Жирэмсэн эмэгтэйчүүд архи, пиво уучихсан хөлчүү явж байгаатай элбэг таардаг боллоо. Өнгөрсөн долоо хоногт оройхон Баянзүрх дүүргийн Сансараас Зүүн дөрвөн зам руу уруудаад алхаж явтал нэлээд согтсон бүсгүйчүүд явж байна. Тэдний дунд гэдэс нь зөндөө томорчихсон гурван жирэмсэн эмэгтэй зогсож байх юм. Хоорондоо “Төрөхөөсөө өмнө сайхан суулаа шүү. Төрөөд мөддөө гэрээсээ гарахгүй шүү дээ” гэж ярьцгаах ээжүүдийг хажуугаар нь өнгөрөх хүмүүс гайхангуй харцгаана. Тэдэнтэй зөрөөд өнгөрөх үед нэг эмчийн хэлсэн санаанд буусан юм. ДЭМБ-ын судлаачид жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд архи уусан тохиолдолд урагт, хэвлий дэх хүүхдэд нь хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Туршилтаар жирэмсэн үедээ архи уусан эмэгтэйн цусанд агуулагдах спиртнээс гэдсэнд бойжиж буй ургийн цусан дахь спирт хоёр дахин илүү байгаа нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл жирэмсэн байхдаа архи, пиво ууж бага зэрэг согтоходгэдсэнд байгаа хүүхэд ээжийнхээ уусан архинд согтоод тасардаг гэнэ. Ээжийнхээ уусан архинд согтсон ураг хэвлийдээ тасарч, маргааш нь шартдаг болох нь тогтоогдсон байна. Мөн хөхүүл эмэгтэй ч ялгаагүй согтууруулах ундаа уувал хөхний сүүгээр дамжиж хүүхэд нь согтдог болох нь шинжлэх ухааны туршилтаар батлагдсан байна. Ийм дүгнэлт гарчихаад байхад эмэгтэйчүүд гэдсэндээ бойжиж байгаа ураг, өлгийндөө үнэгчилж буй нялх энхрий үрсээ тасартал нь согтоож байгаагаа мэдэлгүй архи, пиво уусаар байх юм даа.
Э.ХҮРЭЛБААТАР