Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний марш, тактикийн тэмцээн эхэллээ

Зэвсэгт хүчний марш, тактикийн тэмцээн эхэллээ Зэвсэгт хүчний марш, тактикийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээн жил бүр болдог уламжлалтай. Жилээс жилд өрсөлдөөн ширүүсч, тамирчдын чадвар чансаа нэмэгдэж байдгаараа энэ тэмцээний гол онцлог нь юм. Энэ жилийн тэмцээний нээлт өнөөдөр/2015.05.15/ Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид боллоо.
Цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сорьсон марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний 26 анги, байгууллагын 900 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна. Тэмцээнд оролцогчдын багагүй хувийг эмэгтэй цэргийн албан хаагчид эзэлж байна. Энэ жилийн марш тактикийн тэмцээний онцлог нь оны мэргэжлийн аварга ахлагчийн төрлийг шинээр бий болгосон, офицеруудын онолын мэдлэгийн төвшинг дээшлүүлэхэд ач холбогдол өгч, тасгийн захирагч нарын оролцоог нэмэгдүүлсэн, хяналтын төхөөрөмжийг нэвтрүүлсэн зэргийг дурдаж болох юм.
Нөгөө талаас тэмцээний зохион байгуулалт улам сайжирч, шүүлтийн үйл ажиллагаанд шинэ технологи нэвтрүүлэн шуурхай, ил тод, нээлттэй байдлыг хангаж байгаа нь марш тактикийн тэмцээнд оролцогчдын идэвхи, чармайлт, баг тамирчдын амжилтад эерэгээр нөлөөлөх чухал хүчин зүйл болж байгаа юм.
Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь цэргийн хөдөлмөрийн онцлог, түүний үр шимийг бие бүрэлдэхүүнд ойлгуулах, залуучуудыг бие бялдар, сэтгэл зүйн хувьд өв тэгш, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай болгон төлөвшүүлэх ач холбогдолтой.
Энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд Зэвсэгт хүчнээ төлөөлөн оролцох хариуцлагатай үүрэг хүлээж байгаа юм. Хэдийгээр жил бүр энэ тэмцээнд нийслэлийн болон орон нутаг дахь зэвсэгт хүчний бүх ангийнхан оролцдог байсан ч энэ жилийн тэмцээнд орон нутгийн ангиуд оролцож чадаагүй юм. Энэ нь төсвийн хүндрэлээс шалтгаалсан гэдгийг тэмцээн зохион байгуулагчид онцолж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *