Categories
мэдээ нийгэм

Вакцинжуулалт 25 хувьтай байна

Монгол Улсад гуравдугаар сарын дунд үеэс улаанбурхан өвчин дэгдэж бага насны хүүхдүүд төдийгүй оюутан залуус энэхүү халдвараар цөөнгүй өвчилж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 750 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар тус төвөөс мэдээллээ. Энэ удаагийн вирус нь хувьсаж өөрчлөгдсөн вирус учир өмнө нь дархлаажуулалт хийсэн эсэхээс үл хамаарч энэ өвчний халдвар авах эрсдэлтэй байгаа юм. Тухайлбал, дээрх эмчлүүлж байгаа иргэдийн дийлэнх хувь нь буюу 506 нь оюутан залуус гэнэ. Мөн өвчний тархалтыг зогсоох зорилгоор энэ сарын 15-25-ны өдрүүдэд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн бага насны хүүхдүүдэд дархлаажуулалт хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд 170 мянган хүүхдэд вакцин хийлгэхээс одоогийн байдлаар 25 хувьтай байгаа аж.

Дашрамд, энэ удаагийн дархлаажуулалтад өмнө нь улаанбурханы вакцин тариулсан эсэхээс үл хамаарч зургаан сартайгаас таван нас 11 сартай бүх хүүхдийг хамруулж байгаа юм. Ингэхдээ бүхий л цэцэрлэг, харъяа өрхийн эмнэлгүүдээр вакциныг хийж байгаа бөгөөд эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон “Эх үрсийн эрүүл мэндийн дэвтэр” гэх ягаан дэвтрийг бүрдүүлэн хандах шаардлагатай юм.