ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг АТГ-ынхан баривчилсан. Тэрбээр баривчлагдахаасаа өмнө буюу Германаас ирээд хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Юу ярьсныг нь тоймлон хүргэе.
Би бол сөрөг хүчний хөрөнгөтэй залуусын “зохиосон” дүр
Өөрийг нь оргон зайлсан гэх ярианы тухай тэрбээр “Үйл ажиллагаа нь эрс сайжирч, олборлолт борлуулалт нь хэд дахин нэмэгдсэн төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компанийг төрийн луйварчид баллаж дуусгахаас нь өмнө аварч хувийн хэвшилд шилжүүлье гэдэг “найруулгатай” жүжиг ид өрнөж байгаа. Энэ жүжгээ амжилттай болгохын тулд хуучин муу дүрээ сэргээж ашиглаж байгаа л төдий юм. Үнэндээ би “ардчилал”-ыг муухай харагдуулахын тулд сөрөг хүчний хөрөнгөтэй залуусын “зохиож” бий болгосон зохиомол дүр. Энэ дүрийг “Шинэчлэл”-ийн Засгийн газрыг огцруулахдаа амжилттай ашигласан “ах” нар одоо ээлжит хулгай дээрээ дахин ашиглах гэж оролдож байгаа нь үнэхээр зэвүүцэм санагдаж байна. Өнөөдөр намайг золигт гарган бохир улс төр хийж байгаа “ах” нараас 27, 28-тайдаа та нарыг хувьсгал хийж байхад чинь өмнөх үе чинь ингэж зүхэж золиослож байсан уу гэх мэт олон зүйл асуумаар л байдаг. Бухимдал гэж илэрхийлэхэд ч багадмаар хэцүү цаг үеүдийг туулж байна. Бид залуу гэр бүл, хүүхдүүд өсч том болж байна. Огт хамаагүй зүйлсээс болж хүн бүрийн харцанд зэмлүүлж амьдарсаар байх уу гээд олон бухимдмаар зүйл байна даа. Маш их зүйлийг тайвнаар хүлээж аван хүлээцтэй хандахыг л хичээх юм” гэжээ.
Н.Алтанхуяг манай хадам аав биш
Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай яаж холбогдсон талаараа “Н.Алтанхуяг даргатай 2007 оноос хамт ажиллаж байгаа.УИХ дахь АН-ын бүлэгт зөвлөхөөр ажиллаж байхдаа сургуулиа дөнгөж төгссөн намайг багшаар минь дамжуулан дуудаж уулзаад, “Надад гурван бодлого байна. Энэ бодлогыг бодоход чи туслах хэрэгтэй байна” гэсэн юм. Бид хоёрын танилцсан түүх энэ. Эхнийх нь бодлого төрийн албан хаагчийн цалинг 500 мянган төгрөг болгох тухай байсан. Нөгөө хоёр нь Оюутолгой, Тавантолгой дээр тооцоо бодож, математик загвар боловсруулах байсан. Бодох нь ээ, хэрэглээний математикч болохоор надад хандсан нь тэр байж. Энэ чиглэлээр мэргэшсэн болохоор тэр гурван бодлогыг нь бодъё, чадна гэсэн. Тэгээд математик загварыг нь боловсруулахаар болсон. Ингээд би УИХ дахь АН-ын бүлгийн ажилтан болсон. Ингэж явсаар 2008 оны сонгуультай золгосон. Сонгуулийн дараа би ажлуудаа дуусгаж, тодорхой үр дүнд хүрчихсэн байсан. Тэгэхэд Н.Алтанхуяг дарга намайг үнэлсэн юм болов уу, 2008-2012 онд хамтарсан Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар ажиллахдаа зөвлөх, дараа нь ахлах зөвлөхөөрөө ажиллуулсан” гэжээ. Харин эхнэрийнхээ тухайд “Намайг тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байх үед буюу 2011 онд гадаадад сургууль төгссөн боловсролтой нэг бүсгүй Н.Алтанхуяг даргын зөвлөхөөр ажилласан. Залуу хүмүүс танилцсан, үерхсэн, нэг нэгэндээ татагдсан. Бусад залуусын адил л бид хоёр учирсан.Н.Алтанхуяг дарга манай хадам аав биш. Би дүүгийнх нь охинтой ингэж хамт ажиллаж байхдаа дотносож танилцаад гэр бүл болсон. Тэр үед Н.Алтанхуяг даргын хамаатан гэж мэдээгүй. Найз охин маань ч хэлээгүй. Дараа нь мэдсэн. Ер нь бол даргатайгаа хамаатан болж болохгүй гэсэн хууль байхгүй биз дээ. Гэхдээ Н.Алтанхуяг дарга бид хоёр хамаатан боллоо гээд өмнөх харилцаа огт өөрчлөгдөөгүй. Ажил хэргээ зөвшилцдөг, ярилцдаг, заадаг, зөвлөдөг яг ямар байсан тэр янзаараа л үргэлжилсэн” гэсэн байна.
Цахим хурал, “11 11” төвийг санаачилсан
ЗГХЭГ-ын дэд даргын суудалд очсон талаараа “2008-2012 оны хамтарсан Засгийн газрын үед Хэрэг эрхлэх газарт манай ажиллаж байсан гурав, дөрөвхөн хүний нэг нь би. Тийм болоод л ЗГХЭГ-ын дэд даргаар томилсон байх. ЗГХЭГ-ын дэд дарга болчихоод үндсэн хоёр функц хариуцаж ажилласан. Яахав залуу хүний эрч хүчээр шинэ, шинэлэг зүйлс хийчихье гэж нэлээд оролдсон. Хийсэн, эхлүүлсэн шинэлэг ажлууд маань ч одоо үргэлжлээд явж байгаа байх. Жишээ нь, орон нутгийн хөрөнгө оруулалт хариуцсан хүн Баян-Өлгий аймгаас онгоц, байр, хоолны мөнгө гээд өчнөөн зардал гаргаж 1000 гаруй км туулан байж Улаанбаатарт ирдэг. Тэгээд аймгийнхаа асуудлыг шийдүүлэх гэж Сангийн яамны нэг хэлтсийн даргын үүд сахидаг. Хугацаа, мөнгө үрсэн энэ тогтолцоог өөрчилж, “Цахим хурал” бий болгосон. Миний санаачилсан бас нэг ажил бол “11 11” төв” гэж ярьжээ.
“Дуусаагүй обьектын зөрчлийг зарласнаар өөр дээрээ гал дуудсан”
Тэр ингэж ярьжээ. Тодруулбал, “2012 оны есдүгээр сард ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдсоны дараахан Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ховд, Увс, Баян-Өлгий аймагт ажилласан. Энэ хугацаанд аймгийн удирдлагуудаас ч, иргэдээс ч гарч байсан гол санал нь нэг зүйл дээр их төвлөрдөг байсан л даа. Тэр нь дуусаагүй объект. Тиймээс хотод буцаж ирээд дуусаагүй барилгын жагсаалтыг улсын хэмжээнд гаргаж үзэхэд тухайн үед 133 объект байсан. Тэр бүгдэд шалгалт оруулаад үзэхэд маш олон зөрчил илэрсэн. 2009 онд төсөвт өртөг нь 800 сая төгрөгөөр эхэлсэн сургуулийн барилга дараа жил нь дуусдаггүй. Дараа жил нь дахиад л ямар нэгэн шалтгаанаар төсөвт өртөг нь нэмэгддэг. Замын ажлуудыг хэлж болж байна. Дуусаагүй хэрнээ жил бүр үнийн дүн нь өсөөд явдаг том зөрчил байсан. Бас нэг нь тендерт ялсан компаниуд нь ажлаа хийж дуусдаггүй мөртлөө санхүүжилтээ аваад байдаг зөрчил. Барилгынхаа 30 хувийг л барьсан хэрнээ Сангийн яамнаас яагаад ч юм 70 хувийн санхүүжилт авчихдаг. Тэгээд барилгаа гүйцээдэггүй. Үүнийгөөрчилж, цэгцэлье гэж шийдсэн учраас зарласан. Хожмоо “Авлигажсан төсөв” гэж зарладгийн үндэс нь ч энэ л дээ. Дуусаагүй объектийн энэ зөрчлийг зарласан нь над руу маш том гал дуудсан гэж одоо боддог юм” гэсэн байна.
