Categories
гадаад мэдээ

Алдарт “Зууны тулаан”-д Флойд Мейвэйзер яллаа

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 12:00 цагаас түмэн олон бокс сонирхогчдын хүсэн хүлээж байсан “Зууны зодоон” хэмээн нэрлэгдсэн агуу тулаан буюу Флойд Мейвэйзер, Мэнни Пакьяо нарын тэмцээн боллоо. Мэргэжлийн боксын түүхэнд гарсан хамгийн өндөр бооцоотой энэ тулаанд боксчин Флойд Мейвэйзер ялалт байгуулла.

Америк улсын Лас-Вегас хотын MGM цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ хоёр боксчны талаар сүүлийн хэдэн сар бичээгүй хэвлэл мэдээлэл, санал бодлоо илтгээгүй мэргэжилтэн, тамирчин, дасгалжуулагч бараг үлдээгүй юм. Сүүлийн гаргасан судалгаагаар америк залуу өөрийнхөө өрсөлдөгчийг ялах магадлал бага зэрэг илүүтэй хэмээн дүгнэж байлаа. Мэнни шиг хурдан хөдөлгөөнтэй боксчинтой Мейвэйз ер хэзээ ч таарч байсангүй. Тэгээд ч Ази тивээс төрсөн боксын цорын ганц жинхэнэ од Пакьяо хэзээ ч хэнээс ч айдаггүй, сэтгэлийн хөдөлгөөнөө хянах асар өндөр чадвартай, зөвхөн довтолж тоглодог гээд ялалтад хүрэх сайн чанарууд олонтой юм. Өчигдөр явагдсан жингийн хэмжилтээр филлипин залуу 65.77 кг байсан бол Флойдын жин 66.22 кг-ийг зааж байлаа. Жин хэмжих үйл ажиллагаа хориод минут үргэлжилсэн бөгөөд зөвхөн энэ үйлдлийг сонирхох гэж цэнгэлдэх дүүрэн хүн цугларч байсан юм. Спорттой их бага хэмжээгээр холбогдсон төрөл бүрийн хүмүүс санал бодлоо илэрхийлснээс тоймолбол Мэннигийн төлөө Руни, Тайсон, теннисчин Маррей, Рой Жонс зэрэг “томчууд” байгаа бол Флойдын төлөө Маркес, Мосли, Брэндин Ройс, Бэйкхем, снукерын од Силливан зэргүүд нь гараа өргөж байв.

Нийт шагналын сан 280 сая ам.доллар бөгөөд дэвжээнд гарсныхаа төлөө Флойд Мэйведер 180 сая ам.долларын эзэн болох бол Мэнни Пакьяо 100 сая ам.долларыг авч байна. WBC холбооноос шинэчлэн урласан нэг сая ам.долларын үнэ бүхий, гол хэсгийн логог алтаар бүрсэн, нийтдээ 3000 гаруй маргад эрдэнэ шигтгэсэн ялагчийн бүсэн дээр Флойд, Мэнни нарын зураг, мөн WBC-гийн экс ерөнхийлөгч Хосе Сулайман, боксын домог Мухаммад Али нарын зургийг сийлжээ.

Б.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *