Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол хүний дайсан нь монголчууд өөрсдөө байдаг

Уржигдар орой Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт буюу IIIхорооллын “Ачлал” их дэлгүүрийн ард байрлах 16-р байранд цууралт үүсч, байшин нурах шинжтэй болсон тул байрны бүх оршин суугчдыг гадагш нь гаргасан мэдээлэл цацагдав. 49 өрхийн 178 иргэнийг “Эрхэс” зочид буудалд байрлуулахаар шийд­вэр­лэж тэр хавийн газрыг цагдаагийнхан хамгаалалтад авсан байлаа. Гэхдээ иргэд буудал руу явалгүй, нурахад бэлэн болсон орон сууцаа харан сольж өмсөх хувцас, хүүхдийнхээ коршинк, гар компьютер… гээд гартаа барьж болох бүхнээ бариад бөөгнөрөн зогсоцгоосон байв. Газар хөдлөлт, цунамигийн дараахь үеийн дүр зургийг энэ орой ийнхүү харлаа.

Нийслэлийн нэгэн орон сууц ийм аймшигтай байдалд орсон эхний шалтгаан бол “Би Жи Би Жи” гэж компанийн зүгээс энэхүү есөн давхар орон сууцанд тулгаж 18 давхар барилга барихаар маш гүн нүх ухсан нь өнөө орон сууцных ньхундааман доогуур бараг оржээ. Ингээд хөрс нь суларч, гулгалт үүсч, байр тэр чигээрээ няр хийн унах байдалд хүрчээ. НЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга С.Отгонгэрэл “Энэхүү шинээр баригдах барилга нь 18 давхар орон сууц гэж зураг төсөл нь гарсан гэсэн. Тэгэхээр Барилга хот байгуулалтын яамнаас зөвшөөрөл олгосон гэсэн үг. Мөн хотын захиргаанаас зөвшөөрлөө авсан юм билээ” гэсэн нь төр бүх зөвшөөрлийг нь өгчээ гэсэн үг. Онцгойнхны зүгээс “Хөрсөнд суулт өгсөн байх магадлалтай хэмээн таамагласан учраас ийм урьдчилсан арга хэмжээ авч байна” хэмээн мэдэгдлээ. Ихэд зөөлрүүлсэн мэдээлэл бол энэ. Бодит байдал дээр юу болсон гэхээр “Гэртээ байж байтал гэнэт газар хөдөлж байгаа мэт чичирхийлж хананд цууралт үүссэн. Ер нь манай байр өндөр эргийн эрмэг дээрх барилга болсон. Хэн ч харсан айдас төрмөөр. Өнгөрсөн жилээс эхлээд хууль бус барилгыг бариулахгүй гэж бид хэчнээн тэмцээд ямар ч амжилт олоогүй. Нийс­лэл, дүүрэг, мэргэжлийн хяналтын байгууллагууд бүгдэд нь хандсан ч бүх бичиг баримт нь ном дүрмээрээ байгаа гэсэн хариулт өгсөөр эцэстээ ийм байдалд хүрлээ” гэж тус байрны лифтчин Ш.Бямбасүрэн ярьж байгаа юм. Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогийн мэ­дээлснээр бол “Одоогоор 16 дугаар байранд нарийвчилсан дүг­нэлт хийх шинжээчдийг томилоод байгаа. Мөн уг барилгыг хүчитгэн шинэчилж, хүмүүс амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ” гэжээ. Өөр нэг албан эх сурвалж болохоор “Барилгын дэргэд ухсан нүхийг буцаан бөглөж, есөн давхар орон сууцны ханыг бататгаж бэхэлнэ” гэв. ”Хүчитгэн шинэчилнэ, амар тайван амьдруулна”, “Нүхийг нь бөглөж, ханыг нь бэхэлнэ” гэнэ ээ. Үүдний амбаар янзлах гэж байгаа биш, жорлонгийн нүх бөглөх гэж байгаа биш. Хүчитгэн шинэчилнэ гэхээр цуурсан хэсгээр нь төмөр барьж гагнах юм уу.Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн үгс гэж үүнийг хэлэх байх. Одоо байрны иргэд амар тайван амьдарч чадах уу. Айдас нүүрлэсэн амьдрал тэдэнд нүүрлэчихээд байна шүү дээ. Иргэдийн ганц хөрөнгө нь тэр орон сууц. Одоо зочид буудалд байгаа, ах дүү нарынхаараа тарсан тэр олон хүн ажлаа тараад хаанаа очих вэ, хэдэн өдөртөө төрөөс буудалд байрлуулах л байх. Тэгэсгээд мартаж хөсөр хаяна. Монголын өнөөдрийн төр ийм л зан араншинтай байгаа.

Шөнө унтаж байгаад орон сууцтайгаа сүйрэх шахсан энэхүү аймшигт байдал юуг харуулж байна гэхээр Монголд танил тал, авлига байхад цаана нь хүний амь нас юу ч биш болсныг харуулж байна. Мөнгө олох гэсэн төрийн албан тушаалтан бээр иргэдийнхээ амь насны баталгааг мөнгөөр худалдсаны тод жишээ. Нэг шөнө босоод ирэхнээ есөн давхар орон сууцных нь доо­гуур ухаад хаячихсан хүмүүс нь монголчууд өөрсдөө л байгаа болохоос хятадууд, оросууд, солонгосууд, америк­чуу­­дын хэн нь ч ухаагүй бай­гаад учир нь байгаа юм. Мон­гол Улсынхаа 244 иргэний амьдралыг орвонгоор нь эр­гүүл­чихээд сууж байгаагаа гарын үсэг зурсан дарга, газар ухсан компанийн захирлын хэн нь ч бодохыг хүсэхгүй байгаа байх. Одоо энэ бүгдийн ард мэдээж нэг төрийн ажилтны нэр, компанийн захирлын нэр дуулдах байх. Яг мөн чанараараа бол монгол хүнд монголчууд нь өөрсдөө дайсан болсон үндэстний эмгэнэл өнөөдөр туйлдаа хүрч байгаагийн нэг жишээ л энэ юм.

Монгол хүний дайсан нь монголчууд өөрсдөө болсон энэ мэт жишээ та бидний эргэн тойронд өдөр тутам өрнөж байна. Жишээ нь “Өдрийн сонин”-ы байрыг мөргөх шахан баригдсан өндөр барилга байна. Энд мөн л монгол хүний мөс чанар, нэгнийгээ хөнөөдөг чанар явж байгаа юм. Хорь гаруй жил гэмгүй сайхан хөрш явсан нөхөд маань “Өдрийн сонин”-ынхныг нэг зун амраад ирэх хойгуур бүх зөвшөөрлийг нь ямар нэг байдлаар аваад, “Өдрийн сонин”-ы цонхнуудыг хаагаад байшин барьчихсан сууж байгаа юм. Хорин жил мөр зэрэгцэж явсан хөрш минь “Өдрийн сонин”-ыг насан турш нь нар харах эрхгүй, машин тавих нөхцөлгүй болгочих нь гэж яаж бодох билээ. Анхандаа итгэхгүй “Биднийг хэн ингээд хорлочихов” гэсэн эцэстээ хөршүүд минь л танил талаа ашиглаад дайсагнасан байдаг. Нэг монгол мөнгө олох гээд нөгөө монголдоо дайсагнадаг ийм жишээнүүд цааш олноор үргэлжилнэ. Одоо бүр хэрээс хэтэрч байх шиг байна. Оюу толгойг хэн зогсоосон юм бэ. Хятадууд уу, оросууд уу, аль эсвэл америк, канадууд юм уу. Аль нь ч биш гэдгийг Риогоос олон улсад цацсан мэдээллээс харагддаг. Тэд дэлхийн томоохон мэ­дээл­лийн сувгуудаар “Мон­гол­чууд хоорондоо учраа олох­гүй байгаагаас Оюу тол­гойн далд уурхайн төсөл зогсчихоод байна” хэмээн өнөөдөр ч мэдээл­сээр бай­гаа. Монголын төрд байгаа хүмүүс л бие биедээ дай­сан болсноос энэ төслийг зогсоосон нь өнөөдөр жирийн иргэн ч мэдэх болж. Таван толгойг хар. Гаднаас чулуу шидээд энэ толгой явахгүй байгаа юм уу? Үгүй гэдгийг бид тодорхой харж байна. Хоорондоо л үзэлцсээр байна шүү дээ. Н.Алтанхуягийн Засгийн газрыг АН-ынхан л хоорондоо дайсагналцаад унагасан биз дээ. Засгийн газар солигдоод юу сайжрав. Энэ мэтээр цаашид мөн ч олон жишээг дурдаж болно.

Зөвхөн Монголдоо л ийм байдаг гэхээр бас тийм биш юм билээ. Америкийн муж хот бүхэнд амьдарч байгаа үндэстнүүд өөрсдийн хо­рооллыг бий болгосон байдаг. China town, Russian town, Korean town, Georjia town гээд Америкийн хот бүхэнд бий. Тэд яагаад өөрсдийн үн­дэстний хорооллыг бай­гуул­­даг гэхээр өөрсдийн ол­сон мөнгийг өөрсдийн элэг нэгтнүүдийнхээ хийсэн бүтээсэн бүхэнд зарцуулах гэж, нэг нэгнийгээ дэмжиж амьдрах үүднээс тэгдэг. Америкийн нийгэмд өөрийн үндэстний эдийн засгийг бий болгож байгаа нь тэр. Тэдний байгуулсан дэлгүүр, ресторан, зо­­чид буудал, сургууль, цэцэр­­лэгт шар арьстнууд ордоггүй тэд өөрсдөө л үйлчлүүлдэг. Тэр бүү хэл тэнд өөрийн үндэстний хотыг байгуулчихсан улсууд бий. Тухайлбал Сан-Франциског хятадуудын хот гэдэг, бүр хотын даргаар нь өнөөдөр хятад хүн ажиллаж байна. Гэтэл монголчуудын хо­роо­лол тэнд яагаад бий болдоггүй юм бэ. Шалтгаан нь монгол нь монголоо хор­лодог, дайсагнадаг, гайгүй яваа нэгнийхээ эсрэг хор­лон сүйтгэх ажиллагаа явуул­дагтай холбоотой. Тэнд нэг жижиг цайны газар монгол хүн ажиллуулахад орой нь монголчууд очиж архидаад, зодолдоод, асуудал үүсгэж өнөө газрыг нь хаалгачихдаг. Жижиг цайны газрыг ингэж түйвээдэг хүмүүс бүхэл бү­тэн хорооллыг дуусгана. Яг л өнөөдөр төр засгаараа тог­лож байгаа шиг томоохон дайсагналцлын талбар бол­но. Нийслэлийн гудманд нэг нь ТҮЦ ажиллуулаад гайгүй бай­на гэхээр тойруулаад 100 ТҮЦ барьж хамтдаа дам­пуурц­гаадаг шиг өнөөдөр монголчууд бие биенээ татаж унагасаар, дайсагнасаар өдөр хо­­­но­­гийг өнгөрөөж байна даа.

Ийм зан араншинтай мон­гол­чуу­дын ухамсарт найдаж, итгэж бүтэх ажил гэж байхгүй. Тийм болохоор яс тас стандарт тог­­тоож, хуулийг хатуу чанд сахисан, бие биенээ хүндэтгэж хайрласан нийгмийг цогцлоох ёстой. Энд шударга гэдэг үгийг орхих хэрэгтэй. Энэ бол худлаа үг. Хуулийг давсан шударга ёс гэж хэзээ ч байдаггүйг амьдрал харуулж байна. Хатуу байж л хүний нийгэмд дэг журам тогтож, хууль журам хэрэгждэгийг хөгжсөн улс орны түүх бас харуулж байна. Монголд ийм л нийгэм тогтож байж монгол хүний дайсан нь монголчууд өөрсдөө байдаг тэр байдал үгүй болно гэдгийг эрдэмтэн мэргэд хэлж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *