Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэл явган хүний алдсан замаа буцааж авна

Нийслэлийн иргэд явган хүний замыг хааж барьсан тухай олон гомдол нийслэлд ирүүлдэг. Энэ тухай арга хэмжээ авахгүй байгаа тухай ч сонин хэвлэлээр шүүмжилдэг. Зарим барилга зөвшөөрөлгүй, зарим нь хууль бусаар баригдсан баримт цөөнгүй бий. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл шүүхэд ханддаг боловч ихэнхдээ бүтэлгүйтнэ. Учир нь шүүх буруу шийдвэр гаргасан албан тушаалтантайгаа хариуцлага тооц гэсэн хариу өгч Засаг даргыг мухардуулдаг аж. Гэхдээ нийслэлд явган хүний зам хааж барьсан барилга, хашаануудыг буулгахад Нийслэлийн Засаг даргад шүүх, цагдаагаар гүйх шаардлага байхгүй аж. Тиймээс “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргажээ. Энэ захирамжаар бол нийслэлийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй нийтийн эдэлбэрийн газрыг 2015 оны тавдугаар сард багтаан чөлөөлөх ажлыг зохион байгуулах, чөлөөлөгдсөн газрыг тохижуулна. Хэрэгжүүлэх ажил зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газар хариуцна. Дээрх захирамжийн хэрэгжилтийн хүрээнд нийтийн эдэлбэр газрын ашиглалтад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг тухай бүр нь арилгуулна. Зохих зөвшөөрөлгүй газар дээр барилга байгууламж барьсан эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн этгээдийн газрыг үл маргах журмаар чөлөөлж гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ. Түүгээр зогсохгүй буруутай этгээдийг цахилгаан, дулаанаар хангасан байгууллага албан тушаалтанг хамсаатанд тооцно. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхэд нийслэлийн Өмчийн харилцааны газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Ус сувгийн удирдах газар хяналт тавина. Захирамжийн хэрэгжилтийг зургаадугаар сард багтаан танилцуулахыг дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгажээ. Ийнхүү нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл бүрэн эрхээ ашиглан хатуу захирамж гаргалаа. Маргаашнаас эхлээд захирамж хэрэгжиж эхэлнэ.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *