Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул суманд энэ сарын 18-нд гарсан түймэр унтраагүй байгаа талаар орон нутгийн эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, одоогийн байдлаар тус сумын Бурхантын даваа, Ульханы баруун талаар түймрийн гал мод руугаа орсон байдалтай байгаа аж. Түймрийг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын аврах тусгай гурван бүлэг Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн бүлэг өдөр шөнөгүй ажиллаж буй юм байна.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутагт гарсан түймрээс хамгийн их хохирол амссан нь Баян-Уул сум. Хоёр долоо хоног орчим үргэлжилж байгаа энэ түймэрт Онцгой байдал, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, нутгийн ард иргэд гээд нийтдээ 400 шахам хүн дайчлагдан ажиллаж байгаа тухай урьд нь мэдээлсэн билээ. Баян-Уул сумын нутагт Дорнод аймгийн ойн нөөцийн 80 орчим хувь байдаг ч ойн сав бүхий газар нэлдээ шатаж байгаль экологид маш их хохирол учраад байгаа аж. Нэгэнт хүчрэхгүй байгаа галаас айл хунар, хүн зоноо хамгаалахыг зорьж, тойруулан цурам татах ажлыг хийж байгаа ч түймэр хүрээгээ тэлсээр л байна.