Categories
мэдээ нийгэм

Түймрийн улмаас 4.9 сая гаруй га ой, хээр бэлчээрийн талбай шатжээ

Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам МУИС-ийн дэргэдэх Төв Азийн бүсийн түймрийн менежментийн нөөцийн төвтэй хамтран Түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах үндэсний уулзалт зохион байгууллаа.

БОНХАЖ-ын дэд сайд, Ой хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөлийн дарга М.Хүрэлсүх “Энэ уулзалтыг хаврын хуурайшилт эхэлж, манай орны экосистемд гал түймрийн аюул нүүрлээд байгаа ийм үед зохион байгуулж байна. Ой хээрийн түймэрт олон мянган га ойн баялаг, бэлчээрийн чухал ач холбогдол бүхий газар нутаг өртөж байгаль, экологийн асар их хохирол учруулсаар байна. Түймрийн үзүүлж буй сөрөг нөлөө улам ихсэж байгаа. Түймэр нь зөвхөн Монгол Улс төдийгүй бүс нутгийн хэмжээний асуудал болсон” гэв.

Он гарсаар 124 удаагийн ой хээрийн түймэр 16 аймгийн 71 сумын нутаг дэвсгэрт гарчээ. Түймрээс гарсан хохирлыг урьдчилсан байдлаар тооцоход нийт 4.9 сая гаруй га ой, хээр бэлчээрийн талбай, үүнээс 146.5 мянган га ой, 4.8 сая га бэлчээрийн талбай шатсан байна.

ОХУ-аас манай улс руу нийт долоон удаа, Монгол Улсаас БНХАУ-ын хил давж хоёр удаа хээрийн түймэр гарсан аж.

Ой хээрийн түймрээс урьдчилэн сэргийлэх ажлын хүрээнд сансрын хиймэл дагуулын мэдээгээр ой, хээрийн түймрийг илрүүлэх, түймрийн голомтын тархалтыг урьдчилан мэдээлэх, түймэр ихтэй аймгуудад үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах зэрэг арга хэмжээ авч байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *