Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан ойн түймэр гамшгийн хэмжээнд хүрээд байгаатай холбогдуулан түймрийн голомт дээр дайчлагдан ажиллаж байгаа цэргийн албан хаагчид, онцгой байдлын албаныхан, сумдаа хамгаалж буй ард иргэдэд хоол хүнс, эд материалын тусламж үзүүлэх хандивын аян салбарт бүрд өрнөж байгаа.
Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Залуучуудын холбооноос “Боорцог” аяныг зохион байгуулж байгаа юм байна. Тэдний аянд тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид, залуу багш нарын зөвлөл, Хүнсний технологийн дээд сургуулийн багш оюутнууд нэгджээ.Мөн Хан-Уул дүүргийн ЗДТГ түүний дэргэдэх хэлтэс албадуудын ажилтнууд 3000-5000 төгрөг хандивлан боорцог хайрах тос бусад орцыг бэлтгэн өгсөн байна.
Аянд нэгдсэн залуус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас ирүүлсэн 2 тонн гурилаар боорцог хайрч байгаа аж. Одоогоор 60 шуудай боорцог хийсэн бөгөөд өнөө өглөө зүүн гурван аймгууд руу илгээсэн байна.