“Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн 1000 км хурдны авто замын геотехникийн суурь судалгаа, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажил ид өрнөж байна. Монгол Улсад анх удаагаа олон улсын стандарт бүхий транзит тээврийн хурдны авто замыг барих ажил дуусч байгааг албаныхан дуулгалаа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газартай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь замын трассын байрлал зүйн зураг зохиох болон хамаарлын бүс газрыг бүртгэлжүүлэх, инженерийн цогц суурь судалгаа, зураг төсөл, зам барилга үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн туслалцаа авахад чиглэжээ. Хамтын ажиллагааны хүрээнд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь хурдны авто замын трасс болон нөлөөллийн бүсийн мэдээллийн санг үе шаттайгаар байгуулах, хурдны авто замын инженер геологи, гидрогеологи, гидрометрологи, геодези, газрын кадастрийн судалгаа, зураг төсөл, төсөв түүнд шаардлагатай техникийн хяналтын асуудлаар мэдээлэл зөвлөгөө өгөх, судалгаа боловсруулалт хийх, дүгнэлт зөвлөмж гаргах чиглэлээр хамтран ажиллана. Юутай ч олон жил яригдсаны эцэст хурдны замын ажил эхлэх нь тодорхой боллоо. Өнгөрсөн сарын 2-ны өдөр авто замын трасс батлагдсан бол 4 сарын 24-ны өдөр Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хурдны авто замын трасс дайран өнгөрч байгаа зургаан аймгийн засаг дарга нарт албан бичиг илгээсэн байна. Энэ нь “Хурдны авто замын зурвас газрыг концесс эзэмшигчид олгох тухай” албан тоот байв. “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн хурдны авто зам төсөл нь Төр – Хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэж буй хамгийн том бүтээн байгуулалт аж.
Categories