“Н.Алтанхуяг гэдэг хүнийг муухай харагдуулах гэсэн зохиомол хэрэг байсан”
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга байхдаа их хэмжээний мөнгө завшсан, эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компаниар дамжуулж 17 тэрбумын тендер авсан гэдэг шуугианы тухай ийм тайлбар хийжээ. “Эрдэнэс-Тавантолгой”-н ТУЗ-ийн даргын ажлыг долоон сар орчим хугацаанд л хашсан. Энэ хугацаанд 17 тэрбум байтугай нэг ч төгрөгийн тендер аваагүй гэдгээ хатуу мэдэгдье. Нэг л өглөө тийм сенсаац мэдээ сайтуудаар тарсан.Ёстой юу ч мэдэхгүй байхад л над руу дайралтууд ирж эхэлсэн. Зогсоо зайгүй, тасралтгүй гүтгээд унахаар хүн эхэндээ “пааниг”-т ордог юм билээ. Юу болоод байгааг ч ойлгохоо байсан. Өөрөө тайлбарлая гэхээр хүмүүс хүлээж авахгүй байсан. Бүх л сонин хэвлэлээр “Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэн бол муу хүн” гэсэн зохион байгуулалттай PR явчихсан. Манай эхнэр хүүхдээ гаргачихсан, нярай биетэй гэртээ байсан үе.
Юун тендер, юун Тавантолгой вэ. Тэгээд ч тэр компанийн Уянга нь “Ж” овогтой. Манай эхнэр Г овогтой. Ер нь бол Дэнзэн гэдэг хүнтэй яаж энэ бүхнийг холбох вэ гэж бүх талаас нь судалсан байдаг юм билээ.
Ерөөсөө л Н.Алтанхуяг гэдэг хүнийг муухай харагдуулах гэсэн зохиомол хэрэг энэ байсан. Эхлээд Г.Дэнзэн, тэгээд Л.Гансүх зөвлөх гээд Н.Алтанхуяг даргыг тойрсон хүмүүс рүү дайралтууд явсан. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын тулд, “Шинэчлэл”-ийн Засгийн газрыг унагахын тулд зохион байгуулалттайгаар нэр хүндийг нь унагах гэж дайрсан. Жишээ нь, тэр үед “Г.Дэнзэн муу хүн” гэж нэг ч удаа дайраагүй ш дээ. Дандаа л “Ерөнхий сайдын хүргэн Дэнзэн бол муу хүн” гэж дайрсан байдаг юм. Эхлээд хэвлэлээр гутаан доромжилж, энэ үнэхээр муу хүн юм байна гэсэн ойлголт ард түмэнд төрүүлж байгаад л огцруулдаг юм байна лээ. Тэгээд тасралтгүй хэвлэлээр дайрсан ш дээ, над руу. Бас тэр үед нь Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл давхацчихсан. Тэгж л би том улс төрийн золиос болсон хүн” гэсэн байна.
“Я.Батсуурь захирал сайн ажилласан”
Харин “Эрдэнэс Таван толгой” компанийн тухай “Анх намайг энэ компанид очиход үнэхээр хүндрэлтэй нөхцөлүүд угтсан. 350 сая ам.долларын зээл аваад ард иргэддээ тараачихсан, компанийн санхүүгийн байдал маш хүнд. Тэгээд яаж босгох вэ гэж бодсон. Ер нь бол зардал хэмнэхээс ажлаа эхэлсэн. Яагаад гэхээр маш үрэлгэн гэмээр зардлууд “Эрдэнэс-Тавантолгой”-д байсан. Хоёр гадаад захиралтай, тэд жилдээ 300 сая төгрөгийн цалинтай, сарын зургаан сая, жилдээ 72 сая төгрөгөөр Зайсанд орон сууц хөлсөлж амьдардаг байсан. Ингээд зогсохгүй эхнэр, хүүхэдтэйгээ жилд 2-3 удаа гадаадад зорчих зардлыг нь даадаг гэрээтэй байсан юм. Иймэрхүү гаж тогтолцоог нь өөрчилсөн. Тэгээд ч ТУЗ-ийн шийдвэр гэдэг хамтынх байдаг, ганц Г.Дэнзэнгийнх биш” гээд Я.Батсуурь захирлыг баривчилсан явдлыг гайхдагаа хэлжээ. Цааш нь “Эрдэнэс-Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь, түүний хамт олон үнэхээр сайн ажилласан. Компанийг зөв түвшинд аваачиж ажиллахын төлөө их хүчин чармайлт гаргаж “Эрдэнэс-Тавантолгой”-н үйл ажиллагааг ахицтай, бодитоор сайжруулж чадсан хүн. Хүмүүс Тавантолгойг их амархан төсөл юм шиг ойлгодог. Тийм болоод л бүгд ярьдаг биз. Гэтэл үнэхээр хүнд ш дээ. Гадаад захирлууд нь 300 саяын цалин авч байхад жирийн уурхайчин нь сарын 600 мянган төгрөгийн л цалинтай ажилладаг” хэмээн ярьжээ.
“Буруугүй гэдгээ баримтаар нотолно”
Тэгвэл ажлаа өгчихсөн,Н.Алтанхуяг огцорчихсон байхад яагаад АТГ өөрөөр нь оролдоод байгаа тухай ярихдаа “ТӨК-ийг үнэгүйдүүлж бүлэглэлийнхээ мэдэлд авах гэсэн явцуу шуналтай хүмүүсийн явуургүй арга. Муу нэртэй Дэнзэнтэй холбож байгаад бүхнийг амжуулъя гэсэн башир арга. Тэрэндээ Я.Батсуурь захирлыг хутгах гэж оролдсон гэж харж байна. Үүний баталгаа нь тухайн үед ч, одоо ч АТГ-аас намайг шалгасан зүйл нэг ч байхгүй байгаад юм. Огт хэрэг хийгээгүй хүнийг шууд гүтгээд шоронд хийх хэмжээний зориг тэднээс арай л гарахгүй байх. Үнэн миний талд учраас би зоригтой байгаа. АТГ намайг огт шалгаагүй хэрнээ шалгаж байгаа мэтээр зарладаг, хэвлэлийн бага хурал хийдэг. Хэрэг хийсэн бол би 2013 ондоо л явдаг газар руу нь явах байсан биз. Германаас ирснээс хойш намайг дуудаж шалгаагүй. Угаасаа хийсэн хэрэггүй хүнийг яаж дуудаж байцаах юм” гээд ойрын ирээдүйд тавьсан зорилгоо хэлжээ. “Үнэн учрыг илчилж, бохир улс төрийн золиос болсноо нотолмоор байна. Холбогдох байгууллагуудад нь хандана. Би буруугүй гэдгээ баримтаар удахгүй нотлох болно. Мөн залуу хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх талаар том зорилго тавиад байгаа. “Тони Блэйр” санд ажилласан жил гаруй хугацаандаа нэг зүйлийг хатуу ойлгосон. Хүн төрөлхтний хөгжилд шинэ хувьсал явагдаж байна. Хүнд үйлдвэрлэл, байгалийн баялаг бус өндөр технологи, шинжлэх ухаанд суурилсан шинэ эдийн засгийн загварчлал боловсрогдож байна. Үүнд зориулж эх орондоо хэрэгтэй, хэрэгцээтэй хүн болохын тулд тасралтгүй өөрийгөө хөгжүүлэхээр хичээж суралцаж байна даа. Ер нь бидний үе буюу шинэ үеийнхэн өөр амбийцтай байгаасай гэж хүсч байгаа. Дотоод улс төр тойрсон бохир арга барилд автан нэг нэгнээ барьж хэмлээд эхэлбэл цаашдаа өнөөгийн энэ байдал ахин хэчнээн жил үргэлжилж, үр хүүхдэдээ ийм л нийгмээ өвлүүлсээр байх уу гээд олон зүйлийг эргэцүүлж бодох ёстой цаг үе юм. Гучтай залуус компьютерийнхээ ард гайхамшиг бүтээж дэлхийн хэмжээний баялаг бүтээж байхад, бид нэгнээ улс төрийн зорилготой бохир шүлсээр будаж суух нь зөв үү гэхчилэн эмзэглэмээр зүйл олон байна” хэмээсэн юм.
АТГ-ЫНХАН Г.ДЭНЗЭНГ ГЭРЭЭС НЬ ХҮЧ ХЭРЭГЛЭН БАРИВЧИЛЛАА
-Гэрт нь үзлэг хийж хамаг эд зүйлсийг нь онгичсон байна-
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас өчигдөр 13.00 цагийн орчим баривчиллаа. АТГ-ынханГ.Дэнзэнгийн гэрт очсон байна. Гэрийнх нь хаалгыг тогшихоор ньтүүний эхнэр хаалгаа тайлж өгтөл АТГ-ын мөрдөн байцаагч нар угз татан дэлгээд бөөнөөрөө ороод ирсэн гэнэ. Тэгснээ гэрт нь үзлэг хийх прокурорын зөвшөөрлийг үзүүлэн гэрийнх нь эд зүйлсийг онгичжээ. Ор, дэр, гал тогоо, хувцасны шүүгээ, авдар сав гээд л байгаа бүхнийг нь уудалж, үзэж болох бүх зүйлсийг нь онгичсон байна. Мөн бичиг баримт хадгалж байсан хавтаснуудыг ньнэг нэгээр нь салгаж бүрэн нэгжлэг хийжээ.Г.Дэнзэнгийнхүүхэд АТГ-ынхнаас айн уйлж, эхнэр нь гэрийн эд зүйлсийг онгичин гаргаж хаяж байгааг эсэргүүцэн1937 оны хэлмэгдүүлэлтийн үеийн үйл явдал шиг дүр зурагхөвөрсөн тухай гэрчүүд ярьж байна. Ингээд АТГ-ынхан хайсан зүйлээ олоогүй бололтой нэгжлэгээ зогсоогоод Г.Дэнзэнд хувцсыг нь өмсүүлэн шууд албадан баривчилжээ. 14:00 цагийн үед АТГ-т Г.Дэнзэнг аваачсан байна. Харин өчигдөр 20:00 цагийн орчимд прокурорын зөвшөөрлөөр 14 хоног саатуулах албан бичиг үзүүлэн Цагдан хорих 461 дүгээр анги руу ачсан байна.
Арга ядаад АТГ-ын үүдний өрөөнөөс үйлчлүүлэгчийнхээ нэрийг дуудаж хашгирлаа
Энэ талаар түүний өмгөөлөгч Д.Содномдоржтой холбогдож цөөн асуултад хариулт авлаа.
-Г.Дэнзэнг АТГ-ынхан хууль зөрчиж албадан баривчилсан байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Миний үйлчлүүлэгч Г.Дэнзэнг АТГ-ын алба хаагчид хууль бусаар албадан саатуулаад байна. Өмгөөлөгчид нь огт мэдэгдэлгүй гэрт нь дайрч орооднэгжлэг хийж, эхнэр, хүүхдийг нь айлгаад албадан баривчилсан байгаа юм. Өмнө нь нэг ч удаа АТГ-аас дуудаагүй мөртлөө шууд ингэж албадан баривчилж өмгөөлөгчгүй мэдүүлэг авах эрх байхгүй. Энэ бол хууль зөрчсөн асуудал. Тэд яаж байцаалт авч байгааг одоо болтол мэдээгүй байна. Магадгүй эрүү шүүлт тулгаж байхыг үгүйсгэх аргагүй. Үйлчлүүлэгчийгээ баривчлагдсан гэдгийг сонсоод АТГ-т ирсэн. Гэвч намайг дотогш нэвтрүүлсэнгүй. Хаана ямар өрөөнд байгааг нь мэдэж чадаагүй. Ямар мөрдөн байцаагч албадан байцаалт авч байгааг ч мэдэх боломж байсангүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41-д өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ хаана, хэдийд ч уулзах эрхтэй гээд заачихсан байдаг. Үүнийг АТГ-ынхан шууд зөрчиж байна. “Үйлчлүүлэгчээ хаана байцаалт авч байгааг мэдмээр байна.Хуулийн дагуу уулзмаар байна” гэх хүсэлтийг АТГ-ын бүх удирдлагуудад тавьсан. Гэвч миний хүсэлтийг хүлээжавсангүй. Арга ядаад АТГ-ын үүдний өрөөнөөс үйлчлүүлэгчийнхээ нэрийг дуудаж хашгирлаа. Мөн телевиз дуудаж ярилцлага өгсөн. Тэгсэн “Чи яасан их хэл амтай юм. Чамайг цагдаад шалгуулна гээд хоёр мөрдөн байцаагч өрөө рүүгээ чирч оруулах гэж оролдлоо. Юу гэсэн үг вэ. Хуулийн байгууллага ингэж авирлаж болохгүй биз дээ. Эрүүгийн хуулинд 35, 36 дугаар зүйл ангид сэжигтэн өмгөөлөгчтэйгөө уулзах эрхтэй, өмгөөлөгчтэйгөө байцаалт өгөх эрхтэй гээд тодорхой заачихсан байхад АТГ-ынхан ингэж авирлаж байна.
-Тантай огт уулзуулалгүй цагдан хорих анги руу ачаад явчихсанюм уу?
-Одоо болтол хаана байгааг нь мэдэж чадаагүй байна. Сураг сонсох нь цагдан хорих төв рүү ачаад явсан гэсэн мэдээлэл байна. АТГ-ынхан улс төржиж байгаагийн нэг илрэл гэж үзэж болохоор байна.Тэд хүний эрх, хууль журмыг уландаа гишгэж байна гэв.
“Үнэн миний талд учраас би зоригтой байгаа”
Г.Дэнзэн Эрдэнэс Таван толгойн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээр байдаг“Говь повер” компанид эвлэрлийн гэрээний үндсэн дээр 4.6 тэрбум төгрөг шилжүүлсэн хэрэгт шалгагдаж байгаа юм. Дээрх хэрэгт шалгагдаж байгаа талаараа зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. “Би бохир улс төрийн золиос болсноо нотлох болно” гэсэн гарчигтай нийтлэгдсэн ярилцлагадаа “Говь повер” компани руу мөнгө шилжүүлсэн талаар“Нэг л өглөө тийм сенсаац мэдээ сайтуудаар гарч ирсэн. Ёстой юу ч мэдээгүй, юу ч мэдэхгүй байхад л над руу дайралтууд ирж эхэлсэн л дээ. Зогсоо зайгүй, тасралтгүй гүтгээд унахаар хүн эхэндээ “пааниг”-т ордог юм билээ. Юу болоод байгааг ч ойлгохоо байсан. Өөрөө тайлбарлая гэхээр хүмүүс хүлээж авахгүй байсан. Манай эхнэр хүүхдээ гаргачихсан, нярай биетэй гэртээ байсан үе. Юун тендер, юун Тавантолгой вэ. Тэгээд ч тэр компанийн Уянга нь “Ж” овогтой байсан. Манай эхнэр бол Г.Уянга. Би тэгээд ч тэр компанитай холбогдъё гэж бодоогүй. Аягүй бол асууж сураглавал ахиад холбоно биз гэж бодсон. Ер нь бол Дэнзэн гэдэг хүнтэй яаж энэ бүхнийг холбох вэ гэж бүх талаас нь судалсан байдаг юм билээ. Жишээ нь, Уянга гэдэг нэр гарангуут эхнэр нь болгоод л, “Говь повер” гэдэг компани гэнгүүт Г.Дэнзэн Дорноговийнх гэж холбоод л. Ийм л байсан ш дээ. Намайг огт шалгаагүй хэрнээ шалгаж байгаа мэтээр зарладаг, хэвлэлийн бага хурал хийдэг. Хэрэг хийсэн бол би 2013 ондоо л явдаг газар руу нь явах байсан биз. Би дээр хэлсэнчлэн энэ бол ТӨК-ийг үнэгүйдүүлж бүлэглэлийнхээ мэдэлд авах гэсэн явцуу шуналтай хүмүүсийн явуургүй арга. Муу нэртэй Дэнзэнтэй холбож байгаад бүхнийг амжуулъя гэсэн башир арга. Тэрэндээ Я.Батсуурь захирлыг хутгах гэж оролдсон гэж харж байна. Үүний баталгаа нь тухайн үед ч, одоо ч АТГ-аас намайг шалгасан зүйл нэг ч байхгүй байгаад юм. Огт хэрэг хийгээгүй хүнийг шууд гүтгээд шоронд хийх хэмжээний зориг тэднээс арай л гарахгүй байх. Үнэн миний талд учраас би зоригтой байгаа” гэсэн ярилцлага өгсөн.
Түүнийг АТГ-ынхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн бодит нотлох баримтыг дэлгэж эхлэнгүүт баривчиллаа. Үнэний шүүгч нь хүн өөрөө байдаг.Дэнзэн өөрийнхөө буруугүй хэлмэгдүүлж байгааг мэдэж байгаа учраас АТГ-ын эсрэг хүчтэй дуугарчээ. Үүнийг нь АТГ-ынхан айхавтар реакцтай хүлээн авч байгаа нь энэ бололтой.
Э.Хүрэлбаатар