Categories
мэдээ цаг-үе

Д.Сүрэн: Манайхан хар тосонд бэлхүүсээ хүртэл шигдэж билээ

Тухайн үед гал унтраах багаж хэрэгсэл ийм байв

Төв гал команд (Гал унтраах 10 дугаар анги)-ын ээлжийн бага даргаар ажиллаж байсан, ахлагч Д.Сүрэнтэй ярилцлаа. Эл эрхэм 20 гаруй жил гал сөнөөгчөөр ажиллаж, нийслэлд олон хүн, айл, албан байгууллагын эд хөрөнгө аварч байсан юм.

-Гал сөнөөгчөөр ажилд орж байсан үеэ дурсаач?

-Би арван жилд байхдаа л гал сөнөөгчөөр ажиллана гэж боддог байлаа. Гал унтрааж байгаа хүмүүсийн үйлдэл бүрийг хараад зогсчихдог хүүхэд байлаа. Ингээд аравдугаар ангиа төгсөөд 1972 оны зургадугаар сарын 1-ний өдөр Төв гал командад гал сөнөөгчөөр ажилд орсон. Тухайн үед ар гэр, найз нөхдөөс хүртэл судалгаа авч байж ажилд авдаг байлаа. Ажилд орсноос хойш зургаан жилийн дараа ээлжийн бага даргаар ажиллах эхэлсэн дээ. Байнга нэгийн нэг, нэгийн хоёр номертой ажиллана.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Нэг тасаг дөрвөн гал сөнөөгчтэй. Тэдэн дундаа нэг, хоёрдугаар хошуучин галын голомтод түрүүлж ордог, гол үүрэгтэй ажилладаг гэсэн үг л дээ. Ажилд ороод удаагүй байтал 1972 онд Авто засварын бааз (Хуучин цагаан хаалганы хажуу талд) шатлаа. Засвар, дугуйн гээд олон цехтэй. Дотроо машинтай. Хажуудах төмөр зам хүртэл гулзайгаад босч ирж байсан гээд боддоо. Хүн ойртох аргагүй том гал байлаа. Гурван бригад шөнөжин ажиллаж байлаа. Гэтэл тэр өдөр өвсний фонд шатаж таарсан. 22-ын товчооны тэнд өвсний фонд байсан хэрэг. Ус сувгийн удирдах газраас усны машин дайчилж, гэрээт гал командууд өргөн бүрэлдэхүүнтэй ажилласны хүчинд хүний амь эрсдэлгүй унтрааж чадсан.

-Тухайн үед та нарын ажлын хувцас хэрэглэл ямар байв?

-Толгойндоо төмөр каск өмсчихнө. Тахианых шиг залаатай, эрүүвчтэй төмөр каск, брезентэн өмд цамцтай л ажилладаг байлаа. Бүсэндээ сүх хавчуулчихна. Тэгээд нэг хошуу барьчихна. Нүүр, нүд бол задгай шүү дээ. Хошуугаараа ус цацруулж л өөрийгөө хамгаална. Өвлийн хүйтэнд нөгөө өмд цамц нэвт нороод хөлдчихнө. Халуунд шатчих гээд байна.

-Бэртэж гэмтэх тохиолдол бас гарна биз. Улаан гал дунд ороод явчихад олон зүйл бодогдох уу?

-Тангараг өргөсөн хүн юугаа бодох билээ. Элдэв зүйл бодоод, шантраад байх эрх ч байхгүй. Гэхдээ сэтгэлийн хөөрөлтэй болчихдог юм билээ. Гал хараад л дотроо төсөөлчихдөг юм. Голомт нь тэнд байна, салхи эндээс эргэнэ. Ингэж ажиллана гээд төсөөлөөд л яваад орчихно. Ер нь нүдэнд багтчихдаг юм даа. Гэмтэж бэртэх үе гаралгүй яах билээ. Ээлжтэй өдөр нэг айлын гэр шатаад. Тавилгыг нь гаргаж байгаад төмөр орны толгой барьж аваад гараа түлчихэж билээ. Галаас хүн тэвэрч гарч байгаад бүдэрч унах үе ч гарна. Гурвалжингийн гүүрний тэнд хар тосны үйлдвэр байлаа. Тэр үйлдвэр шөнө шатлаа. Галын голомтод ажиллаж байгаад эргээд хартал манай салааны дарга Сэр-Од, гал сөнөөгч Нямбүрэн хоёр маань хар тосонд бэлхүүсээ хүртэл шигдчихэж. Тэр хоёрыг анзаарч байгаа ч хүн тэнд алга. Шөнөжин ажиллаад тамирдчихсан хүмүүсээс дуу ч гардаггүй юм байна. Нэг гараараа хошуугаа бариад нөгөө гараараа нөгөө хоёроо татаж гаргалаа. Хар тосонд хүн живж байсан түүхтэй юм билээ. Бид хар тосонд шигдэн байж үүрээр гал унтраасан. Их ч салхитай байлаа. Тэр галд төмөр зам тасраад босоод ирчихсэн байсан. Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Дэжид гуай өөрөө ирж нөхцөл байдалтай танилцаж байлаа. Би галд баггүй ажилладаг. Манайд Ж.Батбүргэд бид хоёр баггүй ордог байсан. Хэвтээ, мөлхөө байдлаар ажиллах янз бүрийн л арга байна. Нойтон алчуур амандаа бариад явна.

-Тэр үед Хайлааст билүү Чингэлтэйд олон айл шатсан гэж ярьдаг юм билээ. Та тэнд ажилласан байх?

-Хайлаастад шүү дээ. 1982 онд байх аа, шуургатай өдөр байлаа. Дэнжид амьдардаг нэг нөхөр гэртээ савтай бензин хадгалж байгаад гал алдчихсан юм билээ. Дэнжийн айлууд тэр чигээрээ шатаад гал уруудаад орж ирж байв. Галын дуудлага аваад 32-ын тойргоор Хайлааст руу явахад юу ч харагддаггүй. Гэрлээ асааж давхиад нэг тасгийг шатаж байгаа гудамжны ар талаар, өөрийнхөө тасгийг урдуур нь оруулаад хоёр талаас нь унтрааж гал тасалж байв. Азаар хүний амь үрэгдээгүй. 16 орчим айлын гар шатсан шүү дээ.Гачууртад 1980-аад оны дунд үед Шар хоолойн ферм шатлаа. Алаг тарлан үхэр мөөрөлдөөд л. Малын саравчны хаяанд айлууд байдаг. Шөнөжин ажиллаад нэг малын гарлагагүй унтрааж байсан нь санаанаас гардаггүй юм.

-Таныг ажиллаж байхад гал түймэр ихэвчлэн юунаас болж гардаг байсан бэ?

-Цахилгааны утаснаас гал алдана. Нэг утаснаас өчнөөн олон утас салаалчихна. Цахилгаан хэрэгслээ салгахгүй гараад явчихна. Жолооч нар савтай бензин, шатахуун гэртээ хадгалж, гал алдах нь их. Тухайн үед бид объектын судалгаа маш сайн хийдэг байж. Ээлжгүй үедээ судалгаанд гарна. Гудамжны хаанаас орох, гарц орц гээд бүх зүйл тодорхой байсан учраас төөрч будилах тохиолдол гарахгүй. Айл болгоноор шахам орж зөвлөгөө өгнө. Судалгаа сайн хийчихсэн байдаг учраас оройтлоо, цаг алдлаа гэх шүүмжлэл гардаггүй байсан.

Зүүн гар талаас эхнийх нь Д.Сүрэн. 1978 он

-“Бөмбөгөр” худалдааны төв, “Нарантуул” захад гарсан галыг хараад та бас тактик зохиогоод төсөөлчихсөн байсан биз?

-Би 1991 онд тэтгэвэрт гарсан шүү дээ. Өглөө эрт гарч давхичих гээд. Цагны сэрүүлэг дуугарахаар түргэн авчих гээд гэгэлзээд тун хэцүү юм билээ. Галын машин дуугарахаар түгшчихнэ. “Бөмбөгөр” худалдааны төв шатахад зусланд байж таарсан. Тун шаггүй гал байсан. Зурагтаар хараад задаргаа хийхэд тун хэцүү дээ гэж бодож байлаа. Одоогийн барилга байшин задаргаа хийхэд нэлээд түвэгтэй болсон. Гэхдээ одоо ашиглаж байгаа багаж хэрэгслийг бидний үеийнхтэй харьцуулшгүй.

-Хүмүүс гэртээ хүүхдээ цоожилж үлдээгээд явчихдаг. Цоожлогдсон хүүхдүүд галд өртөж амиа алдах тохиолдол цөөнгүй гарсан. Таны ажиллаж байх үед ийм байв уу?

-Цөөн тохиолдол бий. 14 дүгээр сургуулийн хажууд айл шатахад дотор нь хоёр хүүхэд харамсалтайгаар амиа алдсан. Гэр 3-5 минутад бүрэн шатчихдаг. Төв гал командаас очиход аль хэдийнэ оройтчихсон байсан. Хүний амь аварч чадаагүй тохиолдолд дараа нь нүдэнд харагдаад, харамсаад хэцүү байдаг. Тэр үед гар утсаар дуудлага өгөх биш. Байгууллага, албан газрын утсаар дуудлага өгөх гэж цаг алдана. Өөрсдөө унтраах гэж бас цаг алддаг юм. Орон сууцны хогны саванд гарсан гал их аюултай. Байраараа угаартдаг. Тийм үед долоо, наймдугаар давхраас олон хүн гаргаж байлаа. Аманд нь баг зүүлгээд авч гарах, шатаар буулгах гээд бүх л аргыг хэрэглэдэг байж. Одоо өндрөөс хүн гаргахад түвэггүй болсон байна лээ.

-Айлууд цонхныхоо гадуур төмөр хаалт хийдэг болсон. Ийм хаалт хийчихсэн байхад дотроос нь хүн гаргах хэцүү юу?

-Сансарын хойд талд Орос цэргийн ангийн дэлгүүр байлаа. Тэнд гал гараад очиход бүх цонхондоо бэхэлгээ хийчихсэн байсан. Ломбоор хөшиж төмөр хаалтыг нь онгойлгоод барааг нь гаргаж байлаа.

-Саяхан Хөвсгөл аймагт айлын байшин шатаж, гурван хүүхэд харамсалтайгаар амиа алдсан. Тэр айлын цонх гаднаа төмөр хаалттай байж. 15 алба хаагч, гурван техник хэрэгсэлтэй хоёр цаг ажиллаад ч хүүхдүүдийг аварч чадаагүйг эх сурвалжууд манай сонинд мэдээлсэн. Цонхны төмөр хаалтыг суга татчихаж болоогүй юм болов уу?

-Биднийг ажиллаж байх үед төмөр хаалтны бэхэлгээ чанга байсан. Одоо хадаасаар тогтоочихдог болсон. Онцгой байдлынхан багаж хэрэгсэл сайтай байлгүй дээ. Янз бүрээр л үзсэн байх. Гал дэлгэрчихсэн, оволзож байвал бас хэцүү л дээ. Гэхдээ цонхны хаалтыг суга татчихмаар л юм. Хөдөө барьсан барилгын тор ядах юмгүй дээ. Гөжөөд авчихмаар юм. Трос хийж байгаад машинаар бас татчихдаг. Янз бүрийн аргаар үзээд байхад болдог л юм даа.

-Гал үүднээсээ гарсан, хүүхдүүд угаартаж нас барсан талаар ярьж байсан?

-Маш халуун орчинд амьсгал боогддог. Түлэгдээгүй ч угаартдаг юм. Хүмүүс галд орны доогуур л орчихдог.

-Гурван хүүхэд амиа алдсаны хоёр нь орон дор, нэг нь цонхоо хагалж байгаад ухаан алдсан бо­лолтой байсан гэсэн. Гэтэл аврагчид, аав нь хүүхдүүдийг хайгаад олоогүй гэдэг. Орон дор ордог гэдгийг нь мэдэж баймаар юм. Аав нь унтлагынхаа өрөөнд ороход аврагчид хүчээр гаргасан гэсэн. Хүүхдүүдээсээ алхмын зайд зөрсөн байна лээ?

-Орны дор, авдарны араар орчихдог юм. Уг нь андашгүй дээ. Гэм биш зан гэдэг шиг аврагчид андахгүй л баймаар юм. Хэрвээ аав нь байшинд орж чадсан бол гал оволзоогүй л байж дээ. Хүүхдүүдийг аваад гарах боломж байж. Хэрвээ хүүхдээ олж авсан бол битүү ороож авч гараад модны цог үнэртүүлээд анхны тусламж үзүүлэхэд аврагдах боломж байсан болов уу.

Өөрийн чинь ярьснаар төсөөлөхөд галын хүч гайгүй, гал сөнөөгчид хүүхдийг аваад гарах боломж бүрэн байсан байна. Нэг байшингийн гал дээр 15 хүн ажиллана гэдэг том хүч шүү дээ. Гал унтраах гурван машин байна гэдэг ч хангалттай. Бидний үед хоёр тасгийнхан нийлээд 15 хүн байсан.

-Туршлага тааруу байна уу?

-Тактикийн алдаа л гаргаж дээ. Олон хүн тал талаас заана. Тэр бүхнийг үл хайхран салааны дарга маш сайн тактик боловсруулж, үүрэг өгөх ёстой. Хүн орж, гарч байсныг харахад хэдэн хүнийг ч тэврээд гарах боломж байж. Аав нь гал сөнөөгчдөөс түрүүлж хүүхэд дээрээ очсон байна. Гал сөнөөгч аавыг хүүхдүүдтэй нь аваад гарах боломж байж дээ.

-Та хээрийн түймэрт явж байв уу. Энэ хавар айхавтар түймэр гарлаа?

-Богд ууланд гарсан нэг түймэрт явж байсан. Ер нь санамсаргүйгээр алдаа гаргаж гал тавьдаг нөхдүүдэд өндөр хариуцлага тооцох ёстой. Хүмүүсийн ухамсар дэндүү муу байна. Галын хор хохирол маш их. Унтраагаад явж байгаа хүн амиа алдах ч тохиолдол гардаг. Дорнодын түймэрт манай салаанд ажиллаж байсан Насанжаргал гэдэг сайхан залуу амиа алдсан. Гал чинь барих барьцгүй, ам гарч болддоггүй гамшиг шүү дээ.

-Галаас аварсан хүмүүс хожим нь талархал илэрхийлдэг үү?

-Тийм тохиолдол бараг байхгүй дээ. Би Шударга журам медалиа хүнд өгчихөж байсан хүн шүү дээ. Ээлжээсээ буучихаад Зайсангаас уруудаад явж байтал Туул голд хүүхэд живж байсан. Тэр хүүхдийг аварсны дараа сонин дээр гарч, Шударга журам медаль авах юм боллоо. Гэтэл нэг хөгшин салахаа больчихсон. “Манай хүү эмч болох гээд шалгалт өгөөд тэнцсэнгүй. Шударга журам авчихвал сургуульд сурах гээд байна. Хүүг минь бодооч” гээд ажил, гэрт ирээд салахаа больчихсон. Сүүлдээ би өргөдөл бичиж ороод медалиа шилжүүлчихсэн. Тэгээд л аав, хүү хоёр сураггүй болсон. Сайн эмч болсон байх л гэж бодож явдаг.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *