Categories
мэдээ нийгэм

Татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулах тухай” А/350 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Татвар төлөгчдийн өдрүүдийг ирэх сарын 11-ний өдрөөс 15-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, нийслэл, дүүргүүдийн бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулсан тэргүүний татвар төлөгч, аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулан урамшуулж сурталчлах, татварын тухай хууль тогтоомжийг иргэд олон нийт, ирээдүйн татвар төлөгчдөд сурталчлан таниулах, нийслэлийн төсвийн зарцуулалтыг татвар төлөгчдөд тайлагнах ажлыг зохион байгуулахыг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, нийслэлийн Татварын газарт үүрэг болгов.

Татвар төлөгчдийн өдрүүдээр зохион байгуулах үйл ажиллагааны болон тэргүүний татвар төлөгчдийг шагнаж урамшуулах, сургалт, сурталчилгааны ажилд шаардагдах зардал болох 37 сая 85 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гарган санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-т, Тэргүүний татвар төлөгчдийн үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст, нийслэлийн хэмжээний татвар төлөгчдийг оролцуулсан “Дэлхийн хот-Улаанбаатар” татвар төлөгчдийн өдрүүдийн нээлтийн арга хэмжээг нийслэлийн Татварын газартай хамтран зохион байгуулахыг Улаанбаатар чуулгад тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *