Улаанбаатар хоттамын хот болсон. Өвөлдөө утаа нь цээж хорсгож,жилийн дөрвөн улиралд замын түгжээ салахгүй, орой үдшийн цагаар гадагш гарахад үргэлж сэтгэл түгшээстэй, харанхуй дунд тэмтчих нь холгүй айдсаар дүүрэн явна. Дээр нь согтуу, дүрэмгүй жолооч замаар дүүрэн. Америкийн тэнэгүүд дэлгүүрийн сагстай тэрэг түрчихсэн явж харагддаг. Монголын тэнэгнүүд эксел унаж,урсгал сөрж давхиад замын хөдөлгөөнийг таг гацаадаг. Гацаахдаа бас дуугүй байхгүй. Сигналаа хангинуулж, өөрөө хараал урсгаж, юу болов гэмээр түгшүүртэй дуу чимээ хотоор нэг тархаана. Энэ бүхэн юунаас эхтэй вэ. Манайх ардчилсан орон учир ямар хөрөнгөтэй байхыг хүнд заалтай биш. Гэхдээ бүрэн бус техниктэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог дүрэм журам бол бий. Мөнөөх эксел нь ихэнхдээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй байдаг.
Жолооч бэлтгэхэд хамаг учир байна. Тийм учраас ямар хүн жолооч болохыг заадаг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайхуулийн шинэчилсэн найруулга УИХ-аархэлэлцэгдэх шатандааявж байна. Улаан дугуй дотор 30 гэсэн тоо ямар учиртайг хариулж мэддэггүй, ойлгодоггүй хүнийг машинд ойртуулмааргүй байна. 30 км-ээс илүү хурдтай явахгүй гээд ихэнх нь хэлэх байх л даа. Хэлэх нэг өөр. Амьдралд хэрэгжүүлэх дадал суулгана гэдэг асар том хариуцлага. Ийм дадлыг жолооны курсууд суулгаж өгөхгүй юм. Шалгалт авч байгаа нь, өгч байгаа нь ч аргалах тухай сайн мэддэг. Гадаадад тэр дундаа Америкт жолооч бэлтгэдэг жолооны курс их өөр. Хэн дуртай нь жолооч болж чаддаггүй юм билээ. Бичиг мэддэг бол яахав дүрмийнхээ шалгалтыг өгчихдөг байх. Харин жолооны шалгалт нь маш чанга. Замын хөдөлгөөний шаардлагыг бүрэн хангасан гудамжинд жолооны шалгалт авдаг. Дунд сургуулийн гадаа яаж явах, эмнэлэг, түргэний машинд зам тавьж өгөх зэргийг нарийн шалгана. Хэрэв биелүүлээгүй бол маш өндөр торгууль оногдуулдаг. Бүхий л тэмдэглэгээ заавар дүрмийн дагуу шалгалтанд орж байгаа хүнийг явуулж, нэг үйлдэл алдахад л шууд унагадаг. Аргална гэдэг ойлголт байхгүй. Дахиад л мөнгө төлждахин бэлдэж шалгалт өгдөг. Тэнд насан туршдаа жолооны шалгалт аваад мэргэшсэн нэг нөхөр өдөр болгон сууж байдаг. Алдаа гаргавал тэнцэхгүй гээд л явуулна. Манайхан шиг нэг өдөр жолооны курс төгсөөд бөөндчихнө гэсэн ойлголт байхгүй. Монголд үйл ажиллагаа явуулж буйжолооны курсууд машин яаж барихыг,дүрэм журам хэрхэн биелүүлэхийг заамаар байна. Мөн бусдыг хүндлэх ёс суртахууны талын хичээл ч нэмэлтээр ормоор байгаа юм. Түүнээс машин засахыг заах хэрэггүй. Орчин үед тэртэй тэргүй жолооч нар машинаа өөрөө засахаа байсан. Түүний оронд зогсоолд яаж байрлуулах, яаж машинаа хөдөлгөх, хэдий хэрийн хурдтай явах, тэмдэг тэмдэглэгээ, дүрэм журам зааж байя. Гэтэл манайд сум болгонд, аймаг дүүрэг, хотод хичнээн мянган курс байна. Хамгийн хачирхалтай нь уг жолооны курсийн ажлын үзүүлэлт нь нэг удаагийн шалгалтаар төгсөгчдөө тэдэн хувьтай төгсгөлөө гэсэн үзүүлэлт. Жолооны курсийн захирал, багш нар нь хүнээ тэнцүүлэх нь л гол үүрэг.Тиймээс жолооны курсийн багш, төгсөгчидөнөөх шалгалтын комиссын багийг зохион байгуулалттайгаар хуурах, аргалах гол ажил л хийдэг. Наадах чинь томоотой юм, бичиг үсэг мэдэхгүй юм, малчин юмаа, энэ нэг сайхан гар байнаа, зайлуул аргалаад тэнцүүлчихээч гэнэ, нөгөөх нь бас арганд ороод тэнцүүлчихдэг. Ингэхээр машин барих нь битгий хэл морин тэрэг ч аятайхан жолоодож чадахгүй юмнууд Монголын замаар дүүрэн боллоо.Тэгээд л урсгал сөрөөд, уулзвар, гэрлэн дохион дээр таван минут хүлээж чадахгүй. Урсгал сөрж очоод л замын голд гацчихдаг. Замын тэмдэглэгээнүүд ямар учиртайг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй, давхиж очоод л хүн дайрч байдаг. Тэр байтугай жолоо барьж байгаа хүн архи ууж болохгүй гэдгийг огтоос сонсоо ч үгүй. Ийм хотод эрүүл ухаантай хүн амьдрах аргагүй, машин барьж замын хөдөлгөөнд орох аргагүй болчихоод байна. Урсгал сөрж давхиж очоод гэрэл дохион дээр гацааж байгаа өнөөх тэнэг юу гэж боддог гээч. “Зам /эсрэг урсгал гэж мэдэх ч үгүй/ хоосон байхад энэ тэнэгүүд яагаад цувж зогсоод байгаа юм. Би сэргэлэнтээд хоосон зайгаар нь түрүүлж давхиж очоод гэрлээр гараад явчихна” гэдэг. За тэгээд эсрэг урсгал руу орж давхиж очоод өөр машинтай мөргөлдөж мөрөөрөө дүрмээрээ явсан жолоочид гай удна. Үүгээр зогсохгүй. Замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх жолооч нарт гай болно. Стандарт хүмүүс нь амьдрах аргагүй болж байгаа гэдэгэнэ. Гэтэл өнөөх тэнэгүүд замыг нь гацааж төлөвлөсөн хамаг ажлыг нь хоцроохоор нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрнэ. Тэгэхээр замын хөдөлгөөнтэй холбоотой хууль,дүрэм, журамд дорвитой, зоригтой өөрчлөлт хиймээр байна. Замын хөдөлгөөний дүрмийг удаа дараа зөрчвөл жолооны шалгалтанд дахин оруулах, энэ нь дүрэм журам биелүүлж сурахыг дахин тодотгож байгаа хэрэг. Олон улсын стандартын дагуу ганцаараа очиж шалгалт өгдөг, шалгалт болгон үнэтэй. Хоёр удаа ингэж шалгалтад ороод дахин зөрчил гаргавал машин барих эрхийг нь бүх насаар нь болиулмаар байна. Архи уусан үедээ машин баривал маш өндөр торгуультай, эсвэл эрхийг нь хасдаг болгоё. Энэ бүх шалгалт давааны дараа энэ нөхөр нийгмийн дэг журмыг дагаж чадаж байгаа үгүйн нотолгоо болог. Чадахгүй бол ийм улсаас замаа чөлөөлье. Тэгж байж эрхбиш дүрэм журам хууль дагадаг хүмүүсээ амар тайван амьдруулахгүй бол энэ хотод амьдрах аргаалга. Тэнэгүүдийнхээ өмнөөс стандарт хүмүүс нь амьдрах эрхгүй болоод байна. Хэзээ болтол нял нял хийж талд бэлчиж байгаа малнаас дор иймэрхүү нөхдийг өөгшүүлж байхав. Мал хүртэл бэлчдэг бэлчээр явдаг жимээ мэддэг шүү дээ. Иймэрхүү дүрэм журам мэддэггүй нөхдийг сошиалаар оркууд гээд нэрлэчихсэн байна лээ. Оргүй ч биш. Энэ нь ядуу, энэ нь малчин, энэ нь хөдөөнийх юм гэж өөгшүүлжшударга ёс яриад яахав. Шударга гэдэг үг өөрөө утгаа алдаж хий хоосон тунхаг, болчихоод байна. Бүгд зөвхөн хууль дүрэмд адил тэгш захирагддаг байя. Үүнийг л шударга ёс гэх байх. Орчин үед хэн хэдэн удаа алдаа гаргаж, дүрэм зөрчиж байгааг мэдэж ядах юмгүй болсон. Камераар хараад л шүүчихнэ. Харин дүрэм журмаа зөрчихгүй яваа хүмүүсийг байн байн зогсоодог утгагүй байдлаа үүнийхээ оронд халчихъя лдаа.Хэрэв хууль дүрэм дагахгүй бол шударга ёс яриад яахав.
Японд явж байхад хээрийн замд шөнө хоёр машин өөд өөдөөсөө ирээд хэн хэн нь гэрлээ дохиж бие биеэ түрүүлж яв гээд байж билээ. Манай өнөөдүүл бол дайрах шахаад шороогоор булаад гарна даа гэж өөрийн эрхгүй бодогдож билээ. Бусдыг хүндэтгэж байж л өөрийгөө хүндлүүлнэшүү дээ. Хэдэн жилийн өмнө жолооны шалгалт авдагМэргэжлийн комиссын Лувсандорж билүү нэг залуугийн тухай найзаас нь сонсч билээ.Танил маань жолооны курсэд суухаас залхуурч, жолооны үнэмлэхгүй ч хөдөө гадаа машин бариад яваад байдаг болохоор жолооны үнэмлэх шууд авчих санаатай Мэргэжлийн комиссын дарга Лувсандорж хэмээх найз руугаа л ярья гэж шийдэж. Тэгээд учраа хэлтэл өнөөх Лууяань “Үнэмлэх авах амархаан, яг чиний бодож байгаа шиг. Гэвч чи эхлээд жолооны курсэд суу. Машин жолоодож сур. Дүрэм журам мэд. Тэгээд үнэмлэхээ ав. Чи найздаа өнөөдөр уурлаж байгаа биз. Аргалж болдоггүй юм гэж бий. Өнөөдөр чамд үнэмлэхийг чинь гаргуулаад өгч болох ч жолоо барьж сураагүй, дүрэм мэдэхгүй чамд би үнэмлэх өгвөл мэргэжлийн алуурчин болголоо гэсэн үг. Тиймээс чамд туслах ганц боломж байна, жолооны курсэд сурахад чинь л тусалъя” гэж. Өнөөх найз нь Лууяадаа гомдож. Хүмүүст баахан онгирчихсон.Гэтэл үнэмлэх авахад нь туслахгүй жолоонд суу гээд байдаг. Гэвч дуртай, дургүй жолооны курсэд суусан. Одоо тэр сайн жолооч. Дээр нь нөгөө муу Лууяа найзыгаа магтаж яваа нь тэр. Ажилдаа хариуцлагатай байна гэдэг энэ.Тэр Лууяа гэдэг нөхөр шиг л хариуцлагатай хүмүүс олон баймаар байгаа юм. Хэдэн мянган жолооны курсууд аргалж, чаргалж жолооны үнэмлэх өгөөд байвал алуурчин бэлдэж байгаа гэсэн үг. Саяхны нэг шөнө л ная гаруй согтуу жолооч замын цагдаагийнхны шалгалтаар баригдсан байна лээ. Баригдаж мэдэгдээгүй хэд байгаа бол. Нэг шөнө наян алуурчин зам дээр явж байна гээд бодоод үз л дээ.Ийм хотод сэтгэл амгалан амьдарч чадна гэж үү. Хүний амь эрсдэж байгаа гэмт хэргийн 50 орчим хувь нь зам тээврийн ослоос болдог гэсэнсудалгаа байдаг юм байна. Хүний амь амьдралтай холбоотой ийм хуулийг яаралтай хэлэлцэж батлах шаардлагатай байна. Аль 2004 онд батлагдсан хууль одоо болтол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд цаг үетэйгээ нийцүүлэн өөрчлөх шаардлага нэгэнт бий болсон. Тэр үед машин унадаг хүн хэд байлаа. Одоо хэд дахин нэмэгдээд байгаа билээ.
Г.Батхүү гишүүний санаачилсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болоод байгаа. Нэн шаардлагатай зайлшгүй хэлэлцэх ёстой хуулийн төсөл. Гэвч мэргэжлийн байгууллагынхны хэлж байгаагаар энэ шинэчилсэн найруулгын төсөлд авах ч юм бий, хаях ч юм бий гэнэ. Замын цагдаагийн ерөнхий газар гэж байхаа больж Автотээврийн газар машины дугаар олгох болсон. Гэтэл дээр нь нэмээд жолоочийн бүртгэлийг тус газарт өгөхөөр тусгасан нь буруу зүйл болсон. Учир нь сүүлийн үед ихэнхгэмт хэрэг машинтай үйлдэгдэх болсон. Гэтэл Замын цагдааднэг дор нэгтгэгдэж байх ёстой мэдээлэл авах боломж байхгүй болжээ. Тиймээс бизнес талын өөрчлөлт түлхүү орсон гэж шүүмжилж байна лээ. Харин зарим заалтыг дэмжиж байгаа юм. Учир нь зөрчлийн зарим заалтыг сул байна гэж шүүмжилдэг байсан бол шинэчилсэн найруулга дээр зарим нэмэлтүүд орж ирж байгаа юм билээ. Тухайлбал мөнгөн торгуулийн хэмжээ нэлээд олон заалтад нэмэгдэж орсон байна. Урсгал сөрсөн нөхдүүдэд оногдуулах торгуулийн хэмжээ ч нэмэгдэж орж байгаа юм. Мөн шийтгэл нь сул байна гэж яригддаг зөрчлүүдийн мөнгөн торгуулийг нэмэхээр заалт оруулжээ. Удахгүй УИХ-аар хэлэлцэх энэ хуулийн төсөлд аль болохоор хатуу заалт оруулснаараа хичнээн хүний эрдэнэт амь аврагдах билээ. Дүрмээ барьдаггүй тэнэгүүдээс болж хэвийн амьдрах боломжоо үгүй болгуулж байгаа стандарт хүмүүсийн эрхийг бодож эрхэм гишүүд хатуухан хууль батлахаа эрхбиш мэдэх биз ээ.