Categories
мэдээ улс-төр

Ц.Оюунгэрэл: Дотоодын хөрөнгө оруулагч Тавантолгойд орж ирнэ гэдэг маш чухал амжилт

УИХ-ын гишүүн Ц.Оюун­гэрэлтэй уулзаж, Тавантолгойн гэрээний талаарх байр суурийг нь сонирхлоо.

Таны хэвлэлд өгсөн ярилцлагаас харахад Таван­толгойн гэрээг нухацтай уншжээ гэж бодогдсон. Гэрээний нөхцлүүдийг нэг бүрчлэн уншиж танилцсан хүний хувьд та ямар байрсуурьтай байгааг со­нир­хьё?

-Энэ гэрээ олон хэсэгтэй, нилээн олон хуудастай юм билээ. Би нэг бүрчлэн уншсан, ингэхдээ хэн ажил хийх юм, хэн мөнгө олох юм, тэр мөнгөө яаж олох юм, яаж зарцуулах юм, улсад юу өгөх юм, Эрдэнэс Тавантолгой ТӨХК-д юу өгөх юм гэдэг утгаар нь шүүж уншсан. Энэ гэрээ их ажил хэрэгч болсон байна лээ. Яагаад гэвэл ямар нэгэн илүү “уянгын халил” байхгүй, хэн нэгэн хүнийг илүү дөвийлгөсөн зүйл байхгүй яг ажил хийхэд шаардлагатай бүх нөхцлүүдээ заагаад өгсөн байна. Төсөл хэрэгжүүлэхэд газар хэрэгтэй, тэр газраа төлбөртэй ашиглана, тэр ли­ценз нь улсдаа 100% байна. Төлбөртэй ашиглаж байгаа газартайгаа холбоотой улсад ямар ямар хөрөнгө оруулалт хийж өгөх вэ гэхээр төмөр зам барьж өгнө, нүүрс угаах үйлдвэр байгуулна, олон мян­­г­ан хүнийг ажлын байраар хангана, дотоодоосоо олон мянган компанид ханган ний­лүүлэлтийг зохион байгуулна гэсэн их л тодорхой зүйлүүд байна лээ. Миний хувьд их боломжийн гэрээ байна, УИХ-аар орж ирвэл шууд дэмжих шаардлагатай гэжүзэж байгаа.

Яагаад гэхээр энэ гэрээ манай эдийн засгийн найдвар гэж хэлж болно, манай улсын эдийн засаг бараг “сөхрөөд” унаж байна. Хүн бүр үүнийг яриад байгаа атлаа аврах тэр найдварыг нь дэмжихгүй байж бо­лохгүй. Ерөнхийдөө манай улсад дотоодын нэг хөрөнгө оруулагчтай, гадаадын хоёр хөрөнгө оруулагчтай гэрээ орж ирж байна гэж хар­сан. Оюутолгойн хувьд Монгол Улсын Засгийн газар дандаа гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулж бай­сан. Тэнд дотоодын хө­рөнгө оруулагч гэдэг үг бүү хэл үсэг ч байгаагүй. Би Тавантолгойн гэрээний тухай яагаад “жиргэсэн” бэ гэхээр Тавантолгойн гэрээн дээр анх удаа дотоодын хөрөнгө оруулагч орж ирж байгаа. Дотоодын хөрөнгө оруулагч гэдэг бол монгол хүн бүрийн бахархах зүйл. Хөрөнгө оруулагч гэдэг ойлголтонд хүрэхийн тулд, олон улсын хэмжээнд хөрөнгө оруулагч гэж хүлээн зөвшөөрөгдөхийн тулдаль ч улсын компани гадаадын нэр хүндтэй хөрөнгийн биржид бүртгэлтэй байх ёстой.

Тэр хөрөнгийн биржид бүртгүүлэхийн тулд олон улсын хөндлөнгийн аудитаар орно, компанийн засаглалаа шалгуулна, тэр компанийн хариуцлагатай эсэхийг шал­гана, хүний мөнгийг аваад алга болчихгүй компани мөн үү биш үү гэдгийг шалгана… Гэх мэтээр тухайн компанид ордог санхүүгийн, аудитын, хүний нөөцийн шалгалт ихтэй байдаг. Тэгэхээр тэр их давааг даваад Монголын нэг компани гадаадын хөрөнгө оруулагчидтай ижил зиндаанд тэнцэж, хөрөнгө оруулагч гэдэг статустай болсон байна.

