Монголын үнэт цаасны арилжааны зах зээлд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос гаргасан гомдлын дагуу ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан тус холбооны удирдлагууд болон брокер, дилерийн 15 компанийн төлөөллийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр брокер дилерийн компанийн төлөөллүүд Хөрөнгийн бирж татвар, хураамж, шимтгэлийнхээ хэмжээг хэт өндрөөр нэмж байгаа, давамгай байдлаа буруугаар ашиглаж гэрээ байгуулдаг, үнэт цаасны арилжааны компаниудын нэр хүндэд нь халддаг, үндэслэлгүйгээр үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг талаар мэдээлж уг асуудлыг шалгаж өгөхийг хүслээ.
Үнэт цаасны арилжаа эрхлэгч компаниуд жил гаруйн өмнөөс ШӨХТГ-т хандаж байгаа боловч ямар нэг үйлдэл хийгээгүй учраас энэ асуудалд анхаарлаа хандуулж өгөхийг ШӨХТГ-ын шинэ удирдлагаас хүссэн байна.
Үнэт цаасны арилжааны компаниуд бизнесийн өөр төрлийн үйл ажиллагаа явуулах хориотой байдаг боловч томоохон банкууд брокер дилерийн компаниуд байгуулан хөрөнгийн зах зээлд хүч түрэн орж ирж байгаа нь Хөрөнгийн биржийг анх байгуулагдсан цагаас 20 гаруй жил ажиллаж байгаа компаниудын хувьд шударга бус өрсөлдөөнийг бий болгож байгаа талаар уулзалтын үеэр яригджээ.