УИХ-ын дарга З.Энхболдын Мод тарих үндэсний өдрийн нээлт дээр хэлсэн үг
Энд хуран цугласан эрхэм хүндэт зочид, ноёд, хатагтай та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Монгол улсын Ерөнхийлөгч 2010 онд 63 тоот зарлиг гаргаж, нийт ард иргэд, айл өрх, төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд мод тарих, түүнийгээ арчлан хамгаалах амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлэн ажиллах талаар уриалга гаргасанаас хойш улс даяар жил бүр мод тарих ажлыг зохион байгуулдаг болсон.
Энэ жилийн “Бүх нийтээр мод тарих өдөр” нь Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ой, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойтой давхцаж байна.
Дэлхийн хоёрдугаар дайнд Монгол улс Зөвлөлт Холбоот Улсыг дэмжин идэвхтэй оролцож ялалтад томоохон хувь нэмэр оруулсан нь түүхэн үнэн билээ. Их ялалтын ойн баяртай давхцсан өнөөдрийн арга хэмжээнд Оросын Холбооны Улсын Элчин сайд эрхэмсэг ноён Азизов Искандер Кубарович, Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайд эрхэмсэг ноён Станислав В.Чепурной, Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд эрхэмсэг ноён Калыбек Ибрагимович Кобландин нар хүрэлцэн ирж оролцож байгаад талархаж байна.
Түүхт ойн баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүдээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шинэ төгөл байгуулах ажлыг санаачлан эхлүүлж байна. Шинэ төгөл бүтээх ажилд үе үеийн УИХ-ын гишүүд оролцож өөрсдийн гараар мод тарьж хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Бүх нийтээр мод тарих өдрийн энэ жилийн арга хэмжээг олон нийтийн дунд мод тарих соёлыг дэлгэрүүлж, тарьсан модоо ургуулах, амьдрах хувийг нь нэмэгдүүлэх, арчлан хамгаалах мэдлэг чадварыг түгээх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөнийг” улс даяар өрнүүлж байгаа нь нэн сайшаалтай.
Хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт иргэд, байгууллагын идэвхи санаачлага, оролцоо хамгаас чухал юм.
Ингээд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй “Бүх нийтээр мод тарих өдрийн” арга хэмжээг нээснийг мэдэгдье.
Тарьсан бүх мод маань амжилттай ургаж та бидний амьдралыг ивээж байх болтугай.