Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг батлах шаардлагатай гэж үзэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Б.Болор гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэг нь татвараа төлөөгүй аж ахуйн нэгж хэд байгаа, мөн бусад шалтгаанаар асуудал нь хууль хяналтын байгууллагад шилжсэн компани хэд байна вэ гэдгийг тогтоох юм байна. Хууль зүйн сайд Д.Дорлигжав тайлбарлахдаа “Асуудалтай аж ахуйн нэгж тийм их биш. Харин хэвлэлд гарч байгаа мэдээллээр 11 мянга орчим аж ахуйн нэгж бий гэсэн тоо яригддаг. Тиймээс ажлын хэсэг өргөн хүрээг хамарч асуудлыг судлах аж. Нөгөөтэйгүүр, ирэх баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ хуультай холбогдуулан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Хууль зүйн сайд, Сангийн сайд нарт хандан тавьсан асуулгын хариуг сонссоны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр болсон гэдгээ бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдэгдлээ. Гэхдээ тус бүлгийн хувьд Эдийн засгийн өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг батлах шаардлага бий гэж үзжээ.

Мөн бүлгээс бизнес эрхлэгч хувийн хэвшлийнхэнтэй уулзаж ямар асуудал хүндрэл учруулаад байгааг судлахаар Б.Наранхүү гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна.

Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь сонгуулийн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлыг яаж эрчимжүүлэх вэ, юун дээр анхаарах талаар Х.Баттулга гишүүний мэдээллийг сонсчээ. Өмнө нь бүлгээс дээрх асуудлыг судлуулахаар ажлын хэсэг байгуулсан байсан аж. Улмаар бүлгээс гурван чиглэлд дэд ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзжээ. Тодруулбал, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан ажлын дэд хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ажилгүйдлийг шийдэх ажлын дэд хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Шинэ хөдөөг хариуцсан ажлын дэд хэсгийг УИХ-ын гишүүн Б.Болор ахлан ажиллахаар болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *