УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн асуудлыг хэлэлцэх ажлын хэсэг томилоод буй. Нийт гурван нам эвслийн бүлгээс гишүүдийг оруулж, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тус ажлын хэсгийг ахалж байгаа. Түүнчлэн ажлын хэсгээс зарим гишүүд гарна гэдгээ ч илэрхийлээд байгаа.Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Сономпил тус ажлын хэсэгт томилогдохдоо өөрөөс нь асуугаагүй гэх шалтгаанаар гарах хүсэлтээ өгсөн. Харин УИХ-ын дарга З.Энхболд нэгэнт ажлын хэсгийн захирамж гарсан учраас боломжгүй гэжээ. Бас УИХ-ын гишүүн Су.Батболд гишүүн уг ажлын хэсгээс гарах бодолтой байгаагаа илэрхийлээд амжсан. Гишүүн М.Сономпилын хувьд МҮАН-ын гишүүн учир Тавантолгойн мега төслийг хариуцаж буй М.Энхсайхан намын даргынхаа бодлого шийдвэрийг зөрчихгүйн тулд энэ ажлын хэсэгт орох сонирхолгүй байгаа бололтой. Мөн Тавантолгойн төслийн ажлын хэсэг ажлын энэ амралтын өдрүүдэд хуралдаж асуудлаа ярилцах аж. Тодруулбал ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр, маргааш хоёр хуралдах юм байна.