Categories
мэдээ цаг-үе

Иргэд тагтан дээрээ хог новшоо овоолох бус цэцгийн мандлаар тохижуулдаг болжээ

Иргэд өрөө тасалгаанаас гадна тагтан дээрээ цэцэг, ургамал тарихыг илүүд үзэх болжээ. Харамсалтай нь тасалгааны цэцгийг тэр бүр тагтан дээр тарьж болдоггүй. Тиймээс тагт дээр таривал зохих ямар ургамал, цэцэгс байдгийг сурвалжлахаар “Соёолж” төвийг зорилоо. Бүх төрлийн ургамал, цэцэгсийн тариалалтын улирал эхэлж байгаа учраас “Соёолж” хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Худалдан авагчид үрсэлгээ, тасалгааны болон тагтан дээр тарих боломжтой цэцэгсийг ганц нэгхэн ширхгээр бус хэдэн арваар нь худалдан авч байгаа харагдав. “Соёолж” төвийн ажилчид ч иргэдийн худалдан авсан цэцгүүдийг тэргэнцэрт тавиад, гадаах автомашинд нь хийж өгч тусалж байлаа.

Биднийг сурвалжлагаар очих үеэр нэгэн хос өөрсдийн дөрөвдүгээр хороолол дахь байрныхаа тагтыг бэсрэгхэн цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахаар явж байхтай нь таарсан юм. Гэрийн эзэгтэй С.Болортуяа “Бид хоёр гэр бүл болоод долоон жил гаруй цуг амьдарч байна. Хүүхдүүдийнхээ багадсан хувцас, эвдэрхий цахилгаан хэрэгслүүд гээд хог новшнуудаа тагтан дээрээ хураачихдаг байсан. Багахан талбайтай ч гэсэн мөнгөөрөө худалдаж авсан болохоор нөхөртэйгөө ярилцаж байгаад, тагтаа тохижуулахаар болсон. Одоо дулааны улирал эхэлчихсэн юм чинь тагтаа тохижуулчихвал дасгалаа хийхээс гадна цайгаа ч тэндээ уучихна. Цэцэгсээр хүрээлүүлсэн, анхилам тансаг үнэртэй орчинд орохоор хэний ч сэтгэл сэргэнэ шүү дээ. Манайх наран талдаа учраас цэцэг ногоо сайн ургана” гэсэн юм. Тэд хиймэл зүлгээр тагтныхаа шалыг бүрэхээр шийджээ. Хоёр метрийн өргөнтэй хиймэл зүлэгний нэг метрийн урт нь 79500 төгрөг. Үүнээс тэд гурван метрийг худалдан авлаа. Үүнийхээ дараа тэд цэцгийн савны тасгаар орлоо. Цэцгийн хуванцар болон шаазан сав (суурь) хэлбэр, хэмжээ, өнгөний өргөн сонголттой борлуулагдаж байв. Хуванцар савнуудын хамгийн жижиг нь 1950 төгрөг бол хамгийн том буюу үнэтэй нь 20500 төгрөг. Харин шаазан нь 2900-аас 49950 төгрөгөөр борлуулагдаж байв. Тэд дугуй хэлбэртэй, цайны аяганаас арай томхон хэмжээтэй 5500 төгрөгийн үнэтэй хуванцар савнаас нэлээд олныг авав. Тэдэнд тохой хэрийн өндөртэй, хуванцар нарийн хашлага санал болгосон ч тэд худалдан авахаас татгалзсан юм. Учир нь тэд задгай тагтныхаа хашлага дээргүүр цэцгээ байрлуулахаар болжээ. Тиймээс тусгаарлах хашлага хэрэггүй гэж үзжээ. Хоёр метр гаруй урт, өргөн нь 30 см талбайг хүрээлэх хашлага 33500 төгрөг байлаа.

Тэд цэцэгсээ сонгохоор хажуугийн танхим руу оров. “Соёолж” төвийн үрсэлгээчин Б.Оюунчимэг тэднийг хүлээн авч, ямар цэцэг сонирхож байгааг нь асуув. Задгай тагтаа цэцэгжүүлэхээр болсныг нь сонсоод тэрээр “Гадаад орчинд сайн ургадаг зарим цэцэгс, ургамлаа би танилцуулъя” гээд дагуулаад явав. Үрсэлгээчин Б.Оюунчимэг “Бүх төрлийн халгана гадаад орчинд тэсвэртэйгээс гадна арчилгаа бага шаардагддаг юм. Өнгөний хувьд ч гүн ягаан, ногоон, ногоон хэрнээ ягаан хүрээтэй буюу алаг зэрэг олон сонголттой. Шилжүүлж суулгахад хүртэл ажиллагаа багатай. Дээрээс нь таван үе тоолоод, доогуур нь ташуу хайчлаад хөрсөнд суулгана. Манайд 6500 төгрөгөөр борлуулагдаж байна” гэчихээд цааш хэд алхсанаа үзүүртээ ягаан өнгийн жижигхэн цэцэгтэй тохойн чинээ өндөр ургасан цэцэгсийн дэргэд ирээд “Энэ бол шимтгэлээ. Айл гэрт халуун дулаан уур амьсгал бүрдүүлэгч, өөрөөсөө эерэг энерги ялгаруулдаг цэцэг. Түүнчлэн хиншүү, хярвас, тамхины болон чийгний таагүй үнэрийг өөртөө хоромхон зуур шингээдгээрээ давуу.Ойр хавьд нь ургаж байгаа ургамал ямар нэг зүйлд хорддоггүй. Ерөнхийдөө 40-60 см хүртэл хүртэл ургана. Мөчрөөр үрждэг бөгөөд хар ногоон холимог хөрсөнд сайн ургана. Тагтан дээрээ тарьсан ч гэсэн хаалгыг нь онгойлгочихвол гэрт байгаагаас ялгаагүй, гэр анхилж үнэрээр дүүрнэ. Долоо хоногт хоёроос гурван удаа бага зэрэг усална. Хагас сардаа нэг удаа бордож, хөрсийг нь сийрүүлнэ” гэвэл С.Болортуяа “Үүнээс чинь зургааг авъя” гэв.

Мөн тэдэнд аз жаргалын цэцэг буюу Азалиг харуулав. 29700 төгрөгийн үнэтэй. Өргөн зузаан навчтай, ягаан, улаан цэцэг бүхий тус Азалиг гэр бүлд аз жаргал бэлэглэгч хэмээн Ази хүмүүс ам сайтай байдаг аж. Өөрөөсөө анхилам сайхан үнэр ялгаруулахын сацуу тайвшруулах үйлчилгээтэй учраас ид шидийн цэцэг ч гэж нэрийдэх нь бий. Мөн давжаа сарнайг иргэд тагтан дээрээ олноор нь тарьдаг юм байна. Тус сарнай 24450 төгрөгөөр борлуулагдаж байлаа. Мөн минт хэмээх олон наст ногоон ургамал нь цагаан гаа, алим, ананас, лимоны үнэртэй. Нарны илчинд ойр, чийг сайтай хөрсөнд хурдан ургадаг. Гэхдээ хуурай орчинд ч арчилгаа шаардахгүй сайн ургадаг юм байна. Түүнд агуулагдах розмарины хүчил нь улирлын харшлыг намдаах, ментол нь ханиад томууг анагаахаас гадна гэдэс хямрахаас сэргийлдэг гэнэ. Энэхүү ургамлыг баруун өмнө Ази, Европын оронд махтай хоол, шөл болон салатанд хэрэглэдэг аж. Үрсэлгээчин Б.Оюунчимэг “Ямар ч ургамал, цэцэг тарихад нарны гэрэл, усалгаа маш чухал. Наранд ойр байлгаж байгаа нь энэ гээд тагтан дээрээ тэр чигт нь гаргаад тавьчихаж болохгүй. Бас хамаагүй их усалж болохгүй. Ямар ч цэцгийг хөрсөн дээр нь цэлэлзтэл усалчихвал үндсээрээ амьсгалж чаддаггүй. Хүний амаар дүүрэн ус хийчихвэл амьсгалж чаддаггүйтэй адил. Тиймээс цэцгүүдийг долоо хоногтоо хоёроос гурван удаа бага багаар услах хэрэгтэй. Мэдээж услахаасаа өмнө хөрс нь ямархуу чийгтэй байгааг шалгах хэрэгтэй. Чийгшил сайтай орчинд бага ус шаардагдана. Мэдээж хуурай бол олон дахин усална. Түүнчлэн тагт дээр ургуулах цэцгийнхээ дээгүүр шил, гялгар уут зэргээр бүтээж, нарны хурц, хортой гэрлээс хамгаалах хэрэгтэй. Ямар цэцгийн хөрсийг жилдээ нэгээс хоёр удаа солих хэрэгтэй” хэмээн худалдан авагч нар зөвлөв.

Тагт дээрээ цэцэгнээс гадна ногоон сонгино, юуцай, яншуй, бууцай, гоньд, ногоон сонгино зэргийг тарьж болох аж. Гагцхүү гадаах агаарын хэм нэмэх арван хэмээс буухгүй болсон үед тагтан дээрээ гаргах шаардлагатай юм байна. Тухайлбал бууцай, салаатны навчийг өргөст хэмх, улаан лоольтой зэрэгцүүлж таривал ашигтай болохыг тэрээр хэлсэн юм. Учир нь дээрх ургамлууд нэгээс хоёр сарын дотор бүрэн ургаж гүйцээд, хүнсэнд хэрэглэхэд бэлэн болдог аж.

М.Ууган-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *