Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг: Оюу толгойд улс төр хэрэггүй, энэ бол цэвэр бизнесийн харилцаа

АНЭУ-д айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр эх орондоо ирлээ. Тэрбээр аяны богцоо “Чингэс хаан” олон улсын нисэх буудалд хэвлэлийнхэнд задалсан юм. Энэ удаагийн айлчлал маш их үр дүнтэй, ганзага дүүрэн буцаж ирсэн тухайгаа Ерөнхий сайд эхлээд онцоллоо. Сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Удаан хүлээсэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Манай ажлын хэсэг, айлын ажлын хэсэгтэй Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон, Дубайд хэлэлцээр хийсний эцэст гарын үсгээ зурлаа. Дубайд зурсан нь их утга учиртай. Яагаад гэхээр Дубай хот нь дэлхийд АНУ-ын Нью-Иорк, Сингапурын дараа ордог санхүү эдийн засгийн төв юм. Дубайд Оюутолгойн энэ том төсөл үргэлжлэх шийдвэр гарсан нь өөрөө дэлхий дахинд хурдан хугацаанд сурталчлагдаж эерэг мэдээлэл түгэхэд дөхөм байлаа. Хөрөнгө оруулагчид, Олон улсын байгууллагууд, Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагчдад баяр хүргэсэн үйл явдлууд үргэлжилж байна. Зарим хэвлэл, мэдээллийн байгууллагуудаар Ерөнхий сайд гэрээнд гарын үсэг зурчихлаа гэдэг зүйл бичиж, ярьж байна. Эхний ээлжинд хариу өгөхөд ямарваа нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. Далд уурхайг үргэлжлүүлж ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Хоёрдугаарт, холбогдох аж ахуйн нэгж компаниуд, байгууллагын дарга нар зурсан байгаа. Өнөөдрөөс эхлээд Оюу толгой бол Засгийн газрын ч асуудал биш, улс төрийн ч асуудал биш болно.

Өнөөдрөөс эхлээд Оюу толгой эдийн засаг болон компани хоорондын асуудал болно. Тийм учраас улс эх орноо боддог л юм бол өнөөдөр улстөрчид Оюу толгойн асуудалд хутгалдах шаардлагагүй. Одоо Оюу толгойг зүгээр л орхих хэрэгтэй ийм цаг ирсэн. Эрдэнэт үйлдвэртэй адилхан Оюу толгой гэдэг ийм том бүтээн байгуулалт, энэ том үйлдвэр маань өөрөө үргэлжлүүлж ажиллах шаардлагатай болсон. Оюу толгойн далд уурхайг эхлүүлэхтэй холбогдуулаад хэд, хэдэн зүйлүүдийг хэлье.

Нэгдүгээрт, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудлыг аль аль талаасаа тавигдаагүй. Мэдээж аль, аль талд нь хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт байгаа. Энэ хэлэлцээрийн явцад хөндөгдөөгүй. 2009 оныхоо гэрээг үндэслэж явсан. Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Хоёр тэрбумын хэтрэлтийн асуудлыг 2009 оны ТЭЗҮ-ээр ярьдаг. Бид аль, аль талаасаа ярьсаар байгаад 1.2 тэрбумын ТЭЗҮ-ийн хэтрэлт дээр удирдлагын зардлын төлбөр төлье, бусад дээр нь төлөхгүй гэдэг дээр хоёр тал тохиролцсон байгаа. Монголын талд ашигтай болсон бас нэг зүйл бол удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсан. Үүнийг далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь дээр буулгаж барихаар тохиролцож чадсан. Дараагийн нэг асуудал бол бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой болж байгаа. Хоёр талаасаа хоёр, хоёрхүн оруулсан. Монголын талын хүн ахлаад одоо цаашид Оюутолгойн уурхай дээр хийх бүх зардалд хоёр тал болон Монголын Засгийн газар өөрийнхөө хяналтыг тавих бололцоотой болсон. Та бүхэн 53:47 гэсэн тоог байнга сонсож байсан байх. Монголын тал энэ төслийнхуучин 53 хувь, Рио Тинтогийн тал 47 хувийг авна гэсэн зарчим өмнө нь ямар нэгэн баримт бичгэн дээр огт засагдаагүй байсан. Одоо бид далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан байгаа. Хоёр талаас бүх тооцоонуудаа нэгтгэсэн. Бидний хувьд гадны том зөвлөх компаниудыг авч ажиллуулахгүй гэдэг шүүмжлэл хуучин гарч байсан. Үүний дагуу хуулийн зөвлөхөөр, “Шэйнинг Стэйлинг” гэдэг том компанийг хуулийн зөвлөхөөр, “Black stone” гээд энэ компанийг санхүүгийн зөвлөхөөр авч ажиллуулсан байгаа. Хоёр тал хуучин өөрсдийнхөө тоог янз бүрээр ярьдаг байсан. Одоо үндсэндээ хоёр талын бүх тоонууд нэгдсэн нэг тоон дээрээ тогтсон. Үүний дагуу хуваалтыг тооцоход түрүүний 53:47 гэдэг харьцаа Монголын талд 54.9 хувь болж очихоор бүх тохиролцоогоо хийсэн. Одоо 54.9 хувиас илүү Монголын талд ашигтай 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр байх боломж байхгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Татварын асуудал үүссэн байсан. Татварыг нэмж 30 сая ам.долларыг төлөөд айлын талаас Олон Улсын Арбитр руу хандах гэж байсан тэр бүх процессыг зогсоосон байгаа. Татвар дээрээ 30 сая долларын татвараа аваад цаашид татвар дээр ямар нэгэн маргаангүйгээр хоёр тал бүх асуудлыг ойлгож явахаар тохирсон. Татварын асуудлыг гэрээнийхээ дагуу 2009 онд тогтворжих ёстой байсан тэр хүрээгээр нь, мөн Монгол Улсын өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудынхаа хүрээнд татварынхаа асуудлыг нэг мөр шийдсэн. Одоо дахиж энэ төсөл дээр татвартай холбоотой элдэв, маргаан гарах шаардлагагүй болсон. Энэ байгуулсан төлөвлөгөө бол ямар ч нууц зүйл байхгүй. Төлөвлөгөөнд гарын үсэг зурсны маргааш нь энэ нь өөрөө олон нийтэд зарлагдсан компани учраас вэб сайт дээр нь гарсан байгаа. Бид Монгол орчуулгыг нь маргааш Засгийн газрын вэб хуудсан дээр албан ёсоор тавина. Нуух зүйл огт байхгүй. Оюутолгойн гэрээ зурсны дараа Монгол Улсын Засгийн газрын бондын хувь хэмжээ хүү, өөрийнх нь үнэлгээ, Хөгжлийн банк болон Худалдаа хөгжлийн банкны бондын хүү, Оюутолгой, Туркойз Хилл, ММС гээд энэ бүх бондын бүх үзүүлэлтүүд Монголд эерэгээр өсч байгаа.Бид сүүлийн хоёр, гурван жил энийг л хүсч ирлээ. Сүүлийн хоёр, гурван жил энэ асуудал гацсан, сүүлийн 20 сар царцсан. Одоо хөдөллөө. Үр дүн нь ийм байна. Бид ийм үр дүнгийн төлөө явсан учраас энэ бол далд уурхай ажилуулсан бүх ажил Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцсэн ийм ажил болж байна гэдгийг Ерөнхий сайдын хувьд хэлэхийг хүсч байна. Одоо ямарваа нэг хувь улстөрчдийн өөрсдийнхөө оноо цуглуулах ажлыг ард түмнийхээ, Монгол орны хувь заяа шийдэхээс дээр тавьдгаа больцгооё. Одоо ажлаа хийх цаг болсон. Оюутолгойгоо шийдлээ. Дараагийн ээлжинд Засгийн газар, Их хуралтайгаа хамтраад Таван толгойгоо шийдэхийн төлөө ажиллах болно” гэлээ. Ерөнхийсайд үргэлжлүүлээд АНЭУ-д хийсэн айлчлалаа товчхон дүгнэхдээ “АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед Бин Рашид Аль Мактумтай уулзаж хоёр орны харилцааны талаар асуудлууд ярилцсан. Бүх сайд нар нь уулзалтад оролцсон. Нэгдүгээрт, давхар татварын асуудал, хоёрдугаарт, гадаадаас орж ирж байгаа энэ хөрөнгө оруулалтыг хамгаалах асуудлыг, гуравдугаарт, хоёр улсын хооронд шууд нислэг үүсгэх энэ гэрээ, хэлэлцээрийг амжилттай хийж чадах юм бол том хэмжээний хөрөнгө оруулалт оруулахад бэлэн байна гэдгээ нөгөө тал илэрхийлсэн. Арабын нэгдсэн Эмират улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг шинээр томилох асуудлыг шийднэ. Мөн Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайдтай уулзсан. Цагдаагийн бие бүрэлдэхүүнийг сургах асуудлыг хоорондоо ярьж тохиролцлоо. Хааны хүүтэй бас уулзсан. Ингээд Дубай хот, Абу Даби хотын худалдааны танхимын бизнес эрхлэгчтэй уулзсан. Монгол Улс руу Абу Даби Дубайгийн бизнес эрхлэгчийн хоёр том худалдааны танхимууд хамтарсан төлөөллөө явуулъя гэдгээ тохирсон. Аяны богц хоосон байгаагүй.

Өнгөрсөн бүтэн сайн өдөр Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчилсан. Сүүлийн 60 жилд анхны Энэтхэгийн ерөнхий сайдын айлчлал байлаа. Нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зээлийн шугам нээж, Монголын хөрөнгө оруулалтуудын төслүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн хугацаанд бас Оюу толгойн зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтуудын асуудлуудыг шийдлээ. Дээрээс нь бид айлчлалынхаа үеэр Дубай хотноо CIB гэдэг банк санхүүгийн групптэй гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Монгол Улсад хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулахаар шийдвэрлэж, Сангийн яам, CIB санхүүгийн группийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байгаа. Ингээд ням гаригаас хойш тавхан өдрийн дотор Монгол Улсад найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдэж чадлаа. Манай улсын эдийн засаг бол 10 тэрбум ам.долларынх. Тиймээс бид нэгдэж урагшилж чадах юм бол боломж байгааг харуулж байна.Одоо хувийн хэвшлийнхэнтэйгээ нийлээд Засгийн газар шинэ хөрөнгө оруулах тал дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах болно” гэлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ийн мэдээлэл өгснийхөө дараа сэтгүүлчдийн асуултадхариуллаа.

-Удаан хүлээлт үүсгэсэн энэ асуудлыг шийдсэнээр хөрөнгө оруулагчид эерэгээр харж байна. Монголын Зас­гийн газар болон Рио Тинто хоёр ямар ямар асуудлууд дээр буулт хийсэн бэ?

-Сая харилцан тохиролцсон бүх асуудлуудаа хэллээ. Харилцан тохиролцож чадсан учраас далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөгөө өгсөн баримт бичгүүдэд гарын үсэг зураад одоо бид дараагийнхаа процессын ажлуудыг явуулна. 14 банкнаас хөрөнгө оруулалтыг босгох ёстой. Энэ бүх ажил цаг хугацаагаар үргэлжлэх хэрэгтэй. Одоо З асгийн газрын ажил дууссан. Одоо компани хоорондын ажил үлдсэн. Монголын талаас Эрдэнэс Монгол, Оюу толгой компани, нөгөө талаас Туркойз Хилл Рио тинто-Оюу толгой компаниуд нийлж энэ ажлуудынхаа ард нь гарахын төлөө нар сартай уралдан ажиллах шаардлагатай цаг үе ирж байна.

-14 банкнаас хөрөнгө босгохдоо Оюу толгойн хөрөнгийг барьцаална гэсэн асуудал байгаа. Оюу толгой чинь үндсэн хөрөнгө нь ард түмний өмч шүү дээ. Хоёрдугаарт, энэ асуудлыг яагаад гадаадад шийдэв гэсэн асуудал байна л даа?

– Саяынасуудлууд бол 2009 оны хөрөнгө оруулалтынхаа гэрээгээр зохицуулагдсан.

Энэ асуудлууд руу ороогүй. Хоёрдугаар асуудал бол ямар нэгэн байдлаар нуугдаж, хулгайгаар өөр газар хийсэн зүйл байхгүй. Улаанбаатар хотод, Өмнөговь аймагт, Лондон хотод, Сингапурт, Дубайд гэсэн сүүлийн гурван сарын туршид шат дараатай маш эрчимтэй хэлэлцээрүүд явагдлаа. Тэгэхээр Дубай хотод асуудлаа шийдэж чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байсан. Гэхдээ Дубайд хийсэн хамгийн сүүлчийн шатны хэлэлцээрийнхээ үеэр бүх асуудлуудаа тохирч чадсан учраас Ерөнхий сайдын хувьд гэрээнд гарын үсэг зурах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Ингээд Эрдэнэс Таван толгой компанийн захирлууд, Оюу толгой компанийн захирлууд гарын үсгээ зурж, энэ асуудлууд шийдэгдсэн байгаа. Ер нь бол 4.2 тэрбум ам.доллар хөрөнгө олон улсын гол 14 банкаар дамжиж босох ёстой. Хамгийн гол тоглогчид нь FC мега, ABRT байгаа. Энэ байгууллагууд Оюу толгойн төслийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн байгаа. Энэ хоёр банк ийм хатуу байр суурьтай байгаа учраас бусад банкууд энэ асуудалд ямар ч эргэлзээгүй орно гэдэгт найдаж байгаа.

-Оюу толгойн борлуулал­тын мөнгө нь монголоор дамжихгүй, гадны банкаар дамжих нь. Саяын хэлэл­цээрээр энэ тухай ярилцсан уу?

-Хэлэлцээрийн хувьд байнга л энэ тухай хөндөж ярьсан. Нөгөө талаас нэг зүйлийг хэлж байгаа 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр энэ асуудлууд нээлттэй байгаа. “Болно” гэдэг үгтэй байгаа. Өнгөрсөн хугацаанд юу болсон бэ гэхээр Монголын тал нөгөө талтайгаа хийх төсвийнхөө хуулин дээр шууд шинэ орлого тавьдаг. Мөн татварын байцаагч нар орж ирээд шууд хоёр, гурван удаа тэр чигээр нь хааж байсан учраас бидний хооронд итгэлцэл алга болсон байна. Бидний хооронд хүндрэлтэй асуудлууд харилцаан дээр гарсан байна. Одоо нэг завин дээр сууснаа хаа, хаанаа ойлгох ёстой. Бизнесийн жирийн үйл явцын дунд бие биедээ итгэлцэл ойлголцол нэмэгдэж байгаа үед Монгол Улсын санхүү, эдийн засгийн судсаар Оюу толгойн цус гүйх энэ асуудлууд цаг хугацаа харуулна гэж харж байгаа. Тиймээс нэг завин дээр суулаа. Цаашдаа бид нэг зорилгын төлөө хамтдаа явах хамтрагчид гэдэг ойлголтоо өнөөдөр бий болгох нь хамгийн чухал байгаа юм.

-Хөрөнгө оруулалтын хэмжээ яагаад өссөн юм бэ. Анх 4.2 тэрбум ам.доллар гэж бид төсөөлж байсан. Одоо зургаан тэрбум ам.доллар гэсэн тоо ярихаар үл ойлголцол үүсч байна?

-Оюу толгой болон ямар ч уул уурхайн төсөл бол байнга хөрөнгө оруулалтыг шаардаж байдаг. Тиймээс далд уурхай дээр Оюу толгойн нийт баялгийн 80 хувь байдаг. Тэгэхээр бид далд уурхайгаа эхлэхийн тулд зайлшгүй хөрөнгө оруулах шаардлагатай болно. Явцын дунд ч гэсэн дараа дараагийн хөрөнгө оруулалтын асуудлууд гарахыг үгүйсгэхгүй. Тухай бүрт нь ТЭЗҮ-гээ баталж, ил тод явж байхдаа зохицуулах боломжтой.

-УИХ-ын гишүүн С.Ган­баатар мэдээлэл өгөхдөө Сангийн сайд баталгаажуулж гарын үсэг зураагүй учраас хүчин төгөлдөр болж чадахгүй гэж байна л даа…

-Одоо бүгдээрээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. УИХ-ын гишүүн ч юм уу, улстөрчдөд хамаатай асуудал биш. Энэ бол эдийн засгийн, бизнесийн болон компани хоорондын цэвэр харилцаа. Бид энэ том бүтээн байгуулалтуудынхаа төслүүдийг нэг нэгээрээ улстөржүүлээд байх юм бол хэзээ ч бид тамын тогооноосоо гарахгүй. С.Ганбаатар гишүүний ярьж байгаагаар өнөөдөр Сангийн сайд гарын үсэг зурснаар батлагдана гэдэг процесс байхгүй. Бид бол сая гарын үсэг зурснаар энэ далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх бүрэн бололцоо гарч ирж, цаашаа явж байгаа юм. Би үүнийг хүссэн. Монгол Улсын эдийн засаг энэ үзүүлэлтэд үүн дээр ирлээ. Энэ үзүүлэлтүүд өшөө цаашаа явна. Үүнийг С.Ганбаатар гишүүн ч хүсч байгаа, жирийн иргэн ч хүсч байгаа байх гэж ойлгож байна. Өнөөдөр Монгол Улсын үзүүлэлтүүд, энэ хувь хэмжээ бидний маргаанд хариулт өгнө. Монгол Улс эндээс хожно. Тэгэхээр Ч.Сайханбилэг, С.Ганбаатар хоёрын хэн нь хожих вэ гэдэг асуудал байхгүй. Тиймээс энэ асуудал явдгаараа явна. Ерөнхий сайдын хувьд Засгийн газар асуудлуудаа шийдээд явна гэдгийг албан ёсоор хэлж байна. Энэ нь зарим хүнд таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ бид улс орныхоо төлөө гаргах ёстой шийдвэрүүдээ гаргана.

-Өнөөдрийн байдлаар хичнээн тэрбумын хөрөнгө оруулалт ороод байна вэ?

-Одоогоор нийтдээ долоо орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ороод явж байна. Энэ нь үргэлжлээд цаашдаа явна. Нийтдээ Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зургаа орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Нийт үргэлжлэх хугацаа нь долоон жил. Ийм төлөвлөгөөтэйгээр бид ажлаа хийгээд явж байна. Энэ жил бол ажлууд нь явагдана. Эхний хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Оюу толгой хөдөлнө гэдэг бол Монгол Улсын эдийн засаг тэр чигээрээ хөдөлнө. Бид дандаа нэг хүслийн үндсэн ашгийн талаар ярьж маргалддаг. Цаана нь хаялага ашиг, үр өгөөжийн тухай бид ярьдаггүй. 2011 оны эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд, үр дүнгүүд эдийн засгийн идэвхтэй амьдрал энэ далд уурхайн олборлолтын үед эргэж сэргэнэ. Үүний төлөө бас Засгийн газар ажиллах болно.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *