Categories
мэдээ цаг-үе

Хорь буриад зон

Этнографийн дурсамжууд)

Баавай ижийнүүдийнхээ байгуулж босгосон гавьяат үйлсийг үргэлжүүлж, Баян-Дадал нутгийнхаа ногоон хүрмэн ой, Агац-Балж-Ононгийнхоо номин хөрсөнд үндэстэй бүхнийг ургуулж үхэр малаа өсгөн өрөм зөөхэй дэлгэн, өргөн түмнээ дайлж байгаа нутгийн зон олондоо, аз жаргал, амжилтын дээдийг ерөөж сэтгэлийн хадаг өргөнөм. Ардчилллын хаалга нээгдсэн 1990-ээд оноос хойш, үг унасан худал хуурмагт бүдрэлгүй үр бүтээлтэй ажиллаж, анх санаачилсан “Алтаргана” наадмаа 2014 онд Монгол түмнийхээ нэгэн адил амжилтаар угтаж, үдэж, дэлхийн Монгол туургатан ахан дүүсээ урьж 20 дахь жилдээ зохион байгуулсан Дадалчуудын маань алдар Тэмүүжин Чингисийнхээ тоонот нутаг Дэлүүн Болдогтойгоо тэнгэрээр дуурсан, тивээс тивд, сонин сэтгүүл интернэт, компьютер гэдэг цахим тархиар дамжин түглээ. Ажилсаг удамтай буриад хүвүүн ганцхан намар 700 тонн өвс хадан авч улсдаа тэргүүлж, саальчин басагад шар тарлан сементаль үүлдрийн үнээдээсээ жилд дунджаар 8 сая литр сүү сааж 800 мянган тонн цөцгий 500 мянган тонн тос боловсруулж гаргасан амжилтаа 2015 онд ахиулах найдвар дүүрэн байгаа гэдэгт итгэнэм… Би нутгаа боддог нутаг амьтай баавай нарын нэгээ. Наяын даваанд дөрөөлж явнам.

…Алагхан чулуутай

Агацын минь

Алтан хараацай миний болохоор

Адилхан энд амьдардаг

Араатан чоно нь ч манайх

Боргилон урсдаг

Балжийн минь

Борхон болжмор миний болохоор

Бойтог гуталтай буриадууд

Боольхой ч гэсэн манайх

Тодхон цэнхэр

Ононгийн минь

Тоотой бүхэн миний болохоор

Торгон дээлтэй басгадууд нь

Тоостой ч явсан манайх… гэж томоогүй танхай насандаа шүлэглэн дуулаад “голова болит” гэж хочлогдож байсан утга зохиол хянах газар гэгчид хураалгаж явсан гашуун үнэний түүх надад бий. Хан Хэнтий Дадал сум Дэлүүн Болдог гэдэг үгэнд Монгол түмний дээд өвөг Тэмүүжин Чингисийн сүр сүлд, хүч чадал тодорч байдаг гэж бодном. Дэлүүн Болдог тойрсон гурван цэнхэр нууранд цагаахан хунгууд зунжингаа зугаалан, зарим нь би энэ нуурын зэгсэн дунд дун цагаан өндөг болон төрж үржиж, бойжсон билээ гэх шиг ганганан дуулахыг сонссон ангир, урт халбагар хошуугаараа шар улаан орхимжоо ярж, цээжээ маажиж суух шиг харагддагсан… Баян-Дадал сумын бага сургуульд баавай намайг хөтөлж аваачин оруулахад Амгалан багш А үсэг дагуулаад азаргатай адуу гэлтэй 35 үсэг ар араас нь цувуулан самбар дээр жирийлгэж, алсын моринд мордуулсан шиг эрдмийн замд хөтөлсөн юм. Баавайн барьсан дүнзэн байшингийн дээвэр доохнуур, алт гэмээр шаргал улаахан өвчүүтэй алтан хараацайнууд үүрээ засаж өндөглөн дэгдээхэй болгон өсгөж дэлхийд нисгэдэг. Ижийн саадаг үнээдийн хашаа саравчин дээхнүүр, баавай ахай нарын нуруулдаад хашсан хашааны модон шургааг дээгүүр борвилоонууд (бор шувууд) жирийлдэн сууж, сурагч багачууд бидний тоглож наадахыг харж их театрын үзэгчид алга ташицгаах шиг жийг, жууг гэлцэн жиргэн дуулж, жаахан далавчаа дэрвэлзүүлдэгсэн. Унаган бага насанд маань багшаас эхлээд баавай ижийнүүд маань байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах эрдмийг эн тэнцүүхэн зааж, мойл жимсийг агаарт дүүлэн тэмүүлж ургуулсан моддын салаа мөчир, шинээс нь аяархан барьж мултлан авч идвэл амттай байдаг юм. Жигүүртэн шувуудын үүрийг өлгийтэй жаахан дүү нарынхаа өлгий шиг санаж, өндгөнд нь сүүдрээ ч тусгаж болохгүй гэж сургамжилдаг байлаа. Энэ сургааль үе дамжин үргэлжилсээр байна.

Өвгөн сэтгүүлч миний өгүүлээд байгаа Дадал сум 1925 онд Хан Хэнтий Бурхан Халдуны хормой дэрлэн хойморт нь байгуулагдаж, анхны галаа асаасан түүхтэй. Далайн түвшнээс дээш 800 метрийн өндөрт орших энэ нутгийн хорь буриадын үрс, ёс журмаа дээдлэн ёохор бүжгээ хатиралдаж амар тайван аж төрж сууна. Дэлхий дээр 20 гаруй Монгол угсаатан байдаг. Үүнээс зургаан сая хүн бидний ярилцдаг Монгол хэлээр харилцдаг гэсэн судалгаа гарчээ. Тэмүүжин Чингисийн төрсөн нутаг Дадал сумын хүн амын 90 гаруй хувийг хорь буриадууд эзэлдэг Бүрэн Эрхт Монгол улсад 50.000 гаруй буриад зон байдгийн ихэнх нь Хэнтий аймгийн Баян-Дадал, Биндэр, Батширээт, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Цагаан-Овоо сумдад Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Булганы Тэшиг, Хөвсгөлийн Ханх, Цагаан-Үүрт тархан суурьшдаг ажээ. Миний тоонот нутгийн хорь буриад айлын уяанд хоёр чихийг нь ижилсүүлэн хурцалсан гэмээр шовх, хүзүү нь цэн тогорууны хүзүүрхүү урт, мундаа сэрвээ нь мундаг өндөр, ташаан дээр нь аягатай айраг тавьсан ч асгарч цалгихааргүй уужим том, тоомсог гэмээр морьд мөнгөн эмээлтэй, толгой хаялан зогсож эмээлийн урд бүүргэнд нь үйсэн бүрээстэй хул шаргал ташуур, эздийнхээ бэл бэнчин илтгэх шиг тодорч харагдана. Урт дүнзэн байшингаас уужим буриад нутгийн аялгатай уянга дуун цуурайтаж буриад, буриад гэх шиг буурал хөвч цэнхэртэн байдаг юм. … Хойт хориос ирсэн, хорь буриад! Оросоос ирсэн орон “нутаггүй” оргодлууд? гэгдэж хуучин түүхийн шарласан хуудсанд бичигдэж явсан баавай нарын нэгэн миний баавай Дамбын Дашболхой байлаа. Хуудас цаас бузарлаж, будлиантай цагийн тоос шороо ухалгүй, үнэн түүхийн өчүүхэн хэсгээс өгүүллээ. Баян-Дадалын нутаг, Байгалийн тансаг диваажин, Агацын дэнжид Дашболхойн хоёрдугаар хүү болж анх намайг мэндлэхэд тосч авсан, торго шиг зөөлхөн тоонот нутаг Баян-Дадал сумын Сантхаан өндөр Агацын гол майхан хотонд манайх байлаа. Төрсөн тоонот нутаг минь энэ. Миний баавайн баавай Дамба гэдэг өвгөний олонд алдаршсан нэр нь Ольооно гэгддэг байсныг ой ухаан орсон цагаасаа би мэддэг болсон юм. Тэр үед миний хөгшин баавай надад Ооли гэдэг нэр өгснийг… Боргио Балжаар цуутай Болхойн Дагва гэж “цоллуулж” явсан авга ах минь хэлж билээ.

Миний баавай, ахайнууд:

…Мөнгөтэй эмээлийн чимэг

Хул зандан ташууртай

Мөнгөн хэт нь товойсон

Хурц “магардаан” хутгатай

Хатан ёохорын дуулиант

Хорь буриадын үрс байлаа… Тийм ээ! Түүхэн үнэнийг бичиглэгч би жаахан “хадуураад” баавайг, ижийнхээ өмссөн зүүснээс өнгөцхөн зураглая.

-Миний баавай

Хурганы арьсаар хийсэн

Хун цагаан малгайтай

Шилүүс, чонын арьсан

Содон энгэртэй, дээлтэй

Гунын шөрмөсөөр шагласан

Гурын хүзүүн бойтогтой

Дадал-Баянаар нутагтай

Дамбын Дашболхой байлаа.

-Миний ижий

Хэмжээ нь сайхан таарсан

Хээтэй торгон уужтай

Хэвийн юм шиг тохирсон

Халиун, залаат малгайтай

Чухал үнэний төлөө

Шулуун шударга зантай

Чин санаа ариухан

Чимидийн Рэгзмаа явлаа…

Тийм ээ! Баавай ижийн минь өлгий Баян-Дадал сум, буриад зоноороо бахарханам.

Манай нутгийн басагад, хүвүүд ачтан буурал ижий нараа “амьд бурхад” гэж хүндэтгэн хүндэлдэг. Өглөө үүрээр босч үнээдээ саахаар ижийнүүдийн гарахад гаршуулж нутагшуулсан сементаль үүлдэрийн шар тарлан үнээд нь улаан лууван гэлтэй урт сайхан хөхнөөсөө сүү дуслуулан угтдаг юм. Басгадаа дагуулан сургаж, үнээдээ саасан ижийнүүд сүүгээ машиндаж цөцгий зөөхий гарган цагаан тос болгон борвио бохисхийхгүй ажилласаар малынхаа хашаа хороо цэвэрлэн байшингийнхаа залгаа барьсан сарай саравчиндаа орж, аарцаа шүүн бүрхээрээ тавьж тогоогоо нэрнэ. Баавай нарын балгадаг бүлээхэн нэрмэлийн охь гарган шилэн домбонд хийж доохнуур нууцгай газар хадгалж, зоорьлоно. Ингэж ажлаа амжуулдаг ижийнүүдийн ажилсагт атаархмаар… Миний эрвээхэй багахан насандаа анх харж эрхэлсэн элгэн садан буриад зон, ахан дүүс, ахуй нутаг минь энэ минийх. Дамбын Дашболхой, Дадал-Баяндаа зартай хурдан адуу морьдтой байлаа. Баян “тарганаа” дуудуулж баалуулдаг байсныг тэр үеийн тэнхлүүн өвгөд хөгшид мэднээ! Аавын адууны удам, адтай хурдан морьд, азаар надад заяасан юм. Тиймээс би энэ тухайд омогшин бичиж, дуулахыг хүсдэг билээ!

…Баян-Дадал-Хэнтийгээсээ

Бойтог гуталтай мордсон би

Богдын хүрээ – Улаанбаатарт

Буриад гэж “цоллуулав”

Монгол түмний дуу хоолой

Монголын радиод ажилласаар

Даяар олны наадамд

Даагаа түрүүлгэж “даналзав” гэхчлэн бичнээ…

Би буриад!

Цуутай Чингис өвгийн цусан ургийн үргэлжлэл миний баавай буриад!… Баян-Дадалын буриад. Өвгөн буурал баавай, ижий минь үе удмаа дамжин, эдийн дээд хадгаа идээнийхээ дээж сүү, цайгаа өргөн, шүтэн биширсээр ирсэн Сантхаан өндөр хайрхан миний сэтгэл зүрхэнд мөнхрөн торойж тодорсоор байна. Би тавхан настайдаа “тэнгэрт- гарсан гэж наян насны даваан дээр гартлаа одоо ч гэсэн бодсоор явнам. Номхон алаг мориндоо, хөгшин баавайтайгаа сундалдаж Сантхааныхаа овоонд гарч харахад зуслангийн маань улаан дүнзэн байшин тэртээ доор шүдэнзний хайрцаг шиг жаахан харагдаж, Жараахай жаргаадаг Агацын гол минь цэнхэртээд алтан хараацай хормой доохнуур жиргэлдэж, шуугийн баясан байж билээ. Жил жилийн хавар яргуй түрүүлэн дэлгэрч, Хангай хөвчийн “тахиа” гэж өвгөдийн ярьдаг хур шувуудын наадам Сантхаан өндрийн ар өврөөр эхэлдэг юм. Намар болоод ирэхэд буга урамдаж лимбийн эгшиг шиг дуун цуурайтаж ар тайга алтан дээлээ өмсдөг. Баян-Дадалын уулсаар 24 салаа эвэртэй буга дүүрэн байдаг. Онон-Балж-Агацын голоор зуссан 2-3 метрийн урт том тул загас зун эргэж ирнээ гэх шиг сүрэглэн Номхон дөлгөөн далай зорих аяллаа эхэлдэг юм. Баавай нарын ярилцдаг үгэнд олон салаа эвэртэй онгон бугын дуудаж, дуулахыг сонсохоор ирсэн хүнд буга хэлжээ… -Чи миний дууг үнэхээр сонсохоор ирсэн бол зуу насална! Намайг агнаж, алахаар ирсэн бол миний эвэрийн насыг наслаж ганцхан жил наслаарай гэдэг юм шүү дээ гэж хэлдэг юм гэлцдэгсэн. Ингэж байгаль дэлхий ан амьтдаа хайрлан хамгаалж, залуустаа зөвлөдөг дурсамж домог яриад Баян-Далалын баавай нар зохиодог байлаа. -Баян-Дадал сумын ард зон, баавай ижийнүүдийн шүтээн нэг ёсны диваажин болсон Сантхаан өндрийн дээгүүр цагаахан хунгууд эргэлдэн нисэж дууладан байсан 2014 оны 7-р сард сумын төвд Дэлүүн Болдогийн дэнжид хун шувууд шиг “хүн шувууд” ёохор хатиралдан дуулалдаж байсан цаг сэтгэлд ургаж байна… Буриадууд хун шувуун гарвалтайв гэж ярьдаг аль эрт галавын тотемтэй ястан үндэстэн билээ. Баян-Дадал сумын хорь буриад зоны анх санаачилж эхлүүлсэн “Алтаргана” наадам 20 дахь жилээ Сантхааны өвөр Баян-Дадал суманд болсныг дэлхийн чих сонсож, таван тивийн улс гүрэн мэддэг болжээ… Дадал сум дэлхийд тодорч торойсоор байна. Айдаа миний алдрайхан насан алтан өлгий Сантхаан! …Сантхаан хайрхан Баян-Дадалын буриад зон бүрийн шүтэж биширдэг уул юм. 1923 онд хуралдсан Буриад-Монголын хурлын газраас Олон голын буриад хошууг анх үүсгэн, 1924 онд хошууны төвийг Дадал сумын Чулуут булаг гэдэг газар Матвей гэдэг орос наймаачны байшинд 1925 онд 2044 буриад хүнтэй 39137 малтай байгуулж даргаар нь Д.Дунгаржидыг томилсон тухай түүхэнд бичигдэхээс өмнө Дадал сумын араар урсдаг Балж голын хойно Агацын голд Сантхаан уулын өвөрт “Сантхаан” сум байгуулж байсан баримт байдаг… Уулс, уулсаа харж урьдын түүхээ ярилцдаг биз гэж бодогдохоор. Тэмүүжин Чингисийн төрсөн Дэлүүн Болдогоос зүүн хойшоо харахад Сантхаан! цэнхэр уулсын дундаас сүндэрлэн харагддаг юм. Энэ хайрханы хормойд эзэн Чингисийн эр хоёр загал төрсөн гэсэн домог яриа одоог хүртэл яригдсаар байдгийг судлууштай. Манай түүхийн тулгуур бичиг Монголын нууц товчоонд гардаг уул, ус, далан Балжууд, Найман шарга морьдын унаган цагаасаа ууж байсан ус, унгалдан тоглож байсан дов толгод гээд дэлхийд зартай Онон мөрөн орчлон хорвоогийн тоосыг арчин энд урссаар байна. Цадиг түүхэнд мөнхөрсөн Сантхаан өндрийн хормой дэрлэн мөнх ногоон модтой уулс, мөргөлчид гэлтэй ар араасаа цувран, энэ хайрханы зулайг илбэж байна уу гэлтэй замбуулингийн салхи оргилоор нь эргэдэг. Бүжиглэж явсан насандаа би тэргэл сартай намуухан шөнө тэрлэгээ нөмрөөд Сантхааныхаа нөмөрт унтаж явлаа. Хуучны ном сударт урьдынхаа эс танивал хойчийг үл ойлгомуу гэсэн үгс дурайж байдаг. Хорь буриад түмний өвөг Баргабаатар Бөртэ Чонын хүү юм. Баргабаатарын отгон хүү Хорьд, Байгаль далайгаар нутаглаж байсан гэдгийг түүх судлаачид нотлож 25 сая жилийн түүхтэй 636 км урт, 1637 метр гүн дэлхийн давсгүй цэвэр усны 22 хувийг эзэлдэг Байгаль далайг хорь буриадын өлгий тоонот нутаг гэдэг. Монголын нууц товчоонд Хорь түмэдийн зарим хэсэг 10-р зууны үед Бурхан Халдунд нутаглахаар ирсэн тухай өгүүлдэг гээд түүхэн баримт хөөгөөд байвал түүх гүйцэгдэхгүй, түүх түүхийдэхгүй нь үнэн билээ. Настан буурлууд дурсамжаа баян, насан багачууд мөрөөдлөөр баян гэсэн үг буй. Аав хүү хоёрын хөлсний үнэр ялгахын аргагүй ижилхэн гэж манай баавай ярьдагсан. Үр ач нараа өсгөж, өвгөдөө үргэлжлүүлж яваа Баян-Дадал сумын хорь буриад ахан дүүс минь үнэнийг баталгаажуулж, үнэнгээр хөдөлмөрлөн 90 жилийнхээ ойг амжилтаар угтана гэдэгт эргэлзэх зүйлгүй бат итгэнэм. Баян-Дадалын залуустаа баавай ижийнүүд шигээ бардамхан алхацгааж, холыг харж хорвоог туулъя гэж уриалнам. Би Баян сумнаасаа бойтог гуталтай Дадалаасаа даалимбан дээлтэй гарч он цаг гэдэг хурдан хүлгийн нуруун дээр дарцаглан давхисаар наян насны даваа давахаар дөхөж явна. “А” үсэг заалгасан багш аав ээж, ард түмнийхээ дэмжлэгээр Алтан Москва үзэж Америк, Канадаар зугаацаж Бээжин Солонгосоор аяллаа. Буриад удмаа дагаад урагшилцгаая гэж үе тэнгийнхнээ ч уриалъя. Унаган нутагтаа уулс болж мөнхөрсөн баавай ахайнууд, ус мөрөн болж мэлмэрсэн шиг ижий, эгчнүүд Баян-Дадалдаа Сантхаан, Баян-овоо цэнхэрхэн Агац сэрүүхэн Балж-Онон маань билээ. Ум сайн амгалан орштугай.

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч,

яруу найрагч Дашболхойн ДАМБАДАРЖАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *