ХХАА-н сайд Р.Бурмаа, холбогдох албаныхан Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар суманд гарсан ой хээрийн түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна.
Энэ сарын 18-нд Дорнод аймгийн Дашбалбар хилийн застав, Баян-Уул сумын хилийн 0275-р ангийн Ульхан заставаар ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн. Өнөөдрийн байдлаар Баян-Уул сумын орчимд дэгдсэн ой хээрийн түймэр нэлээд томоохон бүсийг хамарч, Царам, Цагаан тэмээ, Зүрхний даваанд ой модондоо асаж байна. Харин Дашбалбар сумын түймрийг өчигдөр бүрэн унтрааж цурманд оруулсан гэсэн сайн мэдээ байна. Дээрх хоёр түймрийг унтраахаар нийслэлийн болон аймгийн онцгой байдлын алба хаагчид, цэргийн анги, нутгийн иргэд долоо хоногийн турш ажиллаж байгаа юм. Тэдний галтай тэмцэх хамгийн гол багаж нь үлээгч аппарат бөгөөд энэ нь шатахуунаар ажилладаг. Иймд аймаг, сумын нөөц сангаас гаргасан шатахууны нөөц дуусч, ШТС-уудаас зээлээр авч эхэлжээ. Бусдын тусламж, дэмжлэг хэрэгтэй энэ үед ХХААЯ-наас 18 сая төгрөгийн бэлэн мөнгө, хүнсний үйлдвэрүүдээс цагаан будаа, гоймон, овьёос, гурил, дөрвөн төрлийн малын эм бэлдмэл, бүтээгдэхүүний тусламж үзүүлж байгаад нутгийн иргэд талархлаа илэрхийлсэн байна. Одоо түймрийн нөхцөл байдал салхинаас хамаарч байна. Түймрийн голомт бүхий сумдад 25 метр секундийн салхитай байгаа тул хэдий цурманд оруулсан ч хилийн хэсгээр ОХУ-ын талд түймэр намжаагүй ой модондоо асч тул салхины аясаар байнга орж ирж байна. Тиймээс хилийн зурвас дээр галыг намжаах арга хэмжээ авч байна.