Балбад газар хөдөлж, түүний улмаас Эверест рүү авирч байсан олон уулчин амиа алдсан таагүй явдлын талаар манай сайт өчигдөр мэдээлсэн. Харин Монголоос явсан хоёр уулчин маань эсэн мэнд байгаа талаар түүний шерпа Вончу мэдэгдэж, улмаар Б.Цэвээндаш утсаар бидэнд өчигдөр 22 цагийн үед (Улаанбаатарын цагаар) зурвас илгээсэн юм.
Тэрбээр “Бид 6400 метрийн өндөрт гурав хонолоо. Энд газар хөдлөлт болоод уулын цас мөс, хад чулуу нураад олон уулчид, нутгийн шерпа нар бэртэж, амь насаа алдсан. Үнэхээр харамсалтай юм боллоо. Өчигдөр бид дээшээ авирах төлөвлөгөөтэй байсан боловч шууд зогсоож хойшлууллаа. Одоо би 5200 метрт Эверест кэмпэд бууж ирээд мэдээ явуулж байна. Одоогоор бүх зүйл хэвийн байна” гэсэн юм.
Б.Цэвээндаш цааш нь “Одоо ууланд маш их цас орсон байна. Гурав хоног тасралтгүй цас орж, манантай хүйтэн байна” гээд ” зам тааруу байгаа тул төлөвлөгөөт авиралтаа 4-5 хоногоор хойшлуулсан” гэв.
Харин Монголчууддаа хандаж тэрбээр “Санаа бүү зовоорой. Бид сайн байна” хэмээн дамжуулсан юм.