Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийв.
Дэлхийн улс орнуудын татварын орчныг судалж, нэгдсэн тайлан гаргадаг Олон Улсын Санхүүгийн Корпорацийн 2015 оны “Бизнес эрхлэлт” судалгааны тайлангийн “Татвар төлөлт” үзүүлэлтээр Монгол Улсын татварын орчин дэлхийн 84 дэх таатай улс гэж үнэлэгдэн татварын дундаж хувь хэмжээ 24.4 хувь байгаа нь дэлхийд 28 дахь бага татвартай улс болсон гэсэн байна.
Монгол Улсын эдийн засгийн орчин хурдацтай хөгжиж, олон улсын эдийн засгийн харилцаанд орж, үндэстэн дамнасан корпорациуд бий болж, дэлхийн хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр эрчимтэй хэрэгжиж буй энэ үед нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөл байдлыг зохицуулах, тэдгээрийн шинж чанартай уялдуулан татварын орчныг цаг алдалгүй боловсронгуй болгох зорилгоор татварын хууль тогтоомжийг дахин шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон гэж Ерөнхий сайд хэлэв.
Татварын орчныг илүү шударга, энгийн, ойлгомжтой, элдэв хийдэлгүй, олон улсын жишигт нийцэхүйц, бизнес эрхлэлт, хөрөнгө оруулалтыг дэмжихүйц боловсронгуй шатанд гаргах нийгмийн захиалга бий болжээ. Засгийн газрын тэргүүний хувьд өнөөгийн татварын хувь хэмжээг цаашид нэмэхгүй, тогтвортой байлгах бодлого баримтална. Эдийн засгийн хүндрэлд орсон зарим улс орон татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлж байгаа ч энэ нь бизнес эрхлэгчдэд дарамт учруулах тул эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах зөв бодлого гэж бид үзэхгүй байна.
Манай улсын эдийн засаг хэрэглээнд тулгуурлан хөгжиж байна. Бид гадны өндөр хөгжилтэй орнууд шиг их хэмжээний орлого, хөрөнгө хуримтлуулсан улс биш. Иймд хэрэглээний татварт суурилсан татварын бүтцээ илүү хадгалан, цаашид боловсронгуй болгох үндсэн чиглэлийг барих нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
Татварын шинэчлэл хийх хамгийн гол зорилт нь Татварын хуулийг тэгш, шударга хэрэгждэг болгох явдал. Тогтмол орлоготой боловч аж ахуйн нэгжээр бүртгэгдээгүй түргэн хоолны газрын эзэн жилд 300 мянган төгрөгийн татвар төлж байхад өдрийн 25 мянган төгрөгийн орлоготой ажилчин жилд 720 мянган төгрөгийн татвар төлж байгаа нь өнөөгийн татварын тогтолцоог өөрчилж илүү шударга байдлыг хангах шаардлагатайг харуулж байна. Ажилтай, орлоготой иргэдийг нэмэгдүүлэхэд хувь хүний орлогын албан татвар, харин бэл чинээтэй хөрөнгөтэй хүмүүст чиглэсэн хөрөнгийн албан татварын тухай хуулийг боловсруулан танилцуулна гэж Ерөнхий сайд хэллээ.
Татварын орчныг бизнес эрхлэлт, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглүүлж өөрчилнө. Олон улсын санхүүгийн байгууллагын хийсэн судалгаагаар хөгжиж буй орнуудад жижиг, дунд үйлдвэрлэл нийт ажлын байрны 45 хувь, ДНБ-ий 33 хувийг бүрдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтэд жижиг, дунд үйлдвэрлэл маш чухал байр суурь эзэлдэг. Иймд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор боловсруулсан НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлэх, сайн дураар бүртгүүлэх босгыг 10 сая төгрөгөөр тогтоох тухай хуулийн төслийг УИХ удахгүй хэлэлцэн шийдвэрлэнэ. Мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлого бүхий жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн тухайн жилд төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг тодорхой хугацаанд буцаан олгох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ.
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг ажлын байр бий болгох, ирээдүйд хөгжүүлэх шаардлагатай байгаа тодорхой салбаруудад чиглүүлэхтэй нийцүүлж дэмжсэн бодлого баримтлах болно.
Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүрэг, амлалтад нийцүүлэн импортын зарим бараанд тарифын зохицуулалт хийх замаар дотооддоо хэрэглээгээ бүрэн хангах боломжтой, нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлнэ.
Монгол Улсын Засгийн газар нэмэгдсэн өртгийн албан татварын онцлог шинжийг ашиглан гүйлгээнд буй бэлэн мөнгийг бүртгэлжүүлэх, иргэдийн хэрэглээгээ хянах соёлыг төлөвшүүлэх, ингэснээр далд эдийн засгийг бууруулах болно. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь төсвийн орлого бүрдүүлэхээс илүүтэйгээр зах зээл дэх хяналтыг нэмэгдүүлэх үүрэгтэй татвар тул эцсийн хэрэглэгч иргэн өөрийн худалдан авалтаа бүртгэх замаар төлсөн татварынхаа 20 хувийг урамшуулал хэлбэрээр буцаан авах боломжийг бүрдүүлнэ. Энэхүү тогтолцоог бид орчин үеийн техник, технологийн ололтод тулгуурлан цахим хэлбэрээр нэвтрүүлэх бөгөөд далд эдийн засгийн хэмжээ буурч, татвар төлөгчдийн дунд үүсээд буй тэгш бус байдал арилахаас гадна иргэдэд тодорхой хэмжээний хуримтлал үүснэ гэсэн юм.
Монгол Улсын эдийн засгийн томоохон хөдөлгүүр болох уул уурхайн татварын харилцааг бид илүү тодорхой болгоно. Өнөөдөр уул уурхайд тусгайлан үйлчилж буй гол татвар болох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тойрсон ойлгомжгүй байдал, маргаан ихээр гарч байна. Бид үүнийг цэгцлэх болно. Ингэхдээ уул уурхайн салбарын татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй. Харин уул уурхайн орлогын хуваарилалтыг боловсронгуй болгох замаар тухайн ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас орон нутагт төвлөрүүлж буй орлогын хэмжээг зохистой түвшинд нэмэгдүүлэх бодлого баримтална.
Бизнес эрхлэгчдийн харилцаа зөвхөн дотоодод бус гадаад улсад өргөжин тэлэхийн хэрээр тэдгээрийн үйл ажиллагаа илүү цахимжиж, цахимаар гэрээ хэлцэл байгуулах, цахим баримт ашиглах, цахимаар төлбөр тооцоогоо гүйцэтгэх хэлбэр нь түгээмэл болж байгаа ч энэхүү цахим баримтын хэрэглээг татварын хууль тогтоомжид тусгаагүй нь бизнес эрхлэгчдэд хүндрэл үүсгэж байна. Иймд Монгол Улсын татварын албаны үйлчилгээг бүрэн цахимжуулах болно. Ингэснээр татвар төлөгч татвараа тайлагнах, төлөхийн тулд татварын алба, банкинд очих шаардлагагүй болно гэлээ.
Түүнчлэн, татварын хяналт шалгалтыг татвар төлөгчдөд дарамт учруулдаг бус урьдчилан мэдэгдэж, хамтран ажиллаж, зөвлөн тусалж, татварын хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлдэг болгоход чиглэсэн өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Татварын алба хүний хүчин зүйлээс хамаарсан бус бүртгэл, мэдээлэлд суурилж үйл ажиллагаагаа явуулдаг болно. Татвар төлөгч татварын албанд гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлүүлэх ажиллагаа нь олон дамжлагатай, бичиг цаас, зардал ихээр шаардсан ажиллагаа байгааг бид өөрчлөх болно. Түүнчлэн, татвар төлөгчийн гомдлыг хянан шалгах хугацаа нь хэт богино байгаагаас сайтар хянагдаагүй, хугацаанд баригдсан шийдвэр гарах эрсдэлтэй тулгарч байна. Иймд Татварын маргаан таслах зөвлөлийг нэг шаттай болгох, татвар төлөгчийн гомдлоос хамаарч хэрэг хянан шалгах хугацааг уртасгах эрх зүйн боломжийг бүрдүүлэх болно. Татварын хариуцлага, торгуулийн харилцааг шинэчлэх цаг аль хэдийн болсон. Татвараа нуун дарагдуулсан этгээд татвараа тайлагнасан боловч хугацаанд нь төлж чадаагүй этгээдээс бага торгууль төлөхөөр байгаа нь тэгш бус байдал үүсгэж байна. Иймд татвараа тайлагнасан боловч хугацаанд нь төлөөгүйн төлөө ногдуулдаг торгуулийг хүчингүй болгох зэргээр хуулийн өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Нөгөөтэйгүүр, татвараас зайлсхийхэд л эрүүгийн ял авч, шоронд хоригддог одоогийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай.
Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн бариад буй Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэрхэн шийдвэрлэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.
Татварын тогтолцоо нь улс орны эдийн засгийн хөгжил, хувь хүн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг, өмчийг хамгаалаад зогсохгүй нийгмийн үнэт зүйл, хүсэл эрмэлзлийн тусгал байх ёстой. Энэ тогтлолцоо нь шинэ боломжийг нээх, баялгийн хуваарилалтыг зохистой түвшинд хүргэх, төрөөс нийгмийн өмнө хүлээсэн үйлчилгээгээ шуурхай, чанартай гүйцэтгэхэд чиглэх ёстой гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.