Categories
мэдээ нийгэм

“Онлайн эрх чөлөө” олон улсын хурал Монголд болох гэж байна

Тавдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн сайд нарын тавдугаар бага хурал болох гэж байна. Уг хурал болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Гадаад хэргийн яаманд Бага хуралд зориулсан бэлгэдэл, вэб хуудас, “Insider” сэтгүүлийн тусгай дугаар, “Онлайн эрх чөлөө” сэдэвт шуудангийн блок марк, Монгол Улс дахь интернэтийн эрх зүйн орчин сэдэвт судалгааны ажлыг танилцуулах ёслолын ажиллагаа боллоо.

Монгол Улс энэ жил “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаа тул Гадаад хэргийн яам, Мэдээллийн технологи, шуудан, харилцааны газар, Мэдээллийн Технологийн үндэсний парк, “Торгоны зам сан”, “Цахим өртөө холбоо” зэрэг төр, засгийн газрын болон иргэний нийгмийн байгууллагууд, харилцаа холбооны салбарын компаниуд хамтран өргөн хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байна.

Ази тивд анх удаа болж байгаа энэ бага хуралд 60 гаруй орны төр, засгийн газар, хувийн хэвшил оролцох бөгөөд түүний дотор “Google”, “Mozilla”, “Twitter” зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниуд, ЮНЕСКО, ЮНИСЕФ болон Азийн сан, Амнести интернэйшл, “Human Rights Watch”, “Дижитал Партнерс глобаль” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллагын төлөөлөл гадаад, дотоодын 300 гаруй хүн оролцохоо албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэх бөгөөд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Ази тив дэх интернэт орчин, сайн туршлага” сэдвээр илтгэл тавина. Хоёр өдөр үргэлжлэх бага хурлыг хааж, УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэх ажээ.

Хүний үндсэн эрх болох үг хэлэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, эвлэлдэн нэгдэх, нэр төр, хувийн нууцаа хамгаалах, нийгмийн амьдралд оролцох эрхийг цахим орчинд хамгаалах, баталгаажуулах, интернэтийн найдвартай, хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилготой “Онлайн эрх чөлөө” хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жилийн хувьд Монгол Улс даргалагч орноор оролцож байгаа бөгөөд “Интернэтийн бодлого: Онлайн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих шилдэг арга туршлага” сэдвийн дор “Чөлөөтэй, найдвартай интернэт, Цахим технологийн хөгжил ба ил тод байдал, Онлайн орчин дахь хувь хүний нууц ба ил тод байдал” зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэх гэж байна.