Categories
мэдээ цаг-үе

“Өдрийн сонин”-д цонхоо нээх заяа байна уу

Хорин жил хаяа залгаж байсан гэмгүй хөрш минь нэг л өглөө суурь ухуулаад манай “Өдрийн сонин”-ы бүх цонхыг таглаж барилга бариулаад эхэлчихсэн. Сэтгүүлч бид хоорондоо ч ярьж чадахгүй тийм их чимээ шуугиан дунд ажлаа хийж, цонхоор шавар, шороо орж ирээд үнэндээ хүнд нөхцөлд нийтлэл, сурвалжлагаа бэлтгэх болсон. Одоо бид байгалийн гэрэлтүүлэггүй, цонхоороо салхи ханатал оруулах боломжгүй, орчин тойрондоо чухам юу болж байгааг харж чадахгүй хэцүү байдалд ажиллаж байна. Бид эл байдалтай эхнээс нь л эвлэрээгүй учир “Астра буйлдинг”-ийн хууль бус үйлдлийг зогсоохыг хүсч холбогдох бүхий л байгууллагуудад нь хандаж, “Цонхоо нээе” төрийн бус байгууллагыг хүртэл байгуулсан. Барилгаа жаахан цаашлуулчихаач, хууль дүрмээ баримтлаач, бид эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхтэй улс шүү гэдгээ мэдэгдсээр ирсэн. Энэ асуудлыг анхааралдаа авч, шийдэх ёстой бүх шатны байгууллагуудад нь бид дүрэм журмынх нь дагуу гомдол хүсэлтийг удаа дараа хүргүүлж, зарим газрынх нь босгыг элээх дөхсөн.

2014 оны аравдугаар сарын 2-ны өдөр Нийслэл Мэргэжлийн хяналтын газарт үүсээд буй нөхцөл байдлыг товч тодорхой танилцуулан гомдол гаргаж эрх хэмжээнийхээ хүрээнд шалгаж, холбогдох зөрчлийг арилгаж, барилгын ажлыг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг хүссэн. Гэтэл сар гаруй хүлээлгэсний дараа тус газраас Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт “Өдрийн сонин”-ы цонхнуудыг хааж барьсан барилга нь тодорхой дүрэм журмыг зөрчсөнийг тогтоож, хууль бусаар баригдаж буй “Астра буйлдинг” барилгын зураг төслийг дахин хянаж зөрчлийг арилгахыг мэдэгдсэн юм. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар уг бичгийн хариуг заасан хугацаанаас нь хэтрүүлэн хариу явуулсан.

Ерөнхий төлөвлөгөөний газар “Тус орон сууцны барилгын захиалагч болох иргэн Л.Зундуй, “Астра интернэшнл” ХХК, барилгын ажил гүйцэтгэгч “Тэлмэн констракшн” ХХК дур мэдэн барилгын байршлыг батлагдсан эх загвар зураг, төлөвлөснөөс урагш шилжүүлэн барилга угсралтын ажил эхлүүлсэн байна. Иймд дээрх дурдсан зөрчилд холбогдох арга хэмжээг авч ажиллана уу” гэсэн хариуг НМХГ-т илгээсэн. Бид нэг байгууллагаас нөгөө байгууллагад нь албан бичиг зөөсөөр цаг алдсан. Нэг газарт нь гомдол, хүсэлт гаргахаар хуулийн хугацаандаа хариу өгнө гэдэг. Хуулийн хугацаа нь дуусаад ирэхээр “Одоо шалгаж, хэмжилт хийнэ” гэдэг. Хэмжилт хийхэд бас хуулийн хугацаатай. Ингэсээр байтал өвөл ч болж, “Астра буйлдинг” гэх 12 давхар барилгыг өдөр шөнөгүй барьсаар босгочихсон. Биднийг ийн хууль, дүрэм журмын дагуу хариугаа хүлээж байхад зэргэлдээх барилгын ажил ямар хурдан, цаг наргүй үргэлжилсэн гэж санана.

Хуулийн хугацаа гэдэг нь хууль бус барилгыг хурдан барьж дуусгахад зориулагдсан хугацаа мэт л байсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяр нар явуулсан гомдлын дагуу шалгалтыг цаг тухайд нь шуурхай хийж, хууль бус ажлыг зогсоохын төлөө зүтгэсэн бол байдал өнөөдөр өөр байх байсан даг. Эцэст нь манай сонин шүүхэд хандчихаад байна. Мэргэжлийн хяналтынхнаас сураг дуулах нь ээ хууль бус гэдгийг нь мэргэжлийн байгууллагууд нь тогтоочихоод байхад “Астра буйлдинг” барилгыг Улсын комисс хүлээгээд авчихсан гэнэ.

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны оршин суугчид ямар аюултай нөхцөлд орж, гэр орноосоо хөөгдчихөөд, буудлын тохь муутай өрөөнүүдэд чихэлдэн зуугуул маягаар хоргодож байгааг та бид орой бүр зурагтаар харж байгаа. 16 дугаар байранд үүсээд буй энэ нөхцөл байдал манай хажууд хууль бусаар баригдаж буй “Астра буйлдинг” барилга дээр давтагдах аюултай. Энэ барилгад амьдрахаар орон байр сураглаж, оффис үйлчилгээний чиглэлээр талбай түрээслэх гэж зорьж буй хүмүүс хохирох вий гэж сэтгэл эмзэглэнэ.

“Астра интернэшнл” гэх энэ компанийнхан өөрсдийгөө нэг том даргын ивээлд байгаа гэдэг. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэг шиг аливаа зүйл хугацаатай. Ямар ч том дарга хугацаа нь болбол буудаг. Та бүхнийг далавчаараа хамгаалж байгаа том дарга тань ч ялгаагүй хугацаа нь дуусахаар нисээд л явчихна. Харин Монголын шүүх хугацаагүй. Дарга явангуут л шүүх ажиллаж эхлэн үнэн, зөвийг тогтоогоод өгчихнө шүү дээ. Нэг нь ч гэсэн юмтай болог дээ, шүүхдээд юу хийнэ гэх хүмүүс мэр сэр дуулдах. Нэг хүн юмтай болохын тулд бусдынхаа эрх ашгийг ноцтойгоор зөрчин цонхыг нь хааж, агаар салхи амьсгалахгүй болгож, эрүүл бус орчинд байлгана гэж байх уу. Бидний толгойд гялгар уут углаад, нүд таглаад “Одоо амьсгал” гэж байгаатай агаар нэгэн. Энэ хавьд эрүүл аюулгүй байдалд ажиллаж амьдрах ёстой гэдэг стандарт зөрчигдөөд удаж байна.

“Өдрийн сонин” зөвхөн өөрсдийнхөө цонхыг нээлгэхийн төлөө тэмцэлддэггүй. Бидэнтэй ижил нөхцөл байдалд орж хаана, хэнд хандахаа мэдэхгүй байгаа иргэддээ зам чигийг нь гаргаж өгч, хууль бус барилгын ажлыг зогсоолгохын төлөө хамтдаа тэмцсээр байгаа билээ. “Цонхоо нээе” төрийн бус байгууллагын явуулдаг “Цонхоо нээе” хөдөлгөөнд олон иргэн нэгдэж, зөрчигдөж байгаа эрх ашгаа хамгаалуулахын төлөө сэтгэл зүрхээрээ хамт байдаг юм. “Өдрийн сонин” хэвлэгддэгээрээ л хэвлэгдэж, мөнхөд л уншигчидтайгаа байх учир энэ мэт хууль бус үйл ажиллагаатай тэмцсээр “Цонхоо нээе” хөдөлгөөнөө ч үргэлжлүүлсээр байх болно.

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 байрны иргэдэд ямар хүнд, хэцүү нөхцөлд сэтгэл түгшин амьдарч байгааг бид яс махандаа тултал мэдэрч байгаа, ижил зовлонтой хүмүүс. “Өдрийн сонин”-д цонхоо нээх заяа байна уу хэмээн халаглан өгүүлж болох ч бидний шударга үнэний төлөөх тэмцэл зогсохгүй, шүүхийн байгууллага ч хугацаагүй ажилладаг учир үнэн хэзээ нэгэн цагт ялна гэдэгт итгэнэ.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *