Categories
булангууд мэдээ танайд-өнжье

“Агт-Эрдэнэ” галын уяа эхэлжээ

Зуны тэргүүн цагаагчин могой сарын таван шар мэнгэтэй шаргачин гахай өдөр “Агт-Эрдэнэ” галыг зорилоо. Уяачид хэдийнэ зусландаа гарч наадамд бэлдэж эхэлжээ. “Агт-Эрдэнэ” гал Төв аймгийн Баян сумын Их булагийн Сөдөт гэдэг газар морьдоо ногоолж байна. Тэд зусландаа гараад долоо хонож байгаа юм байна. Буянтай хэмээн алдаршсан Нийслэлийн алдарт уяач Ганбаатарын Буянтогтох “Агт-Эрдэнэ” галын ахлагч. Биднийг Г.Буянтогтох уяач угтан авсан юм. Гэртээ морины дөрвөн хүүхэд, хоёр туслах уяачтайгаа аль хэдийнэ төвхнөчихөж. Хүүхдүүдийнх нь хичээл тараагүй учир албандаа байгаа гэнэ. Эхнэр Ц.Батжаргал нь хүүхдүүдээ хараад Багахангайд байгаа юм байна. Г.Буянтогтох дөрвөн хүүхэдтэй. Том охин Анударь нь Багахангайн Хангай цогцолборын гуравдугаар анги, хоёр дахь охин Оюундарь нь нэгдүгээр анги. Дөрвөн настай Батсүлд хүү цэцэрлэгийнх. Хамгийн бага Баттөр хүү ой таван сартай. Биднийг очсон өдөр аав нь цэцэрлэгийн жаалаа дагуулаад ирчихсэн байв.

Гэрт нь орлоо. Морины хүүхдүүд нь шалмаг гэгчээр цай үйв. Г.Буянтогтох морины хүүхдүүдээ өхөөрдөөд жигтэйхэн. “Наад нөхдийг чинь шалгалтандаа бэлд гээд орхиод ирсэн юм. Гэтэл моньднууд чинь араас дугуйтайгаа яваад ирчихдэг байгаа. Удахгүй буцаана аа” гээд инээж байна. Моринд хорхойтой нөхдийг Итгэл, Дугарваанчиг гэдэг аж. Хоёулаа 2010, 2011 оны шилдэг унаач хүүхдүүд гэнэ. “Одоо мориндоо томдоод тавиач болж байгаа” гэж Г.Буянтогтох ярив. Уяачийн гал Багахангайгаас бас ч үгүй зайтай. 22 км газар дугуй унасаар хүрээд иржээ. “Ийм хол замд ядарсан уу” гэж асуухад Дугарваанчиг “Дугуйтайгаа гурван цаг явж байж ирсэн л дээ. Гэхдээ дуртай юм руугаа ирж байгаа болохоор гоё байсан” гэж хэвлүүхэн хэлчихээд гарч одов. Удалгүй цай даргиллаа. Итгэл сурмаг гэгч нь цай аягалж өгч байна. Г.Буянтогтох Монгол Улсын манлай уяач Д.Оюунбилэгийг дагаж моринд дурлажээ. Түүний уяач болсон түүх их сонин юм. Тэр дөрвөн хүүхэдтэй айлын том нь гэнэ. Төрж өссөн нутаг нь Төв аймгийн Баян сум. Монгол Улсын манлай уяач Д.Оюунбилэгийн төрсөн дүү Д.Оюунбаатар Г.Буянтогтохын сургуульд багшилдаг байж. Хүү нэгдүгээр ангид сурч байжээ. Нэг өдөр багш нь “Морь унаж чаддаг хүүхэд байна уу” гэж асууж л дээ. Морь харахаар унаад давхихсан гэж хүсдэг Г.Буянтогтох хүү ч уухайн тас гараа өргөж “Багш аа би чадна” гэчихэж. Ингээд лморь унахаар болж багшийгаа дагаад явсан аж.

Хүү анх Д.Оюунбилэг уяачийнд очихдоо морь унаж чаддаггүй байжээ. Эхэндээ морь унаж чадахгүйдээ, худлаа хэлсэндээ санаа зовж байсан ч удалгүй сурсан гэнэ. Түүний аав, ээж нь хоёулаа төмөр замын хүмүүс юм байна. Хүүгээ морь унана гэхэд хорьж сүйд болоогүй аж. Г.Буянтогтох бие жижигтэй байсан учраас долоон настайгаасаа есдүгээр анги хүртлээ морь унажээ. Моринд хорхойтой хүү сургуулийн амралт эхлэнгүүт дүн өвлөөр ч хамаагүй Оюунбилэгийнх руу алхаад ч болтугай явах гээд зүтгэдэг байжээ. Тав дахь өдөр очоод нэг дэх өдөр нь хичээлдээ амжиж очдоггүй байсан гэнэ. Г.Буянтогтох есдүгээр ангиа төгсөөд морь тавиач болжээ. Дараа нь туслах уяач болсон байна.Түүнийг Оюунбилэгийн аав Дондог гуай Буянтай гэж дууддаг байж. Тэгээд л хавь ойрынхон нь Буянтай гэдэг болжээ.

Г.Буянтогтох 2002 онд аравдугаар ангиа төгсөөд оюутан болохоор Хууль зүйн Шихихутаг дээд сургуульд бүртгүүлчихсэн байж. Хөдөөнөөс эгч нь конкурс өгүүлэхээр дагуулаад ирэхэд нь зугтаачихсан гэж байгаа. Номыг биш морийг сонгоод ирсэн хүүг манлай уяач дуртай гэгч нь хүлээж авсан гэнэ. Гэхдээ шууд морины хүн болгохыг хүсээгүй аж. Д.Оюунбилэг манлай уяач уран гартай дархан хүн байж. Багаасаа морийг нь унаж, ойр дотно явсаар ирсэн хүү дуран дархны эрдмээ зааж өгөхөөр болжээ. Г.Буянтогтохыг хотод байдаг дархны газар руугаа явуулсан ч дахиад л морио гээд хүрээд ирж.

Г.Буянтогтох цай оочлонгоо “Тэр үед Оюунбилэг ах намайг галзуурах нь гэж бодсон байх сүүлдээ явуулахаа байчихсан” гээд инээмсэглэв.

Удсан ч үгүй туслах уяач залуу оройн хоолоо бэлтгэж эхэллээ. Энэ зуур галынхан зүгээр суусангүй. Хоол болтол шийр зугаа гэдэг шиг хөзөр тоглож цагийг хөгжилтэй өнгөрөөв. Хөзөрдөж суух зуур борцтой гоймонтой шөл бэлэн болов. Галын ахлагч “Бид ид ажлын үеэр тогооч авчихдаг юм. Одоохондоо өөрсдөө бантан ч хамаагүй хийж идчихээд л болоод байна” хэмээв.

Дандаа эрчүүд байгаа гэхэд гэр нь их цэвэрхэн юм. Г.Буянтогтох “Морь ёслохоос өмнө сунгааны зам дээрээ буучихна. Арав хоноод бууна. Одоохондоо адуугаа сайхан ногоолж байна” гэж яриагаа үргэлжлүүлэв. “Агт-Эрдэнэ” галд одоогоор Нямбаяр, Буянжаргал, Энхмандах, Энхтөр гэсэн унаач хүүхдүүд байгаааж. Туслах уяачид нь Алтансүх, Түвшинбаяр хоёр. Буянтай 1985 оных, туслах уяачид нь дөнгөж 20 гарч байгаа залуус гэнэ.

Биднийг яриа өрнүүлэх зуур морины тавиач хоёр хүү унаач хөвгүүдтэй хамт хөл бөмбөг тоглоцгоов. Уяачийн гэрийн гадаа энэ мэтээр хүүхдийн дуу шуугиан ер нь л тасардаггүй бололтой.

Хөвгүүд багаасаа моринд тун эвлэгхэн байгаа харагдана. Ямар ч морин дээр зайдан мордож тэжээгдэж буй бага адуунуудаа сурамгай нь аргагүй бугуйлдана. Тэд хэдийгээр бяд суугаагүй ч сурцаараа ямар ч адууг татаж унагах нь бахархалтай харагдаж байлаа.

Галын ахлагч “Д.Оюун­билэг ахтай хамт морь уяж эхлээд 2007 оноос хойш морьд маань хурдалж эхэлсэн. Бид хоёр нийлж олон ч морь уясан даа. Морь уях эрдмийг ахаасаа л сурсан” гэж байна. Дархан хэмээх Оюунбилэг агсан бол энэ цаг үеийн тодорсон уяачдын нэг байсан. Энэ эрхэм хүний уяаны эрдмийг даацтай өвлөж авсан залуусын нэг бол Г.Буянтогтох ажээ. 2007 онд Халтар халзан морь нь Багануурт түрүүлсэн ч Улсын баярт айрагдаж чадаагүй аж. Хөвсгөлийн “Хотгойдын хурд-2007”-д хязаалан насанд Сувдан зээрд нь аман хүзүүдсэн жилээс хойш хурд нь эхэлжээ. Сүмбэн зээрд нь 2010 оны улсын наадамд түрүүлж байж. Хоёр жилийн өмнө гэхэд лайраг түрүү нь 30 хол давсан байжээ.

Г.Буянтогтох “Ер нь гардаад олон жил уяж байгаа морь андашгүй. Ханачихсан байна даа, уяа нь орчихож гэдгийг төвөггүй анзаарчихдаг. Морь болгон өөрийн гэсэн онцлогтой болохоор шинэ ирсэн морийг мэдрэхийн тулд багагүй хугацаа ордог. Оюунбилэг ах дутааж байхаар гүйцээж байгаарай гэж захидаг байсан. Ахынхаа захиасыг байнга л боддог. 2010 онд би Хонгор морио Төв аймагт уралдуулж айрагдуулаад Их хурдын эрх авчихъя, тэгээд дараа нь гурван морь уралдуулъя гэж ахад хэлсэн юм. Тэгсэн чинь ганцааранг авч яваад яахав миний хүү гээд Цогоо ахын зээрд морийг бас хамт явууллаа. Төв аймагт очсон чинь хонгор морь түрүүлээд, зээрд морь нь аман хүзүүдчихсэн. Маргааш нь улсын наадам болсон юм. Азарга үзэж байтал саарал азарга маань дөрөвт явж байгаад хадуурчихдаг байгаа. Тэр үед Сүмбэн зээрд түрүүлээд, Цоглог гурваар ирж байлаа. Халтар азаргаа хадуураад явахаар нь сэтгэлээр их унаж байсан ч хоёр морио хараад тайвширсан шүү” хэмээн яриагаа үргэлжлүүлэв.

“Уяачийн хөдөлмөр хэцүү шүү дээ” гэж байна. Тэрээр “2010 онд юм байна. Их хурдад гурван морь мордуулах гэж байсан чинь Билгээ ах Баянцагааны Батжаргал ахтай наймаа хийгээд зарчихсан. Тэгээд хоёр морьтой боллоо. Тэр жил хоёр их нас, хоёр азарга уралдуулсан. Сүмбэн маань гуравт ороод, Цоглогдолоод орсон. Их нас гарах гэж байхад Халтар халзан морины хүүхэд нь төхөөрөмжийн цаана ойччихсон. Гурван их морь уралдуулдаг хүн чинь ганцхан их морьтой болсон доо. Гэхдээ Хонгор морь маань тасархай түрүүлсэн шүү. Өмнө нь би найзууддаа манай Хонгор морь хурдан байгаа гэж тэрүүхэндээ омогшоод хэлчихсэн байсан юм” гэж хэлээд хөгжилтэй инээв.

Г.Буянтогтох одоо “Нүү­­дэл­­чин” группын Ш.Лхамсүрэнгийн морьдыг уяж байгаа гэнэ. Тус группээс Буянтай уяачийн нийгмийн даатгалыг төлдөг аж. Ер нь л уяачаа нэлээд харж үздэг бололтой. Өнгөрсөн хавар гэхэд л хоёр өрөө байр авч өгчээ. Мөн Төв аймгийн Дэлгэрхангай сумын уугуул Мөнгөншагай гэдэг хүний морийг ч уяж байгаа аж. Биднийг ийн яриа хөөрөө үүсгэж суухад түрүүнээс хойш гарч орж гүйлдэж байсан хүүхдүүд “Үхэр ирчихлээ” хэмээн хэлээд саахаар гарцгаалаа. Бид ч араас нь гарлаа. Нэг нь ивэлгэж өгөөд, нөгөөх нь төвөггүй саачихав. Галын ахлагч “Хүүхдүүд амраад эхнэр ирчихвэл цагаатай болох байх даа. Одоохондоо ч цайны сүүнээс цаашгүй л сууцгаана” гэж байна.

Тэрээр галынхаа Хонгор морины угшлыг сонирхуулав.Баян сумын Мөнхөө гэдэг хүний олон айрагдаж түрүүлсэн хул азарга Хонгор мориных нь эцэг байж. Г.Буянтогтох “Түүний төл хул азарга манай талийгч ах дээр ирсэн юм. Үүнээс гадна Баянцагаан сумаас Ш.Батжаргал гэдэг айлынхаас нэг хүрэн гүү ирсэн юм. Тэр хүрэн гүүг ам цагаан хул азаргандаа хураалгасан чинь дундаас нь Дөлгөөн хонгор морь маань гарсан. Дөлгөөн хонгорын ах нь их хурдад гуравт орсон Халтар морь. Их хурдад төрсөн ах дүү хоёр түрүүлсэн түүх байхгүй. Энэ хоёр маань Төв аймгаас гарсан угшлын морьд шүү дээ” гэж бахархангуй ярилаа.

Буянтай уяач “Бид чинь морь айрагдаж түрүүлэхэд баярлах тэр сэтгэлийг л мэдрэх гэж морь уядаг улс. Дараа жилийн наадам даанч хол байна гэдэг шүү дээ. Дөрвөн сарын сүүлээр л сэтгэл хөдлөөд сайхан болдог. Хөндлөнгийн хүмүүст бидний ажлыг харахад хэцүү л санагддаг байх. Харин бидний хувьд жинхэнэ аз жаргал энд л бий. Морио хаяад хотод хэд хонох ямар хэцүүг хэлэх юм биш” гэж байна. Хурдан морины эргэн тойронд янз бүрийн сайн муу яриа байдаг. Энэ нь магадгүй монгол ахуйгаас хол хөндий өссөн ч юм уу, монголоосоо гарч үзээгүй хүмүүсийн яриа байж болно. Харин монголоосоо олон жилээр гадна байсан ямар ч монгол хүнд өнөөдөр бидний зүхээд байгаа энэхүү хөдөө ахуй, монгол наадмын сайхан нь илүү тод мэдрэгддэг юм билээ. Америкт сурахаар очсон хотын унаган охин тэнд байх хоёр жилийн хугацаандаа “Толин хул” дуунд жигтэйхэн дуртай болсноо ярьж байсан. Энэ бол би монгол хүн юм байна гэдгээ мэдэрч байгаа шинж биз ээ. Монголынхоо сайхныг ийнхүү мэдрүүлж өгч буй монгол эрчүүдийн нэгэн төлөөлөл бол залуу уяач Буянтогтох гэж хүндэтгэн үзэх ёстой санагдана.

“Танд унаган адуу байгаа юу” гэж асуухад “Олон сайхан азарга уяж байсны хэрэг юу билээ. Буянтайгийн унаган адуу гэж нэрлэгдэх морьд бий.Энэ жилээс өөрийн нэр дээр уралдуулна. Нас насны долоо, найманморь байгаа” гэснээс өөр үг унагасангүй.

Тэд орой 19.00 цагийн үедадуугаа услахаар явцгаалаа. Гурав хувааж усалдаг юм байна. Морьдоо усалж ирэх хооронд нь гэртээ үлдсэн туслах уяач Алтансүх зүгээр суусангүй. Морьдын тэжээлээ зуураад уутанд хийгээд бэлдчихэв. Одоогоор 30 морь тэжээж байгаа учраас нэг тэжээхэд л хоёр шуудай хивэг хэрэг болдог гэнэ. Тэжээлээ бэлдээд дуусч байхад нь хотоос нэг портер ирэв. Тэдний галын Мөнгөншагай туслах уяачдад шинэ мотоцикль явуулжээ. Энэ галынхан зуны гурван сард нэг мотоциклийг адуундаа явж элээдэг юм байна.

Усаа уугаад ханасан морьд шууд гэрийнхээ гадаа ирээд тэжээлээ идэхээр овоорлоо. Туслах уяачид бэлтгэсэн тэжээлээ нэг нэгээр нь толгойд нь углаад хоорондоо булаалдахаас сэргийлж харж зогсов. Анх тэжээж эхэлж байгаа дааганаас бусад нь өөрсдөө хүрч ирээд тэжээлээ сурмаг гэгч нь идчихлээ. Зарим даагыг бугуйлдаж байж тэжээлийг нь өгч харагдав. Ингээд бид 21.00 цагт Г.Буянтогтохын галаас буцлаа. Хүй мандлын буурал дэнж наадмаа хүлээн буй энэ цаг дор ийнхүү Буянтогтох уяачийнхаар бууж мордлоо. Монгол наадмын чимэг болсон морь хүүхэд хоёрынхоо дунд Буянтогтох уяач жаргалтай нь аргагүй алхаж монгол наадмаа тэсч ядан хүлээн байгаа нь хэдхэн цаг саатсан энэ мөчид мэдрэгдэж байлаа. Морины уяан дээр муу үг хэлэлцэгдэж, муу санаа оршдоггүй гэсэн өвгөдийн үг бий. Гэгээн тунгалаг энэхүү ахуй орчноос гэрэлтэй сайхан сурвалжлага бэлдэх урамтай байлаа.

С.АРИУНЖАРГАЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *