Categories
мэдээ улс-төр

Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах журам баталлаа

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам”, Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, дүрэм, Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн аманд “Цэцгэн эрхэт Ловон бурханы цогцолбор хөшөө” байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НИТХ-ын 2014 оны 24/03 тогтоолоор “Улаанбаатар-орон сууц сангаас төрийн албан хаагчдад урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ыг баталсан. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам”-ыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав.

Уг журамд нийслэлийн харьяа төрийн байгууллагын төрийн албан хаагч нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн Ажлын алба, нийслэл, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, хэлтэс, алба, нийслэлийн өмчит төсөвт байгууллага, нийслэлийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийслэл, дүүргийн эмнэлэгт ажиллаж буй төрийн албан хаагчид хамрагдах боломжтой.

Журмаар тогтоосон нийтлэг шаардлага нь:

  • Нийслэлийн харьяа төрийн байгууллагад 3-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
  • Ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангаж, үр дүнтэй хэрэгжүүлдэг байх
  • Тухайн ажлын байранд цаашид тогтвор суурьшилтай ажиллах, ёс зүй, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй байх
  • Худалдан авах орон сууцныхаа зээлийн урьдчилгаа төлбөрийн 50-иас доошгүй хувийг бүрэн төлж барагдуулах чадвартай байх
  • Ипотекийн зээлд хамрагдах нөхцөл, шалгуурыг хангасан байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг журамд тусгажээ.

Эдгээр шаардлагыг хангасан төрийн албан хаагч Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцнаас сонгож урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах хүсэлтээ ажил олгогчдоо гаргах бөгөөд ажил олгогч “Улаанбаатар – Орон сууц сан”-д хандах юм. “Улаанбаатар – Орон сууц сан”-аас ажил олгогчид квот өгсөнөөр төрийн албан хаагч, “Улаанбаатар – Орон сууц сан”, банк хамтран гурвалсан гэрээ байгуулах юм.

Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн удирдах хорооны үйл ажиллагааны дүрэм баталлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Амины орон сууцтай Улаанбаатар”-ыг бий болгох зорилт, “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”ын дагуу Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийг удирдах зохион байгуулах үүрэг бүхий Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, дүрмийг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.

Төслийн удирдах хороо нь дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд иргэдийн төлөөлөл, хувийн хэвшлийн төлөөлөл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч, Захирагчийн ажлын алба, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газын төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэй байх юм.

Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийг удирдах хороо нь иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулах төслийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг зохицуулах, газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны явцад төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үндсэн зорилго бүхий хурлын байгууллага юм.
Уг хорооны үйл ажиллагааны дүрмийн дагуу Иргэдийн санаачилгаар боловсруулсан төсөл хэрэгжүүлэх талбарыг батлах, Төслийн талбарт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих инженерийн болон нийгмийн дэд бүтэц, инженерийн бэлтгэл арга хэмжээ, батлан хамгаалах, аюулгүй байдал, гамшгаас хамгаалах барилга байгууламжийн жагсаалт гаргах, Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанд иргэдийг мэдээлэл сургалт, сурталчилгаагаар хангах, иргэдийн бүлэг зохион байгуулагдахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, шаардагдах төсөв төлөвлөгөөг баталж, санхүүжилтийн шийдвэрлэх юм.

“Цэцгэн эрхэт Ловон бурханы хөшөө” байгуулна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн аманд “Цэцгэн эрхэт Ловон бурханы цогцолбор хөшөө” байгуулах тухай шийдвэр гаргалаа. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцуулав.

Нийслэлчүүд Богдхан уулын Чандманы амыг эртнээс Хийморийн овоо хэмээн нэрлэж ирсэн. Иргэдийн шашин, соёлын уламжлалыг алдагдуулахгүйгээр сүрлэг шүтээн тахилын оронг байгуулах, үйлчилгээ бий болгох, мод ургамал тарих, ойжуулах, зам талбай байгуулах зэрэг орчин цагийн хөгжилд нийцүүлсэн ажлуудыг хийх замаар хөгжүүлэх, эзэнжүүлэх, хамгаалах шаардлагатай байгаа юм.

Энэ ч үүднээс дотоод гадаадын зочид, сүсэгтнүүдийн зорин ирэх “Цэцгэн эрхт Ловон бурхан”-ы цогцолбор буюу аялал жуулчлалын нэгэн төв байгуулсанаар энэхүү хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэж чадах төдийгүй түүх соёл, зан заншлаа сурталчлах юм. Цэцгэн эрхэт хэмээн нэрлэгддэг Бадамсамбуу бурхан нь цөвүүн цагийн хорлол бүхнийг амирлуулах, ялангуяа харийн аюулаас гэтэлгэхэд аньстай хэмээн монголчууд эртнээс шүтэж иржээ. Тиймээс Улаанбаатарчуудын сахин хамгаалах бурхан, хийморио бадраах шашин номын зан үйлийг ёсоор нь сэргээн мөргөлийн сүм, хүүхэд залуучууд ахмад настаны амарч зугаалах уламжлалт соёл орчин цагийн ногоон байгууламж хосолсон цогцолбор бүтээх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *