Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЦОНХОО НЭЭЕ: Үерийн далан дээр хууль бусаар барилга барих зөвшөөрөл олгожээ

Нийслэлийн онцгой комис­сын шийдвэрээр Баянгол дүүргийн арвандөрөвдүгээр хорооны 12 давхар 16 дугаар байр нь оршин суугчдыг ур­жиг­дар орой яарал­тай нүүл­гэн шилжүүлсэн талаар манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард ч бид нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжилж байсан. Тус байрны зүүн талд арваадхан метрийн зайд “Би жи би жи” компани 18 давхар орон сууцны барилга барихаар өнгөрсөн намраас ухаж эхэлсэн боловч хөрсний нуралт үүссэн юм. Тиймээс цаг агаар дулаарч, газар гэсч буй өнөө үед нурах эрсдэлтэй хэмээн нийслэлийн онцгой комисс үзсэн учраас ийн иргэдийг нь нүүлгэн шилжүүлэхээр болжээ.

БАЙРАНДАА УНТАЖ БАЙГАА ЮМ УУ ГЭСЭН ЧИНЬ БААРАНД БҮЖИГЛЭЖ БАЙЖЭЭ

Бид нөхцөл байдлыг газар дээр нь сурвалжлахаар уржигдар оройн 21 цагийн орчимд Баянгол дүүргийн арвандөрөвдүгээр хороо буюу “Ачлал” их дэлгүүрийн арын 12 давхар орон сууцны гадаа очсон юм.

НУРАХ АЮУЛД ОРСОН ОРОН СУУЦНЫ ИРГЭДИЙН “ИХ НҮҮДЭЛ”

Тус байр нь иргэдийн нэрлэж заншсанаар III хорооллын “Дэнжийн гурван өндөр”-ийн нэг нь юм байна. Байрны эргэн тойрныг цагдаагийн албан хаагчид хамгаалалтад авсан байсан бөгөөд оршин суугчдыг гаргаж байснаас бус хэнийг ч дотогш нэвтрүүлэхгүй байгаа харагдав. Цагдаагийн хамгаалалтын араар тэр хавийн оршин суугч болон түүгээр явсан иргэд гээд олон хүн цуглажээ. Гар утсаараа бичлэг хийж зогссон залуугийн хажуухан дахь залуухан эмэгтэй “Утасны цэнэг дуусчих юм. Тэгээгүй бол энэ бичлэгийг хийгээд фейсбүүкдээ тавьж “од” болохгүй юу. Ховор боломж алдлаа даа” гэвэл өөдөөс нь харан зогсох цагдаа “Чамд хүний зовлон тийм сайхан байна уу? Арилчихсан дотортой амьтан уу даа” гэвэл ойролцоох сандал дээр сууж байсан хижээл насны эрчүүд “Орох оронгүй хэд хонох хүмүүс хөөрхий гэхийн оронд бичлэгийг нь хийж зугаагаа хийнэ гэж ярьдаг хүн байдаг аа” гэцгээн өнөөх эмэгтэй рүү зэмлэсэн харцаар харав. Цагаан цувтай, дунд эргэм насны эрэгтэй байн байн утсаараа залгаснаа “Утсаа авахгүй юм. Арай утсаа унтраагаад өрөөндөө унтаад байна гэж баймааргүй юм аа” гээд санаа нь ихэд зовнисон янзтай тогтож ядна. Тэрээр тус байран дахь нэг өрөө байраа оюутнуудад түрээслүүлжээ. Төд удалгүй утас нь дуугартал өө ашгүй нөгөөдүүл чинь залгаж байна хэмээн утсаа авснаа ”Байна уу, Төрөө юу. Амгаа ах нь байна. Та нар өрөөндөө байгаа юм биш биз дээ. Байр чинь нурах гэж байна. Наанаасаа хурдан гар” гэснээ хэсэг ярихыг нь сонсож зогссоноо “Айн, дуулдахгүй байна чанга ярь. Юу, бааранд байна аа? Тэгвэл чамтай хамт Баагий байгаа юу” хэмээн асуув. Утсаар ярьсныхаа дараахан “Өө ашгүй. Утсаа авахгүй байсан юм, хоёр дамшиг чинь. Байрандаа унтаж байгаа юм байх гэсэн чинь утасныхаа дууг ч сонсолгүй бааранд бужигнуулж явсан байх нь. Одоо эртхэн харья” гэсээр машиндаа суулаа. Оршин суугчид байрныхаа ардхан талд зогссон том оврын автобусанд өмссөн хувцастайгаа сууж байлаа. Тэгтэл ээждээ хөтлүүлэн гарч ирсэн жаахан охин “Ээж ээ би цүнхээ авъя аа. Маргааш хичээлтэй шүү дээ” гээд эргээд гүйтэл ээж нь ухасхийн гарнаас нь атгаж авснаа “Болохгүй ээ, миний охин. Ээж нь маргааш гэр лүүгээ эрт гэгч нь ороод охиндоо цүнхийг нь аваад өгнө” гэсээр охиноо дагуулан автобусанд суув. Тэдний араас толгой дээрээ нэг нь гампанзаа, нөгөө нь шүхрээ дэлгэж барьсан залуус гүйн гарч ирснээ үүдэнд зогсож байсан цагдаагаас “Бид хоёр хаашаа гүйх үү” гээд ихэд сандрангуй асуутал цагдаа байрны ардхан талд зогсож буй автобус руу заав.

ХАМААТНУУД РУУГАА УТАС ЦОХИЖ, ЦАЙ АВЧРУУЛЖЭЭ

Зорчигчид нь дүүрсэн автобус төд удалгүй хөдөлж, ойролцоох “Эрхэс” болон зэргэлдээх “247”зочид буудлуудад хүргэсэн юм. Тэднийг дүүргийн онцгой комиссын гишүүд хуваарилан өрөөнд нь оруулав. Дийлэнх нь дөрвөөс таван ам бүлтэй өрх байсан учраас бүгд хоёр ортой нэг өрөөнд орцгоов. Харин зургаан тоотын оршин суугч Б.Хадхүүгийнхийг олуулаа байсан учраас хоёр өрөөнд тусгаарлаж оруулсан юм. Учир нь гэр бүлийн таван гишүүнээс гадна Эрдэнэтээс ирсэн нагац ах нь эхнэр, хүүхэд болон өндөр настай ээжийн хамт ирсэн аж. Нагац ах нь болох М.Даваажав цөсний хагалгаанд орчихоод Б.Хадхүүгийнд орж ирээд хэдхэн цаг өнгөрсний дараа тэд ийн зочид буудалд хүргэгдэн иржээ. М.Даваажав “Ойр дотно өссөн болохоор хотод орж ирэх болгондоо нагац дүүгийндээ ирдэг юм. Тэгтэл өнөөдөр эмнэлгээс гараад удаагүй байтал “Байр чинь нурах аюулд орсон гэнэ, түргэн гараарай” гэнгүүт нь өмссөн хувцастайгаа гараад ирсэн. Оройн хоол ундаа ч идэж амжаагүй. Тэгсэн өнөө орой хоол өгөхгүй гэнэ. Маргааш өглөөний цай өгнө гэсэн. Долоон буудалд амьдардаг хамаатныхаа дүү рүү утсаар холбогдож, 80 гарсан өндөр настай ээждээ аяга сүүтэй цай авчруулдаг юм билүү гэж бодоод сууж байна” гэсэн юм. Төд удалгүй бага ангид сурдаг болов уу гэмээр жаахан охиноо дагуулсаар хижээл насны эрэгтэй орж ирээд дүүргийн онцгой комиссын гишүүдээс өрөөнийхөө түлхүүрийг аваад шатаар дээш өгсөв. Тэрээр “Ажлаа тараад, охиноо өдөр өнжүүлэх бүлгээс нь авчихаад орж ирж байна даа. Ирэх долоо хоног хүртэл бараг гэрийн бараа харахгүй гэнэ үү. Саяхан л мэдлээ. Ажилдаа маргааш энэ хувцастайгаа явах болох нь дээ” гэв. Дөрвөн давхар “Эрхэс” зочид буудал 100-аад хүний багтаамжтай юм байна. Харин хажууханд нь байрлах “247” буудал нь нэг ор бүхий 10 өрөөтэй бөгөөд биднийг 22 цаг 30 минутын орчимд очиход найман өрөөнд нь оршин суугчдыг оруулсан гэх мэдээллийг ресепшин эмэгтэй өгсөн юм.Төд удалгүй гаднаас хар цувтай дундаж эргэм насны эмэгтэй орж ирээд “Танайх хэдэн өрөөтэй вэ, хэдэн хүн орсон. Би мэргэжлийн хяналтаас явж байна л даа” гэвэл ресепшин эмэгтэй “Арваас наймд нь хүн орсон. Бүгд нэг ортой. Хоёр хоёроор нь оруулсан” хэмээн хариулав. Тэгтэл өнөөх эмэгтэй “Аан за” гэчихээд гараад алхчихав. Бид араас нь дагаж гараад “Та үнэхээр мэргэжлийн хяналтаас явж байгаа юм бол ядаж өрөөнүүдээр нь ороод биечлэн шалгадаггүй юм уу. Ресепшин бол танд нэг ортой өрөөнд нь дөрвөн хүн орсон гэж хэлэхгүй нь ойлгомжтой гэвэл “Би өрөө болгоны үүдийг нь сөхөж үзэх албагүй. Хэдэн өрөөнөөс хэд нь хүнтэй байгааг тэртэй тэргүй ресепшин нь хэлээд өгчихөж байхад” гэсээр хэнэг ч үгүй яваад өгөв.

16 ДУГААР БАЙРНЫ АРДХАН ТАЛЫН ГАРААШНУУД НУРЖЭЭ

16 дугаар байр руу 11 цагийн үед бид эргэж очиход аль хэдийн хөл хөдөлгөөн татарсан харагдав. Бүх оршин суугчдыг байрнаас гаргажээ. Тус байрны зүүн хойно буюу “Би жи би жи” ухсан газрын ардхан талд Баянгол дүүргийн спорт цогцолбор баригдаж байгаа юм байна. Цогцолборынхоо суурийг цутгаж, дээш нь нэг давхар барьжээ. Тэнд барилга баригдахаас өмнө энэ хэсэгт хөлбөмбөгийн талбай байсан аж. Тус суурийн баруун талд арваадхан метрийн зайд нилээд хэдэн тоосгон гарааштай юм байна. Тэгтэл газар гэссэний улмаас эдгээр гараашийн хойд талынх нь гурваас дөрвөн гараашийн зүүн хана нурчихаж. Оршин суугчдын хэлж буйгаар өнгөрсөн хавар тус гараашууд нурсан бөгөөд 16 дугаар байр эдгээр гараашийн урдхан, нэг шугаманд шахуу байгаад тэд ихэд сэтгэл эмзэглүүлж байгааг тэд хэлэв. Мөн тэд “Манай байрны хажуугийн үерийн даланг “Би жи би жи” компани барилгаа барих гэж нураачихсан. Тэр далан бол нийслэлийн өмч. Нийслэлийн өмчийг эвдэж, сүйтгэж байхад хэн ч анхаардаггүй. Далангийн суурийн шороо нь сул учраас даланг нураасан чинь хөрсөнд нь нуралт үүсчихсэн. Бараг манай байрны доогуур ангал үүссэнээс гарцаагүй. Энэ учир байдлаа хорооноосоо сонгогдсон НИТХ-ын гишүүн, хорооны удирдлагуудад танилцуулахад “Естой анхааралдаа авлаа. Энэ асуудлыг тань шийдэж өгнө” гэчихээд таг болчихдог. Тэр нь өнөөдөр оршин суугчдыг булшлах хэмжээнд хүрчихээд байгааг та бүхэн нүдээрээ харж байгаа биз дээ. Баянгол дүүрэгт бол “70 давхар”-ыг л иргэдэд өгөх гээгүй юм бол өөр хуваарилах газар байхгүй шүү дээ” хэмээн ихэд бухимдангуй өөр хоорондоо ярилцацгааж байв.

Мөн тэд “Энэ барилгын зөвшөөрөл авахаасаа л залилан хийж эхэлсэн. Угтаа бол барилгын ажил явагдахад зураг төсөл дээр нь тусгагдсан 15, 21 дугаар байр бус түүнээс ойр орших 16, 22 дугаар байрны оршин суугчдын тав тух алдагдана. Тэр утгаараа 16, 22 дугаар байрны оршин суугчдад албан ёсоор хэлж, тайлбарлах ёстой. Тэгтэл эдгээр байр эскиз зураг дээр нь тэмдэглэгдээгүй. Биднийг зөвшөөрлийн бичиг сэлтийг нь үзье, гэхээр “Өө энэ газар нутаг танай 14 дүгээр хороонд ямар ч хамааралгүй. Газрын гэрчилгээн дээрээ 15 дугаар хороо гэж байгаа биз дээ” гэдэг. Эсвэл “Өө та нарт ямар ч падлийгүй. Зураг төсөл дээрээ 15, 21 дүгээр байр гэж байгаабиз дээ” гэж дунд нь замхруулж, хугацаа хожсоор байна. Бас “Гарма гаржүд үржин пэрэнлайлин” хийдийг IV хорооллын Л.Энэбишийн өргөн чөлөө гэж хүртэл тэмдэглэсэн. Ингэж явсаар нэг л мэдэхэд барилгаа ашиглалтад хүлээлгэж өгөх хугацаа нь тулчихна” гэцгээж байв.

ИРГЭДЭЭС САНАЛ АСУУХ НЬ БҮҮ ХЭЛ КОМПАНИЙНХАН

БАРААГАА Ч ХАРУУЛААГҮЙ ГЭНЭ

Ийнхүү үүссэн нөхцөл байдлын талаар Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Хэдхэн хоногийн өмнө 16 дугаар байрны зүүн хэсэгт хөрсний нуралт үүссэн учраас энэ тухай дүүргийн онцгой комисс нийслэлд танилцуулсан. Үүний дагуу нийслэлийн онцгой комисс иргэдийг шуурхай нүүлгэх шийдвэр гаргасны дагуу өчигдөр бүх оршин суугчдыг нүүлгэлээ. Одоогоор мэргэжлийн шинжээчид барилгын суурьт өөрчлөлт орсон эсэх, хазайлт өгсөн эсэхийг шалгаж байна. Иргэдийг дүүргийнхээ долоон зочид буудалд гурав хоногийн хугацаатай түр амьдруулж байгаа. Иргэдийн хоол унд, нүүлгэх зардал зэрэгт одоогоор дүүргийнхээ нөөц хөрөнгөөс 10 гаруй сая төгрөгийг зарцуулчихаад байна. Мэдээж буруутай этгээдээр нөөц хөрөнгөөс гаргасан мөнгөө нөхөн төлүүлнэ. “Би жи би жи” компани 2008 онд Засаг даргын захирамжаар энэ газрыг эзэмших эрхтэй болсон. 2014 оны хоёрдугаар сард газар өмчлөх эрхийг нь сунгасан. 2014 оны долдугаар сарын 22-нд Барилга хот байгуулалтын яамнаас 18 давхар, үйлчилгээний зориулалттай орон сууцны барилга барих зөвшөөрлийг олгосон. 16 дугаар байрны оршин суугч, дүүргийн газрын алба, дүүргийн Засаг даргын тамгын газар БХБЯ-наас олгосон зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүсэлтээ Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Барилга хот байгуулалтын яаманд удаа дараа хүргүүлсэн ч арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Уг нь ойр хавийнх нь оршин суугчдаас зөвшөөрөл авах ёстой ч тэгээгүй. Комиссын хурлаар “Би жи би жи” компанийн газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Цаашид энэ талбай дээр барилга барихгүй, харин суурийг нь хүчитгэж, нягтаршуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.Газар эзэмших эрхийг сунгасан, барилга барих архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон Ерөнхий төлөвлөгөөний газар, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон байгууллага, албан тушаалтанд мэдээж зохих хариуцлага хүлээлгэнэ” гэсэн юм.

Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадоржийн хэлснээр “Би жи би жи” компанийн зэмшлийн 3000 м.кв газрыг 2008 онд гарааш, үйлчилгээний зориулалттай ашиглана гэж байсан бол 2014 онд газар эзэмших эрхийг сунгахдаа 18 давхар орон сууц болгож өөрчилсөн аж. 2014 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн өмчийн харилцааны газар, мөн оны есдүгээр сард Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт тус газрын эзэмших эрх, тусгай зөвшөөрлийг цуцалж өгөх хүсэлтээ дүүргийн зүгээс холбогдох байгууллагуудад тавьж байжээ. Харин Ерөнхий төлөвлөгөөний газраас өнгөрөгч есдүгээр сард “Би жи би жи” компанид барилгын эзэмшиж буй газарт манай байгууллагаас барилгын ажил эхлүүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоогүй бөгөөд та бүхний нягталж өгөөч хэмээн явуулсан зөвшөөрлийг шалгалаа. Тус зөвшөөрөл нь 2014 оны долдугаар сарын 22-ны зөвшөөрөл нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах өөр компанийн барилгын зөвшөөрөл байна” хэмээн хариу ирсэн аж. Барилга хот байгуулалтын яаманд хоёрдугаар сарын 14-нд хандсан ч хариу ирүүлээгүй аж.

“Би Жи Би Жи” компани өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нд таван жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхээ сунгажээ. Гэрээн дээр нь 3000 м.кв газрыг гарааш, үйлчилгээний зориулалтаар ашиглана гэж тусгасан байдаг аж. Гэтэл өнгөрсөн есдүгээр сарын эхээр энэхүү газарт барилга барихаар газар шорооны ажлаа эхлүүлжээ. Орон сууцны дунд барилга байгууламж барихаар бол ойр хавийн оршин суугчдаас нь зөвшөөрөл авах ёстой гэсэн журмыг НИТХ-аас баталсан. Гэтэл тус талбайгаас 10 хүрэхгүй метрийн зайтай орших хоёр ч нийтийн орон сууцны оршин суугчдаас зөвшөөрөл авах нь бүү хэл тэдэнд албан ёсоор мэдэгдээ ч үгүй аж.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *