Categories
гадаад мэдээ

Либери улс эболагаас салсан баяраа тэмдэглэв

“Эбола” вирусийн тархалтыг бүрэн дарж чадсанаа Либери улс албан ёсоор тэмдэглэлээ. Либери “Эбола”-гийн тархалтыг зогсоож чадсаныг тус улсын Засгийн газар болон ДЭМБ өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт мэдэгдсэн юм. Учир нь тус улсад Эбола”-гийн нууц үеийн хамгийн дээд хугацаа болох 21 хоногийг хоёроор үржүүлсэнтэй тэнцэх хугацаанд буюу 42 хоногт шинэ тохиолдол бүртгэгдээгүй аж.

Нэг жил үргэлжилсэн тархалтын хугацаанд Либерид хамгийн олон хүн буюу 4700 хүн нас баржээ. Өнгөрсөн даваа гарагийг тус улс бүх нийтийн амралтын өдөр болгосноор сурагчид болон ажилчид “Эбола”-г дарж чадсаныг тэмдэглэсэн байна. Тус улсын хөрш Гвиней болон Сьерра-Леон “Эбола”-гийн тархалтыг өнөө хэр нь дарж чадаагүй байна. Либеричүүд “Бид бэрхшээлийг хэзээд даван туулна”, “Бид бол ялагчид” гэх мэт бичигтэй уриа лоозон барин гудамжинд баяраа тэмдэглэжээ. Тэд мөн бүжиглэж, бөмбөр тоглож, төрийн далбаагаа мандуулж байв. 2014 оны гуравдугаар сард Баруун Африкт “Эбола”-гийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь 1976 онд уг вирусийг илрүүлснээс хойших хамгийн олон хүний аминд хүрсэн тархалт юм. Либери, Гвиней, Сьерра-Леон, Нигери, Мали болон АНУ-д 26720 хүн “Эбола”-гийн халдвар авсны 11079 нь нас барсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *