Швейцарийн Ньон хотод зохиогдсон Аваргуудын лигийн хагас шигшээгийн сугалаа хөлбөмбөгийн балиашигуудад асар их сонирхол татахуйц хоёр хос тоглолтыг “бэлэглэлээ”.
Тавдугаар сарын 6, 7-нд эхний тоглолтоо хийх эдгээр хосууд нь “Барселон”-“Бавари”, “Ювэнтүүс”- “Реал” Мадрид хэмээн сугалааны шоонд буулаа. Өнгөрөгч жилийн долдугаар сард гараанаасаа хөдлөхдөө Европын хөлбөмбөгийн холбооны 53 улсын 77 багийг багтаан эхэлж байсан 23 дахь удаагийн Аваргуудын лигийн тэмцээн ийнхүү хэн нь хэн бэ гэдгээ харуулах хариуцлагатай шатандаа тулж ирлээ. Яах аргагүй энэ цаг үеийн дөрвөн “хүчтэн” шалгарчихсан байхад тэр нь энэнээсээ илүү хэмээн “их мэдэх” илүүц тул зөвхөн үзүүштэй, харууштай, урамтай сайхан тоглолт үзэх бизээ хэмээн хүлээн суух л үлдэж байх шиг. Эдгээр хосуудын тоглолтуудаас “Барселон”- “Бавари” Мюнхен гэсэн хослол арай л илүү анхаарал татаж байна. Хоорондоо аль нэгнийгээ хольж сольж “цус холилдсон” энэ хоёр баг сүүлийн хэдэн жил хөлбөмбөгийн ертөнцөд моод тогтоогчид нь болоод удаж байгаа. “Барселон” хоёр жилийн өмнө Германы багт яг энэ шатанд нийлбэр дүнгээрээ 7:0-ээр хожигдож арчуулж байсан гашуун дурсамж бий. Тэр үеийн ба өнөө цагийн “Барса”-гийн хооронд тоглолтын бүрэлдэхүүн, тоглох тактикийн хувьд нэг их өөрчлөлт ороогүй ч гэлээ нэгэн том дэвшил бий. Тэдэнд сүүлийн үед багийн хамт олныхоо салшгүй нэг хэсэг болтлоо уусч чадсан Суарес, Неймар хэмээх хоёр том шинэ хүч бий. Гэхдээ нөгөө талд нь“Барса”-г бүхнээс илүү мэдэх Гвардиола, дэлхийн аварга болоод үзчихсэн баахан залуус нэмэх нь Левандовски, Гетце гэсэн бас л “аймаар” баг зогсож байгаа .“Реал”-“Ювэнтүүс”-ийн тоглолт гэлээ өөрийн гэсэн онцлогтой. Энд шилдэг хамгаалалтын эсрэг шилдэг довтолгоо тоглох гэж байна. Эцэст нь тавдугаар сарын 14-нд ямар хоёр баг нь финалд үлдэх бол гэдгийг үзэх үлдлээ.