Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн парадад оролцоод ирсэн дэслэгч Дамбадаржаагийн Эрдэнэбаттай уулзаж ярилцлаа.
-Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойн парад энэ сарын 9-ний өдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болоход оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газрын нийт 75 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг Улаан талбайн ялалтын парадад оролцоод ирлээ. Бид дөрөвдүгээр сарын 27-нд яваад энэ сарын 12-нд ирсэн.
-Парадын бэлтгэл хэд хоног хийв?
-Очоод өөрсдийнхөө цэргийн багийн болон ОХУ-ын, бусад улсын цэргүүдийн нэгдсэн бэлтгэлээр шөнийн парадад хоёр удаа, өөрсдийн бэлтгэлээ багийн удирдлагынхаа өгсөн даалгаврын хэмжээнд байнга хийж байсан.
-Москвад өмнө нь очиж байв уу. Улаан талбайд хөл тавихад ямаршуухан байв?
-Москвад анх удаа очихдоо түүхэн ялалтын ойд зориулсан парадад Монгол Улсынхаа нэрийн өмнөөс оролцсондоо бахархалтай байлаа. Улаан талбайг кино, зурагтаас харж байхад тэв тэгшхэн гадаргуутай юм шиг харагдаад байдаг. Яг алхах үед байгалийн чулууг засаж хийсэн, онхол донхолтой ов тов зам талбайтай юм байна. Парадад алхахдаа бид “День победы” дууг жагсаалаараа орос хэлээр дуулж өнгөрөхөд ард иргэд нь үнэхээр өндөр сэтгэгдэлтэй хүлээж авч байгаа нь анзаарагдсан. Ялалтын парадад нийт 11 улс орны цэрэг дайчид оролцсон. БНХАУ-ын цэргүүд “Катюша” дууг хятад хэлээр дуулж байсан.
-Цэрэг хүний нүдээр харахад парадад оролцож буй ОХУ-ын зэвсэг техникийн хүчин чадал, сүр жавхаа ямар санагдах юм?
-Зэвсэг техникийн парадыг бид хараахан харж амжаагүй. Яагаад гэвэл бид өөрсдөө парадад жагсаж байсан учраас тэгж ажиглах боломж тааруухан байсан. Нэгдсэн бэлтгэлийн үед онгоцны парад үнэхээр гайхамшигтай санагдаж байсан. Сүүлд зурагтаар харахад танк, зэр зэвсэг нь үнэхээр сүрлэг сайхан байна лээ.
-Парадад оролцоход сонгон шалгаруулалт хийсэн байх даа?
-Миний хувьд Зэвсэгт хүчний З11 дүгээр ангийн буудлагын талбайн даргын албан тушаалтай, дэслэгч цолтой хүн. Батлан хамгаалахын их сургууль төгсөөд ажил албанд хуваарилагдсанаас хойш дөрвөн жил орчим болж байгаа. Парадад 180 сантиметрээс, дээш өндөртэй, биеийн өндөртэй харьцуулсан жинтэй цэргийн албан хаагчдыг сонгон шалгаруулж авсан л даа. Мөн жагсаалын шалгалтхарсан. Манай ангиас гэхэд дөрвөн албан хаагч парадад оролцлоо. Парад өндөрлөсний хойно ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөллүүд манай цэргийн багийнханд баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулахад сайхан санагдаж, ар гэрийнхэн маань биднийг зурагтаар харсан даа гэж бахархах сэтгэл төрж байлаа.
-Бусад улсын цэргийн жагсаал аль хэр сонирхолтой харагдаж байна?
-Улс улсын цэргийн жагсаалын алхаа ондоо байдаг нь анзаарагдаж байсан. Манайх чинь орос школтой шүү дээ. Энэтхэгчүүд гэхэд манайхаар бол “номхон, зэрэгц дундаа” команд авсныхаа дараа зүүн гараа хязгааргүй тултлаа хаяад, өсгийдөж алхдаг юм билээ. Сербүүд гэхэд манайхны дороо алхаж байгаа юм шиг өвдгөө нугалж алхдаг юм байна.
-Тавдугаар сарын Москва ч ялалтын баяраа тэмдэглээд янзтай уянгалаг байна уу?
-Москва дулаахан, чийглэг амьсгалтай, өглөөгүүрээ манантай хот юм. Манай орныг бодоход их эрт дулаардаг, хөрс нь намгархаг, ой модтой газар байгуулсан хот юм билээ. Гудамж талбай нь маш их модтой. Хар мод, хус голдуу байдаг юм байна. Тиймээс Оросын яруу найрагчид хусныхаа тухай их бичдэг юм байна гэж бодсон. Өвс ногоо нь ч янзын сайхан ургасан байна лээ. Москвагийн энгийн ард олон бидэнтэй хамт зургаа авахуулж сэтгэгдэл их л өндөр байсан.
-Москвагаар ганц хоёр хоног чөлөөт зугаалга хийв үү?
-Бидэнд Цэргийн музей, Кремлийн ордон үзүүлэх зэрэг соёлын арга хэмжээнүүдэд оролцсон.
-Парадад оролцохдоо та нарын барьсан буу зэвсэг чинь хаанахын ямар буу байлаа?
-Оросын армийн зэвсэглэлд байгаа 5.45 милиметрийн“АК-74” буу. Манай зэвсэглэлд байгаа “АК-47” буутай харьцуулахад арай хөнгөхөн буу байна лээ. Бид зэвсгээ барьж парадад алхчихаад буцаагаад хүлээлгэж өгсөн.
Л.БАТЦЭНГЭЛ