаар малчидад таны малаа бэлчээж байгаа энэ газар чинь ийм хэмжээгээр доройтолд орсон, тиймээста малын тоо толгойгоо тохируулах болоод бэлчээрээ сэлгэж ашиглах ийм ийм боломж байна гэсэн тухайн нөхцөл байдалд нь тохирсон илүү тодорхой зөвлөмж өгөхийн зэрэгцээ сумын бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг үүн дээр суурилах боломжтой болж байгаа юм. Орон нутагт ажиллаж байгаа газрын даамал болон бэлчээр хариуцсан мэргжилтнүүд ийм зөвлөгөөг өгөх дадал чадвартай байх шаардлага гарч ирж байна. Нөгөө нэг анхаарах асуудал бол бэлчээрийн даацыг хэрхэн тооцох асуудал юм. Бэлчээр гэдэг нь маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг том систем юм. Монголчууд бид бэлчээрийг малын тэжээл гэдэг утгаар л бодож хандаж ирсэн. Бусад үнэ цэнэ үнэлэмжийг төдийлөн тооцдоггүй. Гэтэл бэлчээр гэдэг чинь зөвхөн малын бэлчээр төдийгүй хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, усны горимыг барих, байгалийн тогтвортой байдлыг хангах, олон зүйл амьтдын амьдрах орчныг бүрдүүлэх гэхчилэн эко системийн олон үйлчлэлүүдийг өгдөг. Энэ бүгдийг манайхан ерөөсөө тооцодоггүй. Бэлчээрийн ургамлын ургацыг 100 хувь гэж үзэхэд ядаж түүний 50 хувийг байгальд нь үлдээх ёстой. Тэгж байж тэр ургамлууд эргэж ургана, хөрсөө хамгаална, хөрсний гүн дэх чийгийг барина. Гэтэл бид тэр ургацыг бараг нийтэд нь ашиглахаар төлөвлөж даац боддог. Тэгэхээр бидний санал болгож буй аргачлал бол даацыг ургамлын талыг үлдээгээд талыг нь ашиглах гэсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчимд суурилж тооцох аргачлал. Энэ аргачлалаар бодоод үзэхээр манай малын тоо даацаасаа2-4 дахин хэтэрчихсэн. Энэ бүгдээс харахад малын тооны зохистой харьцааг бий болгохоос өөр арга байхгүй. Судалгаанаас харахад малынхаа тооны зохистой харьцааг барихгүйгээр бэлчээр ашиглалтын ямар ч арга хэмжээ аваад төдийлөн үр дүнд хүрэх боломжгүй юм.
-Монголын газар нутаг бол уужим дэлгэр, төвийн бүсдээ хүн малын нягтаршил их болчихож. Төрийн бодлогоор тарааж байршуулахаас эхлээд авах арга хэмжээ олон байх боломжтой харагдах юм. Малчин хүнийг шууд малаа цөөл гэж шахаж шаардах боломжгүй тийм нийгэмд бид амьдарч байгаа шүү дээ?
-Мэдээж тийм. Жишээ нь зүүн талын аймгууд, Дорнод гэхчлэн харьцангуй боломжийн байна. Тэнд бэлчээр их байна, мал нь цөөхөн байна. Байх ёстой хэмжээнээс доогуур, ашиглалт бага байгаа. Зарим аймгуудад усны байршил юм уу, бартаат газар нутгаасаа болоод бэлчээртээ хүрч ашиглаж чадахгүй байна. Тэнд нь усны эх үүсвэрийг бий болгоод, замыг нь засаад бэлчээрийг нь ашиглуулах гэх мэт боломжууд байгаа. Бидний судалгаагаар гарч ирсэн хамгийн тулгамдсан асуудал бол зуслангийн бэлчээр юм. Өвөлжөө, хаваржаа бол харьцангуй боломжтой. Зуслангийн бэлчээр нь бүх айл усаа дагадаг. Нэг гол юм уу, нуураа дагаад хэдэн зуун өрх айл, хэдэн мянган мал зайгүй багшран овоордог. Нааш цааш нь сэлгэх боломж алга. Монгол орон өргөн уудам, сэлгэх нүүх боломж гэж харж болно. Ерөнхий төлвөөрөө бол хэтрэлт бодитой бий болчихсон. Хуучин нийгэмд нийт малаа хонин толгойд шилжүүлэхэд 40 орчим саяад зохистой харьцаандаа барьдаг байсан. Өнөөдөр хонин толгойд шилжүүлэхэд 85 сая болчихоод байна. Энэ нь нэг талаас бид бэлчээр доройтлоо гэж яриад байгаа боловч нөгөө талаасаа бид малчдынхаа амьдралыг улам эмзэг болгоод байгаа юм. Бид бас зудын судалгааны зураглал гаргасан юм. 2000 оноос өмнөх зудын малын хорогдол харьцангуй бага. 2000 оноос хойшхи зудын хорогдол харьцангуй өндөр байх жишээтэй. Тэгэхээр малчдын амьдрал айхавтар эмзэг эрсдэлтэй болсон байгаа биз.
-Та бүхэн судалгаа тооцоог сайтар хийсэн нь ойлгогдож байна. Одоо тэгээд төрийн зохицуулалт л хэрэгтэй болсон юм байна шүү дээ?
-Малын тоо толгойн зохистой харьцаа гэхээр яах аргагүй төрөөс эрх зүйн томоохон зохицуулалт хэрэгтэй болж байгаа юм. Энэ юу байж болох вэ гэхээр бэлчээр ашиглуулах гэрээ. Яагаад гэвэл нийт бэлчээр төрийн өмч. Төрийн үнэгүй өмч дээр мал аж ахуйн үйлдвэрлэл явагдаж байна. Малчдыг өнөөдөр малчин гэхээсээ үйлдвэрлэгч менежер гэж харах ёстой. Тийм болохоор энэхүү бэлчээр ашиглуулах гэрээ нь нэг гарц байж болно. Үүнийг загвар байдлаар турших ажил хэд хэдэн төслийн хүрээнд хийгдсэн байдаг. Гэрээ бол нэг талаас малчны хариуцлагыг өндөржүүлж байгаа юм. Та үйлдвэрлэлээ тогтвортой байдалд нь барих ёстой. Тэрнээс нэг хэсэг газрыг талхалж хаячихаад нөгөө рүү нүүж болохгүй. Энэ бэлчээр нутаг бол малчин таны хэдэн үеэрээ үйлдвэрлэлээ явуулах талбар, эх үүсвэр гэдгийг баталгаажуулах ёстой. Нөгөө талаар өнөөдөр уул уурхайгаас эхлээд газар ашиглалтын хэлбэрүүд янз бүр болж байна. Нэг хэлбэрээс нөгөө рүү шилжиж байна. Малчдын санаа зовоодог нэг зүйл нь өглөө босоход өвөлжөөнийх нь дэргэд цооног ухсан, эсвэл хашаа барьсан байдаг. Тэгэхээр бэлчээр ашиглах гэрээ хуульчлагдвал газар бүхэн тодорхой цаг хугацаа бүхэнд эзэнтэй болох, эмх цэгцтэй болох тийм гарц байна гэж харж байгаа юм. Нөгөө нэг гарц гэвэл 85 сая малыг монголын бэлчээрийн даацад нь зохицуулна гэвэл малын тоог маш богино хугацаанд бууруулах шаардлага гарч байна. Ийм тохиолдолд зах зээлийнх нь нөхцлийг бий болгох хэрэгтэй. Манай зах зээл шингээхгүй учраас мэдээж гадаад зах зээлийг нээх хэрэгтэй. Энэ тохиолдолд ялангуяа малын эрүүл мэндийн асуудал энд хурцаар тавигдана. Нөгөө талаас малчидад малын тоогоо зохистой хэмжээнд барих, тооны хойноос хөөцөлдөхгүй аль болох малаа чанаржуулах эдийн засгийн хөшүүрэг, урамшууллын механизм үгүйлэгдэж байгаа юм. Энэ бүхэнд төрийн зохицуулалт, эрх зүйн зохицуулалт хийх тийм шатандаа л өнөөдөр ирчихээд байна.
-Монголын нийт газар нутгийн 8 хувийг эзэлдэг ойн санг хариуцсан Ойн газар гэсэн төрийн бүтэц байгаа. Тэгвэл 80 хувийг эзэлдэг бэлчээрийг хариуцсан төрийн бүтэц байдаггүй юм байна лээ. Тэгэхээр энэ бүх ажлыг төрийн зүгээс ямар байгууллага нь хариуцах ёстой вэ, төртэйгээ хэрхэн зохицож ажлыг явуулах вэ?
-Өнөөдөр яг тэр шатанд хүрсэн. Бэлчээрт хамаатай төр засгийн тогтолцоо ямар байна гэхээр Барилга, хот байгуулалтын яам бол бэлчээрийн төлөвлөлт хяналтыг хариуцадаг, БОНХАЖЯ нь бэлчээрийн бүх монитронг хамгаалах асуудлыг хариуцадаг, ХХААЯ бол хэрэглээ ашиглалтыг нь хариуцадаг юм. Ийм гурван яамны дунд явж байгаа. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд орон нутаг бүрт бэлчээр хариуцсан нэг мэргэжилтэн байгаа. Ийм л бүтэцтэй байгаа. Төрөөс малын талаар, малчдын талаар бодлого боловсруулдаг. Одоо бүгдийнх нь үндэс болсон бэлчээр дээр цогц бодлого, зохицуулалт хэрэгтэй байгаа юм.
-Удахгүй төрийн ордонд Монголын бэлчээрийн төлөв байдлын талаарх томоохон зөвлөгөөн болох гэж байна. Энэ зөвлөгөөний онцлог, ач холбогдол юу байна, та бүхэн энэ зөвлөгөөнөөс ямар үр дүн хүлээж байна вэ?
-Энэ зөвлөгөөнөөр Монголын ногоон хөрөнгө болсон бэлчээрийн тооллогын дүнг танилцуулна. Өнөөдөр бэлчээрийн доройтол ийм түвшинд хүрсэн байна, анхаарах цаг нь ирсэн, гэхдээ бидэнд боломж байна. Цаг алдахгүй зөв арга хэмжээ авах цаг нь болжээ. Цаг алдах юм бол магадгүй 10 жилийн дараа бүх зүйл оройтсон байна. Бусад хөгжсөн орон шиг манайх техникийн аргаар үр цацаад ургуулчих хэмжээний тийм эдийн засгийн болоод экологийн чадамжаар хомс, тэгэхээр одоо бүх зүйл өнгөрчихөөгүй байгаа дээрээ барьж авч арга хэмжээг бүх талаасаа авч хэрэгжүүлэхгүй болохгүй болжээ гэдгээ ярина. Цаашид энэ салбарыг зөв авч явахын тулд яах аргагүй төрийн зохицуулалт, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай, бодлого зохицуулалтыг ургашлуулах хэрэгтэй байна гэдгээ ярилцаж шийднэ. Энэ зөвлөгөөн асуудал ярих биш гарц шийдлийг л ярьж шийдсэн зөвлөгөөн болно байх. Энэ зөвлөгөөнд төрийн холбогдох бүх байгууллагын төлөөллүүд, УИХ-ын ХХААБ-ын хороо, Өргөдлийн байнгын хороо, манай “Ногоон алт” төслийн хамтарч ажилладаг байгууллагууд, төсөл хэрэгждэг баруун долоон аймгаас сонгогдсон гишүүд, орон нутгийн төлөөлөл оролцоно. Тэр бүх төрийн төлөөллүүдэд бид мэдээллээ өгнө, түүнийг төрийн бодлогодоо авч хэрэгжүүлэнэ гэдэгт итгэж найдаж байгаа. Ер нь бол малчид төрийн зохицуулалтыг л хүлээж байгаа. Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Ногоон алт” төслийн хүрээнд нэлээд хөрөнгө хүч зарсан нарийн судалгаа хийж үр дүнгээ Засгийн газарт тайлагнаж байна. Одоо төслийн үр дүнг бүх шатандаа ажил болгох л үлдлээ.
П.ХАШЧУЛУУН