Ийм дотоодын компани Тавантолгойн гэрээнд орж ирж байгааг хараад миний сэтгэл их хөдөлсөн. Тэр тусмаа ардчиллын 25 жилийн ойн дээр хувийн хэвшил маань ийм хөрөнгө оруулагчийн зиндаанд өссөн нь ямар сайхан бэ гэж би цахим ертөнцөд бичсэн. Миний хувьд Тавантолгойн гэрээ манай эдийн засгийн хувьд ч, олон компанийн хувьд ч, олон мянган ажилтнуудын хувьд ч найдвар, цаашлаад улсын төсвийн найдвар гэж бодож байгаа. Улс өөрөө төсвийнхөө хөрөнгөөртөмөр замаа барья, угаах үйлдвэрээ босгоё, тэр олон ажилтнуудыг цалинжуулья, тэр олон ханган нийлүүлэгч компаниудыг хөдөлгөе гэх юм бол бидэнд тийм мөнгө, боломж байхгүй.Тийм их хэмжээний мөнгийг заавал Хөрөнгийн биржээс босгох хэрэгтэй. Тэрийг хөрөнгийн биржээс босгодог эрх бүхий хөрөнгө оруулагч нь байх хэрэгтэй. Тэр эрх бүхий хөрөнгө оруулагч нар нь гадаад, дотоодын хамтарсан компаниуд байх юм аа гэж би ойлгосон. Нөгөө талаас энэ гэрээг бүр анх ярьж байх үед нь би бүлгийнхээ хурал дээр “Энэ худалдан авагч, борлуулагч компани нь өөрөө үйлдвэрлэгч байж болохгүй шүү. Өөрөө үйлдвэрлэгч байгаад, өөрөө худалдан авагч байгаад, өөрөө худалдааныхаа сүлжээг барих юм бол босоо монополь гэгч буруу монополь үүснэ шүү” гэж анхааруулж байсан. Тэр үүднээсээ би энэ тухай заалтыг гэрээнээс их анхаарч уншсан. Хэр зэрэг монополь үүсгэх вэ, ялангуяа хэр зэрэг өндөр шатлалтай монополь үүсгэх вэ гэдэг тал дээр их нухацтай анхаарлаа. Гэтэл энэхүү төслийн хүрээнд худалдааныхаа үйл ажиллагааг Японы талаар зохион байгуулуулахаар хийсэн нь тун зохистой хувилбар гэж харагдсан.

Энэ гэрээг уншихад зөвхөн Хятад биш хэд хэдэн улс руу худалдааны үйл ажиллагаа явуулна, түүний нэлээд том хувийг Японы хөрөнгө оруулагч явуулна. Мэдээж хамгийн гол зах зээл нь Хятад улс, тэгээд Япон, Солонгос, Энэтхэг байна гэж заасан байсан. Энэтхэг бол Хятадтай дүйцэхүйц маш том зах зээл.Энэтхэгрүү хүртэл “амбицлах” түвшний ийм гэрээ орж ирж байгаа нь надад их таалагдсан. Тийм учраас төслийн хүрээнд хийгдэх бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хүргэж чадах хэмжээний борлуулагч компани буюу Сумитомог Тавантолгойн төсөл рүүтатан оруулж, гэрээндээ оруулсан байна гэж харж байгаа. Ерөнхийдөө дүгнэж хэлэхэд, энэ гэрээг би тун ажил хэрэгч, ихээхэн боломжийн, дэмжих шаардлагатай гэрээ гэж үзэж байна.

Та энэ гэрээг эдийн засгийн найдваргэж хэллээ. Өнөөдрийн эдийн засгийн бодит байдал ямар байгаа вэ?

-Байдал муу байгаа. Дэл­хийн эдийн засгийн хямрал 2008 оноос эхлээд олон орныг хамарсан. 2014 оноос л эдийн засаг сэргэж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл дэл­хийн эдийн засгийн хям­ралаар “капитализмын ерөн­хий хямрал” гэж нэрлэдэг хамгийн том хямралтай төстэй хямралыг өнгөрөгч таван жил амслаа. Тэр хямралын циклийг монголчууд Оюу тол­гойн хүчээр амсалгүй даваад гарчихсан. Харин одоо Монголын эдийн засаг зөрөөд хямарч эхэлж байна. Яг энэ үед Тавантолгой биднийгаварна гэж бодож байгаа. Монголчуудын хувь заяа, амны хишиг гэж байдаг шүү дээ. Тэр амны хишиг, амны билэг бүх зүйл маань УИХ-даа нөлөөлж чадвал бид хямарчихсан байгаа эдийн засгаа маш богино хугацаанд даван туулж чадна гэж бодож байна.

Бибол амны билэгтэй зүйл лярина гэж бодож байгаа. Тийм учраас Тавантолгой эдийн засгийг аварна, Таван­толгой олон компанийг аварна, олон хүнийг ажилтай болгоно, дээр нь Монгол Улсын төсөв, төрийн төлж чадахгүй байгаа олон өрийг төлж өгөх юм билээ. Гэрээн дээр яг тийм, тийм өрийг төлж өгнө гээд маш тодорхой заасан байна лээ. Монголын Засгийн газрын тавьсан, Эр­дэнэс Тавантолгойн тавьсан өрүүдийг шууд төлж өгөхөөргэрээнд тусгагдсан байна лээ.

Дэлхийн нүүрсний зах зээл сайнгүй байгаа. Энэ үед орж байгаа хөрөнгө оруулагчдыг “татаж авах” биш “түлхэж явуулах” гээд байгаа дүр төрх улс төрийн хүрээнд явагдаад байх шиг?

-Шууд “татаад авах” ёстой. Одоо дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзах “ногоон” хөдөлгөөн өрнөж байна. Яаж нүүрсгүй түлшээ хангах вэ, яаж нүүрсгүй халаалтаа шийдэх вэ, тэр байтугай цахилгаан станцуудаасаа салаад хүмүүс гэртээ нарны зайтай, тусдаа бие даасан цахилгааны эх үүсвэртэй болох хөдөлгөөн ид өрнөөд, гадаадын орнуудад нүүрс бүү хэл цахилгаан станцууд хямралд ороод эхэлчихсэн байгаа. Тиймээс энэ бол “үүлэн чөлөөний” зах зээл гэж би харж байгаа.Тэгээд бас 30 жилийн гэрээний асуудал яригдаад байгаа. Энэ 30 жилийг бид ашиглахгүй юм бол үүнээс цаашаа дараагийн 30 жилийг сунгах уу үгүй юу гэдгийг Засгийн газар шийднэ гэж гэрээнд тусгасан байсан. Тэр үед Засгийн газар “ногоон” эдийн засгаа дэмжих үү, энэ хөрөнгө оруулагчидтай цаашид хамтарч ажиллах уу үгүй юу гэдгээ бүрэн эрхтэйгээр шийдэх заалттай юм байна лээ.

Засгийн газраас хүссэн 14 хоногийн хугацаа аль хэдийнээ өнгөрсөн. Гэтэл одоо болтол УИХ-аар хэлэлцээгүй байна. Ороод ч УИХ дээр гацах, сунжрах магадлал өндөр бий, үүнээс гарах сөрөг үр дагаврыг та юу гэж харж байна вэ?

-Муу тал нь гэвэл, бид УИХ дээр энэ гэрээг хэдий чинээ сунжруулна, төдий чи­нээгээр эдийн засагт өдөр тутмын хохирол учруулж бай­гаа. Сайн талаас нь ярих юм бол, бид хэлж ярих, сай­лах муулах юмаа яг одоо ярьж аваад гэрээгээ нэг сайн хөдөлгөчихвөл дараа нь энэ төсөл маань тогтвортой хугацаанд ажиллах боломж­той. Тэгэхээр энэ гацаад байгаа нөхцөл байдлыг сайн, муу альч талаас нь харж болно. Би хувьдаа аливаа зүйлийг сайн талаас нь эергээр харах хэрэгтэй гэж боддог. Монгол хүмүүсийн амны хишиг талаас нь харвал энийг сайн талаасаа нөлөөлөл байгаасай, гацах талын саад бүү байгаасай л гэж бодож байна.

С.ГАНХҮҮ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *