Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ё.Отгонбаяр: Намууд хамтарсаар яваад сүүлдээ хэнтэй ч эвссэн сайн нэр зүүхээ больчихлоо шүү дээ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.

Эдийн засгийн хямралыг даван туулах ямар гарц байна гэж та харж байгаа вэ?

-Том төслүүдээ явуулах хэрэгтэй болов уу. Өнөөдөр эдийн засгийг хүнээр зүйрлэвэл биеэр ньцус гүйхээ больчихлоо. Тиймээс том төслүүдээ хөдөлгөж байж цусны эргэлтийг сайжруулахаас өөр арга байхгүй. Хоёрдугаарт зардлаа танах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. 2015 оны төсөв тодотгол хийхдээ нэлээд танасан. Гэхдээ хангалттай хэмжээнд байсангүй. Одоогоос арван жилийн өмнө Монгол Улсын төсөв 300 тэрбумаар тооцогддог байлаа. Гэтэл одоо долоон их наяд төгрөгөөр ярьдаг боллоо шүү дээ. Тэр үеийн төрийн үйлчилгээ одоо яаж өөрчлөгдсөн болоод зардал нь ингэж өсөөд байгаа юм. Тийм учраас төсвийг танах хэрэгтэй.

Төсвийн тодотгол хийх нь ээ?

-Ер нь зунаас төсвийн тодотгол орж ирэх байх.

Том төслүүдийг явуулъя гэхээр мөнгөгүй болчихсон гэдэг асуудал сөхөгдөөд байгаа…

-Мөнгөгүй ч гэсэн явуулъя гэвэл болно. Тухайлбал, Таван толгойн төслийг хэлэлцье гэж нэхээд байхад хэлэлцэхгүй байна шүү дээ. Засгийн газраас нь гэрээний төслөө өргөн барьчихсан. Ийм байхад УИХ бушуу авч хэлэлцээд буруу, зөвийг нь тогтоогоод засах юм байвал засаад явуулмаар байна. Гэтэл яасан нь мэдэгдэхгүй таг болчихлоо. Бид чинь сонгогчидтой хүмүүс. Тиймээс сонгогч олон түмэн биднээс Таван толгойгоо хурдан шийдэхийг шаардаад байна.

Ажлын хэсэг нь ямар үүрэгтэй юм бэ?

-УИХ-ын даргаас энэ тухайасуусан. УИХ-д өргөн барьсан асуудлыг хэлэлцэх эсэх дээр нь дүгнэлт хийдэг тохиолдол байдаг юм уу гэж. УИХ-ын дарга “Байдаг” гэж байна лээ. Тийм байлаа гэхэд хариуцлагагүй үйлдэл гэж бодож байна. Одоо тавдугаар сар талдаа орчихлоо. Зуны улирал эхэллээ. Монгол Улсын эдийн засаг зуны гурван сар амь ордог, мөнгө олдог эдийн засагтай орон. Гэтэл дулааны улиралдаа Таван толгойн асуудлыг шийдэж чадахгүй өнгөрөөвөл хэцүү л болно.

-“Рио Тинто”-гийнхон ирж байгаа. Оюу толгойн асуудал удахгүй шийдэгдэнэ гэж мэдэгдсэн байна лээ…

-Ерөнхий сайд мэдэгдэл хийгээд л маргааш нь үнэ цэнгүй болж хувираад байхаар яах юм бэ. Ийм олон удаагийн тохиолдол гарлаа шүү. Тийм учраас хэлж мэдэхгүй юм. Уг ньОюу толгойг хөдөлгөвөл дагаад хөрөнгө оруулалт орж ирэх л учиртай.

Ерөнхий сайд татвар нэмэхгүй гэж хэлсний дараа нийслэлийн татварын асуудал орж ирснийгяриад байна уу?

-Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ татвар нэмэхгүй гэж мэдэгдсэн. Бараг хэлж дуусаагүй байхад нь нийслэлийн татварын асуудлыг оруулаад ирсэн шүү дээ. Хямралтай үед аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудыг ядарчихсан байхад нь татвараар дарамталж болохгүй л дээ. Нийслэлийн татвар нэмж болно. Тэр нь ямар хэлбэрээр вэ гэхээр хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор байж болно. Жишээ нь Улаанбаатар хотод Монголын хүн амын бараг 50 хувь нь суурьшчихлаа. Үүнээс үүдэлтэй агаар, хөрсний бохирдол их байна. Тийм учраас хөдөөнөөс хотод ирж амьдрах хүсэлтэй хүмүүс байвал тохирсон хэмжээний татвараа төлөөд шилжиж болдог байхаар зохицуулбал дэмжинэ. Ингэхээс өөр аргагүй бодлого цаана нь яваа юм байна гэдгийг ойлгоно. Харамсалтай нь үйлчилгээний байгууллага, архи тамхины борлуулалтын орлогоос татвар авна гэдэг байдлаар оруулж ирсэн. Тэгээд ч чуулганы үеэр хэлэлцэхэд нийслэлийнхэн өөрсдөө энэ татварын үр дүнд хичнээн төгрөг төвлөрөхөө мэдэхгүй байсан шүү дээ. 48 тэрбум юм уу 480 тэрбум төгрөг орж ирэх юм уу гэдгээ мэдэхгүй бүхэл бүтэн арван оронгоор зөрсөн тоо яриад төөрөлдөөд байсан. Энэ нь хотын татвар цаанаа тооцоо судалгаагүй орж ирснийх нь илрэл.

Одоо татварын реформ хийх шаардлагатай гэж яриад байх. Энэ нь ямар хэлбэрээр байвал зүгээр юм бэ?

-Эдийн засгийн өсөлттэй үед татварын шинэчлэл хийж болно л доо. Гэхдээ өнөөдөр эдийн засаг уналтын цикль дээрээ байна. Тийм учраас энэ үед яаж амьд үлдэх гэдэг аргыг л хайх нь зөв байх. Түүнээс биш татвар нэмэх байдлаар шинэчлэл хийж болохгүй. Хэтдээ манайд татварын шинэчлэл хэрэгтэй. Үнэндээ манай татварын орчноос болоод Монголын аж ахуйн нэгжүүд томорч чаддаггүй юм болов уу гэж харагддаг.

Ер нь та Засгийн газрын үйл ажиллагааг яаж дүгнэж байгаа вэ?

-Шүүмжлэлтэй хандаж байгаа. Уг нь зардлаа таная гэдэг байдлаар ажлаа их зөв эхэлсэн. Гэтэл том төслүүдээ гацаачихлаа. Тэгэхээр ямар хэрэг байх билээ. Энэ том төслүүдийн ард Япон, Хятад, АНУ, Канад, Австрали гэх мэтээр манай том түнш орнууд байгаа. Энэ харилцаагаа бодсон ч шийдвэргүй байдалд ийм удаан байж болохгүй л дээ.

Ямар эрх ашиг, улс төр байгаа учраас гацчихлаа гэж та бодож байна вэ?

-Тэр тухай АН-ынхнаас асуух хэрэгтэй. Учраа олохгүй байгаа хүмүүс нь тэд.

АНУ-аас Монголд суугаа Элчин сайд эмэгтэйн хийсэн мэдэгдэл гадаад орчинд манай талаар сөрөг мэдээлэл болж цацагдлаа гэдэг шүүмжлэл байх шиг байна. Үүнээс болоод хөрөнгө оруулалт орж ирэх хөг өнгөрлөө ч гэх юм…

-Ерөнхий нөхцөл байдал сайжраад бизнес эргэлдээд эхэлбэл Монголд хөрөнгө оруулалт орж ирнэ ээ. Ер нь бид гадны хүнийг шүүмжлэхээсээ илүү өөрсдөөсөө алдаагаа хайх хэрэгтэй. Биний өөрсдийн биеэ авч яваа байдал тэр хүнийг ингэж хэлэхэд хүргэж байна. Тиймээс бид л хариуцлагагүй байна гэсэн үг. Үүнийгээ засах тухай л ярих хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй байна гэдэг шүүмжлэл хүчтэй өрнөсөн учраас Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроор шийддэг болгосон юм. Хуулийг ойр ойрхон өөрчлөхгүй, тогтвортой орчин бий болголоо гэдгээ гадаад ертөнцөд зарласан. Гэтэл Р.Гончигдорж гишүүн энэ асуудлаар Цэцэд хандаад унагаачихлаа. Одоо УИХ-ын танхимд 20 хүн сууж байгаад хуулийг өөрчилж болохоор болчихлоо. Энэ бүхэн нь биднийг улам найдваргүй хүмүүс гэдгийг батлан харуулаад байна л даа.

Одоо Ерөнхий сайдыг огцруулах талаар судалж байна гэжзарим гишүүд яриад эхэлж.Ийм асуудал ярих цаг мөн үү?

-Одоо тэгж ярих цаг нь биш болов уу. Ядаж хагас жил ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Чадахгүй бол чадахгүйг нь хэлбэл дээр байх. Харин одоо шахаж шаардаж байж энэ том төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг түргэвчлүүлэх нь илүү үр дүнтэй.

Засгийн газар солигдсоноос хойш эдийн засагт дээрдсэн үзүүлэлт гарсан уу гэдэг асуудлыг хөндөх хүмүүс ч байна…

-Яригдаад байгаа зүйлүүдээ урагшлуулах цаг хугацаа энэ Засгийн газарт байсан. АН,МАН хоёр эвсч Засгийн газар байгуулахад тохирсон зүйлүүд бий.

Том төслүүдээ урагшлуулна, Сонгуулийн хуулиа батална, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэх мэтээр ярьсан зүйлүүд байгаа. Гэвч урагшаа явахгүй байна. Дан ганц Засгийн газраас болоод энэ бүхэн хойшлоод байна гэвэл бас худлаа. УИХ-аас шалтгаалж байгаа зүйлүүд бий л байх. Гэхдээ одоо наадам хүртэл хурдацтай ажиллах шаардлага байна. Эцсийн дүнд энэ хоёр намаас хариуцлага нэхнэ шүү дээ.

Сонгуулийн хуулийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Сонгуулийг холи­мог системээр явуулна гэдэг зарчим дээрээ тохирчихсон. Танай нам мажоритар гээд байгаа нь дүр эсгэсэн шоу гэж ч ярих юм…

-Шоу гэхээсээ илүү сонгогчид биднээс шаардаад байна шүү дээ. Өнгөрсөн гуравдугаар сард тойргоороо явж, сонгогчидтой уулзлаа. Хүмүүс холимог систем буруу байна. Орон нутагт гэхэд 25 жил нэр дэвшээд сонгогдоогүй нөхөр намын жагсаалтаар дарга болчихлоо. Энэ бол олон түмний сонголт биш гэх мэтээр шүүмжилж байна. Гэхдээ Сонгуулийн хуулийн ажлын хэсэг дээр холмиог системийг орон нутгийн сонгуульд хэрэглэхгүй гэж тохирсон юм шиг байна лээ. УИХ-ын түвшинд ч энэ систем болохгүй гэдгийг хүмүүс хэлээд байна. Ер нь холимог тогтолцоогоор сонгууль явуулахаар олонхи сонгогдохгүй. Ихэвчлэн эвсэл байгуулах хэмжээнд сонгуулийн дүн гараад байгаа ажиглагддаг. Гэвч намууд эвсэл болж засгаа барих нь шүүмжлэл дагуулсаар байна. Намууд хоорондоо эвссээр яваад сүүлдээ хэн нь хэнтэйгээ ч эвссэн сайн нэр зүүхээ больчихлоо шүү дээ.

Танай нам Ард нийтийн санал асуулга явуулъя гээд байна. УИХ дэмжих юм болов уу?

-Хэдийгээр бид мажори­тарын төлөө байгаа ч парламентад 26-уулаа. Суудлынхаа тоогоор асуудал шийдэгдээд явчихаж магадгүй л юм. Ард нийтийн санал асуулгыг АН дэмжихгүй юм байна гэж ойлгосон.

Та Хүний эрхийн дэд хороог ахалж байгаа. Монголд хүний эрхийн нөхцөл байдал ямар байна гэж дүгнэж байна вэ?

-Хүний эрхийн дэд хорооны шугамаар урьдчилан хорих 461 дүгээр ангид шалгалт хийж, дүнг нь сонссон. 2013, 2014 оны хүний эрхийн илтгэл дээр сэтгэл зовмоор дүгнэлтүүд гарсан байсан. Манай улс 2014 оны арванхоёрдугаар сард эрүүдэн шүүхээс ангид байх олон улсын конвенцид нэгдэн орсон. Гэтэл эрүүдэн шүүхтэй холбоотой гомдлууд манайд байсаар байна. Хамгийн гол нь албан тушаалтнууд эрүүдэн шүүх нь гэмт хэргийн төрөлд орж байна гэдгээ мэдэхгүй үйл ажиллагаа явуулаад байна. Үүнийг хянадаг тогтолцоотой болох шаардлага манайд тулгараад байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг УИХ-д өргөн барьчихсан байгаа. Үүнийг хэлэлцэх үед алдаа дутагдлуудыг засч залруулах байх. Ер нь мөрдөн байцаах шатанд хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдлууд нэлээд ирдэг. Тиймээс одоо мөрдөн байцаалтыг камертай өрөөнд явуулах нөхцөлийг хуулийн өөрчлөлтүүдээр хийх асуудал яригдах байх.

АТГ улс төрийн зорилгоор ажиллаж байна. Хуучны НАХЯ боллоо гэдэг шүүмжлэлийг гишүүдийн зүгээс хэлдэг боллоо. Та юу гэж бодож байна…

-Гишүүдийн зүгээс хүний эрхийн дэд хороонд асуудал тавьсан. АТГ-ын эрх мэдэл буруугаар ашиглагдах тохиолдол гарч байна. Тиймээс хууль эрх зүйн орчинд нь асуудлыг авч үзье гэсэн. Ямар байдлаар хуульд нь өөрчлөлт оруулбал зохилтой юм, тэр саналаа боловсруулаад ир гэдэг хариу өгсөн. Түүнчлэн Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгаад АТГ руу шилжүүлсэн нь алдаа болсон. Үүнээс болоод хүний эрх зөрчигдөх байдал их байна гэдгийг гишүүд хэлж байгаа. Энэ нь үнэн байж магадгүй. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж, яамнаас нь санал авах нь зүйтэй гэж бодож байна.

Зохиомлоор хэрэг үүсгэж, хэлмэгдүүлэлт явуулж байна гэдэг шүүмжлэл ч их байна. Та санал нийлэх үү?

– Санал нийлнэ. Гэхдээ нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Хүний эрхийн дэд хороо хууль зүйн үүднээс асуудалд ханддаг. Манайх мөрдөн байцаах алба биш л дээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуягиийн зөвлөх байсан Л.Гансүх хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийг нь хэлмэгдүүлсэн тухай ярьсан байна лээ. Магадгүй танай эхнэрт ч ийм маягаар хандсанюм биш байгаа…

-Тэр тухай яриад яах юм бэ. Хэргийг нь хэрэгсэхээ болиод жил хагас болчихлоо. Энэ тухай хэвлэлээр ярьж гэр бүлийнхээ хүний сэтгэлийг үймүүлмээргүй байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *